Италийн нэрт гэрэл зурагчин, яруу найрагч Паоло Соллаццо-гийн Монгол Улсын баруун таван аймгаар аялах үеэрээ авсан фото зургийн “MONGOLIA – Taccuino di Silenzi” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 10 дугаар сар 21-ний өдөр Ром хотын Пигорини (Этнографийн) музейн үзэсгэлэнгийн танхимд болов. Монголын онгон дагшин байгаль, цаг уурын онцгой нөхцөл байдал, хүмүүсийн аж амьдралын онцлогийг харуулсан 20 гаруй фото зургийг үзэсгэлэнд тавиад байна. Мөн тэдгээр гэрэл зургийг эмхэтгэсэн номыг үзэсгэлэн дээр мөн толилуулаад байна. Үзэсгэлэнг нээж Элчин сайд Ц.Жамбалдорж, Пигорини музейн Азийн үзмэрийн куратор Лоретта Падерни, уран бүтээлч Паоло Соллаццо нар тус тус үг хэлэв. Өвөрмөц арга барилаар авсан гэрэл зургуудын үзэсгэлэнгийн нээлтийг Монгол Улсаас Итали Улсад суугаа ЭСЯ-ны хамт олон, үзэгчид болох 100 гаруй хүн үзэж сонирхов.
Паоло Соллаццо-гийн “MONGOLIA – Taccuino di Silenzi” нь PX3 2017 – Prix de la Photographie Paris /Парисын фото зургийн PX3 2017 уралдаан/-нд алтан медаль, MIFA 2017 – Moscow International Foto Awards /Москвагийн фото зургийн олон улсын уралдаан/-ы шилдэг фото номоор шалгарсан байна.