Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Элчин сайд Ш.Дүппелийг хүлээн авч уулзав

2017 оны 10-р сарын 25 өдөр, 17 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600 (2)

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппелийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Монгол, Герман хоёр улс эрт цагийн сайн харилцаатай бөгөөд бүр 100 жилийн өмнө германчууд Монголоос оюутан хүлээн авч сургаж байсан. Мөн БНАГУ гэж байх үед өргөн харилцаатай байсныг Элчин сайд уулзалтын эхэнд дурдлаа. Мөн хоёр талын ардчилал, эрх чөлөөний үнэлэмж ижил байдгийг тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хоёр талын хооронд хэдийгээр урт удаан түүхэн харилцаа байдаг ч эргээд харахад эдийн засгийн харилцаа бараг алга. Зээл, тусламж л яригддаг. Монгол Улсын эдийн засгийн харилцаа холбоог Европын холбоо, ХБНГУ-тай хэрхэн өргөжүүлж хамтран ажиллах вэ гэдгийг би бодож байна. Би Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн сайд байхдаа дагуул хотын төсөл боловсруулж, зураг төслийг Германы архитекторчоор хийлгэж байсан. Герман бол хот байгуулалт, дахин төлөвлөлтөөр дээгүүрт ордог орон. Саяхан зохион байгуулсан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган дээр би засаг захиргааны бүтцийг Улаанбаатараас гаргаж дагуул хот руу шилжүүлснээр энэ асуудлаас гарах боломжтой гэдгийг хэлсэн. Мөн ҮХАА-н сайд байхдаа нүүрснээс шингэн түлш гаргах талаар ажиллаж ТЭЗҮ-ийг хийлгэж байсан. Энэ талаар ХБНГУ тэргүүлэх байр суурьтай орон. Эдгээр ажлыг бид хамтарч үргэлжүүлэх нь чухал” гэлээ.

Элчин сайд Штефан Дүппел Хархоринд явуулж буй хоёр талын хамтарсан археологийн хайгуулын ажлыг Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ивээлдээ авч ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх чиглэлд хамтран ажиллахыг дэмжих нь чухал гэв. Мөн Налайхад байгуулагдан ирэх жил анхны төгсөлтөө хийх гэж буй Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль эх оронд нь өндөр мэргэшсэн инженерүүдийг бэлтгэж буй нь эдийн засгийн харилцааны нэг чухал хэлбэр болохыг Элчин  сайд онцолж байсан юм.Дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдсөн монгол ажилчдын ихэнхийг Германд бэлтгэсэн юм байна.

Тэрээр “Сайншандад удахгүй ашиглалтад орох гэж буй салхины эрчим хүч ашиглах паркийг анхнаас нь Германы тал дэмжиж ажилласан” гээд  Монгол Улс хараат бус, хүчтэй эдийн засагтай улс болоосой хэмээн хүсч буйгаа илэрхийллээ.

Гадагш түүхийгээр нь гаргадаг түүхий эдээ дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн эдийн засгаа тэлэхийн тулд өндөр технологи хэрэгтэй. Ийм өндөр технологи Германд байдаг. Өндөр технологиор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах боломж бий гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр онцолж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх