“Ганц”-ын шувуу /тууж/

2017 оны 10-р сарын 18 өдөр, 09 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zahia

  II хэсэг

    Ирээдүйгээ итгэлтэйгээр харж чадах болсон энэ үед нь “Нэг нутгийнх” гээд хааяа мэндтэй явдаг, хянагч залуу:

-Би өөр анги руу шилжихээр боллоо. Эндхийн аж ахуй дээр манай Зүүнхараагийн нэг залуу байгаа. Түүнд чамайг захисан. Хэрэгтэй юм байвал тэр хүнд нэрэлхэлгүй хэлж байгаарай. Тэр хүн чамд тусалж чадна… гэжээ. Ийм яриа болсноос нэлээд хэд хоногийн дараа Отгоод  өөр газраас нэг “шувуу” иржээ.

    Өөрийгөө Эбо гэж танилцуулаад “Ахдаа хэрэгтэй юм байвал хэлээрэй…” гэсэн агуулгатай “шувуу”-г нутгийн ах нь нисгэсэн байлаа. Отгоо анх хоригдохдоо өөрөөсөө өөр  нэг ч хүний нэр мэддэггүй байв. Тэгвэл сарын дараа гэхэд “шувуу”-ны найзтай бас нутгийн ахтай болох нь тэр. Үүнээс хойш Отгоод өглөө бүр нутгийн ахын илгээмж, бас “шувуу”-тай хамт ирдэг болов. Ахын “шувуу”-ны агуулга арай өөр…

     “Эрэгтэйчүүдтэй битгий харилцаарай. Биеэ сайн бодоорой. Сэтгэлээр унаж болохгүй шүү…” гэсэн халамжийн цөөн үгтэй. Отгоогийн нутгийн ах буюу “Ганц”-ын аж ахуйн зөвлөл Эбог тэр хавьд танихгүй хүн байхгүй.

-Зөвлөлөөс хоол, “шувуу” аваад, чи ямар том юм бэ…

-Та хоёр яаж танилцсан юм бэ…

     Хүүхнүүд атаархлын маягтай иймэрхүү асуултыг зэвүүцлээ шингээн, ил чулуудах нь энүүхэнд…

    “Зөвлөл, зөвлөл…” гээд нэрийг нь ч хэлэхгүй шахам сүйд болцгоодог болохоор нь Отгоо нутгийнхаа ахыг “Ганц”-ын албан хаагч юм байна “ хэмээн боддог байв,

    … Өмөрч байсан сэтгэлийг нь нөхөж, өөдрөгөөр урагш алхах, амьд явах итгэл өгсөн Нямаад талархал илэрхийлэх сэн гэх бодол Отгоог ээрэх.

       Хоёр өрөөгөөр дамжин ирдэг “шувуу” нь заримдаа замдаа “буудуулна”. “Буу”-нд өртсөн бол ирэхгүй гэсэн үг. Шархадсан бол замдаа задарч, хамаг нууцаа алдаад арайхийж ирнэ. Нямаагаас нисгэсэн “шувуу”-ны зам бартаа ихтэй учраас ирэхээсээ ирэхгүй нь олон. Ийнхүү эрхээ хязгаарлуулан хоригдсон бүсгүй Нямаа, нутгийн ах хоёртоо “шувуу” нисгэсэн шиг өдрийг өнгөрүүлнэ.

     … Ер нь бол “Хэрэг хэрхэн шийдэгдэх бол”, “Эргэлтээр хүн ирэх нь үү”, “Байцаагч, өмгөөлөгч ирэх болов уу…” гээд хүлээлт, горьдлогоор дүүрэн өдрүүд ар араасаа хөвөрнө… Бас болоогүй ээ, “сайн” гэсэн болгоноор мэргэлүүлнэ. Аятайхан мэргэ буувал маадгар гэж жигтэйхэн. Тааруухан юм хэлбэл урвайж, хямарна… Хоригдож, тусгаарлагдсан бүх хүн иймэрхүү байдалтай өдөр хоногийн ард гарцгаах нь өрөвдөлтэй гэхээсээ илүүтэй харамсмаар…

    “Ганц”-ынхныг долоо хоногт дөрвөн удаа гадаа гаргана. Үүнийгээ “Нарлагаа” хэмээн их боловсон гоёор нэрлэвч үнэндээ бол юун нарлах. Гадаа 20 минут хэртэй зогсоно гэсэн үг. Уламжлал ёсоор нарлагаатай өдөр болохоор хүүхнүүд өглөө эртлэн босоод гоёж, гоодоцгоолоо.

     Өвлийн эхэн сарын цастай,  хүйтэн өдөр. Отгоо үслэг богино дээл өмсч, үсээ задгай тавиад гарчээ. “Бусдад муугаа үзүүлэхгүй, муухай харагдахгүй” гэсэн зарчим энд илүү хүчтэй үйлчилдгийг мэдсэн болохоор тэр жаягийг дагасан хэрэг.  Хүүхнүүд дотроо яах аргагүй хамгийн дэгжин бас царай зүс, нуруу туруу сайтай нь  Отгоо байлаа.

    Нарлагаанд гарсан хүүхнүүд нь ам уралдуулан буу хална аа. Арга ч үгүй биз. Тус тусдаа камерт цоожлуулаад бараагаа ч хардаггүй юм чинь. Танилцаад удаагүй хэдий ч хүүхнүүд хоорондоо их хурдан ойр дотно болно.

            – Чиний хэрэг яаж байна?

            – Гэрийнхэн чинь сайн уу?

            – Хайраатай болсон уу? “Шувуу”  олныг нисгэж байна уу?

            – Чи чинь зөвлөлтэй харилцаж байгаа гэл үү?

            Ийм яриа өрнөж байтал:

-Отгоог ээлжийн дарга дуудаж байна… гэх хэл иржээ.

     Нарлагааны талбай гэх хоёр том төмөр сараалжин хашааны хойд талд А корпус буюу таван давхар улаан байшин байх. Энд зөвхөн эрчүүдийг хорино. Ээлжийн даргыг дагасаар А-гийн нэг давхар руу ороод хажуу тийшээ эргэтэл нэг залуу зогсч байв. Нэлээд том, бадриун биетэй, 40 хэвийж яваа болов уу гэмээр насны эр муухан инээмсэглэснээ:

-Отгоо юу… Миний дүүгийн бие сайн уу… Хэрэгтэй юм юу байна… гэлээ. Тэрбээр Отгоогийн аав, ах нар гээд гэрийнхнийг нь сайн таньдагаа харуулах   гэсэн шиг бүгдийг асууж лавлав. Тэгснээ:

-Аавынхаа кабинаас салдаггүй  хөөрхөн охин байсан. Тэр нь чи байх… хэмээн танимхайрах хүн бол нөгөө нутгийн ах Эбо нь байв. Отгоо нэг их юм ярьсангүй, дуугүй зогсч байснаа:

-Намайг 26-д оруулаад өгч чадах уу… гэлээ.

Шууд ам нээсэнгүй. Жаахан бодолхийлж зогссоноо:

-26 чинь онцгүй камер шүү дээ. Наран талын тохилог өөр камерт орох уу … гэж Эбо зөрүүлж асуулт тавьжээ.

-Тэр камерт миний үеийн хоёр бүсгүй байдаг юм. Тэгээд л…

     Отгоогийн энэ хүсэлтийг Эбо дахин эсэргүүцсэнгүй. Дахин тайлбар зүүлт хэлэлгүй  шууд:

-За… гэж дуугарчээ.

     Үеийнхэнтэйгээ хамт байх гэсэндээ ч биш зовлонгийн газар бахардан бухимдаж байхад сэтгэлд нь гэгээ татуулж, ухаарал хайрласан Нямаадаа ойртож, дээд талын камерт орох гэсэн мөрөөдөл нь биелэх болсонд Отгоо: -Баярлалаа, ах аа… гээд Эбогийн хацар дээр шовхийтэл үнсчихэв.

     Тогонд цохиулсан мэт алмайрсан Эбо “Энэ бүсгүйд туслах ёстой хүн бол яах аргагүй мөн. Аавынх нь машинд сууж, мод ачиж, буулгаад мөн ч их явсан даа. Пунцаг гуайнх хэдэн хөөрхөн охинтой. Аавынхаа кабинаас салдаггүй байсан царайлаг охин нь энэ мөн дөө. Эдний ахтай нь  олон жил сайхан үерхсэн дээ” хэмээн бодоод бага зэрэг тайвширчээ.

     “Ганц”-ын зөвлөл гэдэг чинь албан хаагч биш адилхан хоригдол юм байна гэдгийг Отгоо тэр өдөр мэдэв. Тэгсэн атлаа өглөө, оройгүй:

-Юу хэрэгтэй байна… гээд хэрэгцээтэй гэсэн болгоныг өгч явуулдаг түүнийг дотроо өрөвдөж, өгч явуулдаг бүхэнд нь дахин баярлах шиг боллоо.

    Эбо амласан ёсоороо маргааш нь Отгоог 26 дугаар камерт оруулжээ. Хүүхнүүд шивэр авир гээд жигтэйхэн. Тэдний юу гэж хэлж, ярихыг тоохгүй. Отгоо сонсоогүй юм шиг өнгөрүүлнэ. Ийн зүтгэсний хүчинд Нямаагийн царайг “Ганц худаг”-ийн вагоноор харав.

    Дөрвөн ханаар тусгаарлуулж, үйл хөдлөл, үг хэлийг хүртэл хааж, боосон ч хүний ухааныг хязгаарлаж, бас хазаарлаж үл болдгийг Отгоо дэндүү сайн мэдэрчээ…

    Захиагаар харилцах, хоорондоо ярих, уулзах, тэр тусмаа эрчүүд, эмэгтэйчүүд бие бие рүүгээ эгцлэн харахгүй байх… гээд олон шаардлага тавина. Гэвч “шувуу” хэмээх өхөөрдөм нэртэй хайрын голдуу захиа хэзээ ч тасрахгүй. “Вагон” гэх цоорхойгоор  ярих, хэлэх бүхэн үндсэндээ чөлөөтэй. Тэр байтугай ундааны сав, уут, хайрцагтай хоол, цай ч “вагон”-оор дээш доошоо байнга сүнгэнэнэ. Хүн байгаа юм болохоор “Ганц”-д иймэрхүү  арга чаргаар амь зууцгаана…

     “Намайг сэтгэлийн үхлээс аварч, итгэл өгсөн энэ хүний ачийг яаж хариулах билээ…” Нямааг харснаас хойш Отгоогийн сэтгэл ийн хөндүүрлэх болов.

     “Энэ сайхан бүсгүй ингэж явах гэж. Хорвоо хатуу юм даа…” гэхээс Нямаагийн өр өвдөж “Болдог сон бол бүх хүсэл, мөрөөдлийг нь биелүүлж өгөх сөн…” хэмээн хоосон агаарт сайхан мөрөөднө. Яг ийм үед түүнд “Ганц”-ын хонгил дахь харанхуй даасан умгар өрөө улам давчуу санагдана… Тэмүүлэн байж бие биедээ ойртож очсоны дараа тэдний сэтгэлийн ачаалал ийн  нэмэгджээ.

    Отгоод өглөө бүр “усны” Цэвкэ залуу “шувуу “авчирч өгнө.

-Зөвлөлийн “шувуу”-ны хариуг заавал авна… гээд хариуцлагатай гэж жигтэйхэн. Отгоог ээрээд явахгүй. Эбо хэдэн оймс илүү элээснийхээ хувьд ийм хүнийг өөрийн шууданчаар томилохоо мэдэлгүй яах вэ…

   Өглөө, оройд эмэгтэйчүүдийн байранд ус түгээдэг эрэгтэй хоригдлыг Цэвкэ гэж авгайлдаг нь тэндхийн ёс.

     Цэвкэ залуу зөвлөлдөө үнэнч гэж жигтэйхэн. Отгоогоос  хариуг нь заавал авч байж явна. Тэрбээр шувуунаас гадна бас илгээмж авчирна аа…

    Нутгийн нь ах зөвлөл болохоор Отгоо, тэдний өрөөнийхөн дутуу юмгүй тансаглана. Гэвч энэ бүхэнд Отгоогийн сэтгэл хөндүүрлэнэ.  “Адилхан хоригдож байж хэл аманд орчих вий. Олдсоноо өөрөө амандаа хийхгүй нааш нь зөөгөөд… Эрчүүд чинь идэж, уух нь ахиу шүү дээ…” гээд.

  Энэ тухайгаа шувуундаа бичнэ ээ. Гэвч Эбогийн илгээмжээр явуулдаг зүйлийн нэр, төрөл өдрөөс өдөрт хасагдах биш улам нэмэгдээд байлаа.

 -Зөвлөл юм чинь юу л бол юу олно шүү дээ, зүгээр… гэж хүүхнүүд хажуунаас нь шордоход Отгоогийн дургүй ямар их хүрдгийг харамсалтай нь тэд мэдэхгүй. “Надаас ялгаатай нь өдөржин цоожлуулахгүй, хагас эрх чөлөөтэй буюу “Ганц”-ын хашаанд чөлөөтэй явдаг юм байна… Шүүхээс ял сонссон ч татаастай, танил талтай зарим нь эндхийн аж ахуй дээр үлдэж, ажил хийдэг…” гэдгийг Отгоо нэлээд хожуу ойлгожээ…

      … Цагдан хоригдсоноос хойш Отгоо чамлахааргүй хугацааг өнгөрүүлжээ. Нэг мэдэхэд төрсөн өдөр нь болсон байлаа. Өглөө босоогүй шахам байтал Нямаагаас төрсөн өдрийн мэнд, хэдэн ширхэг “Мишка” чихрийн хамт тээсэн “шувуу” иржээ. Байнга илгээмж  нь авч байдаг болохоор Отгоо хоёр “Мишка”-г нь Эбо ахдаа өгөхөөр халаасандаа хийлээ. Удсан ч үгүй дахиад төрсөн өдрийн бэлэг, “шувуу” барьсаар “Усны” Цэвкэ иржээ. Отгоо хадгалсан хоёр чихрээ Эбод өгч явуулав. Эбог орой байрандаа ирэхэд Цэвкэ залуу халаасанд нь явсаар хайлж, хэлбэр дүрсээ алдан, нялцайсан хоёр “Мишка” гаргаж өгчээ. Хэн нэгэнд туслах сан хэмээн бодож явснаас бус өөрт нь чихэр өгөх бүсгүй байгаа гэж Эбо зүүдлээ ч үгүй байна. Отгоогийн өгч явуулсан “Мишка”-г гартаа атган бодолхийлэхдээ “Хулгайч пацаантай харилцдаг…” гэх ховонд үл итгэхийг хичээвч өөрийн эрхгүй харамлаж, хардаад байгаагаа мэдэрчээ.

     … Зовлонгийн газар бэдэрч, бэтгэрч явахад нь “Дүү минь” хэмээн тусалж явдагт нь Отгоо жигтэйхэн баярлана… “Адилхан зовж яваа байж ах шиг минь ингэж бөөцийлөх хүн хаана байна?” гээд Эбогоор бахархана…

-Хэнтэй ч харилцаж болохгүй шүү… гэсэн ахын захиас Отгоог эмзэглүүлэвч Нямаад шувуу бичихгүй байж чадахгүй.

 “Түүнийг гомдоож болохгүй…  Миний зовлонг ойлгож, хүн ёсоор ханддаг бас  нэг алдаж, эндсэн аавын хүү… Ямар зарим хүмүүс шиг амьдарна, сууна. Хайртай, дуртай, хагацахгүй, салахгүй… гэж амьдралын том асуудлыг хөндсөн биш” хэмээн дотроо Нямааг өмөөрнө… Ийнхүү Отгоо заримдаа өөртэйгөө хүртэл зөрчилдөж байв…

      …Эбо анхны уулзалтаасаа хойш Отгоог дуудуулж, хэд хэд уулзлаа. Уулзалт бүрийн дараа Отгоод “Сайхан сэтгэлтэй, сайн ах…” гэхээсээ илүүтэй эр хүнийхээ хувьд таалагдаад  байгаа нь илэрхий болов.

      Гэгэлзээд, сэтгэл нь тогтож өгөхгүй нэг л сонин болжээ. Өөрөө өөрийгөө ч ойлгохоо болиход хүрээд байлаа.

      Нэг удаа мөн л Отгоог учир битүүлгээр дуудуулжээ. Дуудсан хүнийг дагаж алхсаар  очтол Эбо аж ахуйн хоригдлуудын эргэлтийн байранд сууж байв. Ойр зуурын юм ярьж суухдаа хөдөлгөөн бүрт нь анзаарагдах булчинлаг цээж, түүнийг улам тодруулах мэт донжтойхон хийсэн шивээс нь бас нухацтайхан мөртлөө зөөж ядсан юм шиг яриа нь Отгоогийн сэтгэлийг улам гижигдээд байлаа.

            “Насаар хамаагүй олон ах хүн шүү дээ…” гэж өөрийнхөө бодлыг төөрүүлэхийг хичээвч “Ийм нөхөртэй болчихоод үр хүүхдээ тойруулан суух сан” гэх дэндүү холын юм шиг мөрөөдөл нь эзэмдээд байв. Тэд харцаараа ойлголцож, хэн хэн нь хүлцэнгүй болсноо мэдэрч байлаа. Чичирхийлсэн хэрнээ гарыг нь атгасан эр бүсгүй рүү тэсч ядан тэмүүлж байгаа нь илт…

     Айдас, хүйдэс, хянагч, харуул… гээд бөөн түгшүүр… Гэсэн ч тэр бүх хяналт, түгшүүрийг эс тоон зөөлөн үнсэлт үргэлжилж байтал “Тог, тог…” гэх гутлын өсгийний чимээ… Тэр хоёр ухасхийн босч юу ч болоогүй мэт ширээний хоёр талд цомцойн суув.

      Яг үүдэнд нь бие засах өрөө байгааг анзаарсан  тэр хоёр дахин ойртож, уруулын амтыг ч үл мэдрэн үнсэлцэж, бие биеэ хүсэн тэмүүлцгээв.  Тэгтэг дахиад өсгийний “тог, тог…” гэх чимээ…

    Зүү орох зайгүй тас тэвэрч байсан эр Отгоог зөөлөн түлхээд, бослоо…

    Отгоо олон хоногийн бодол, зүүдэндээ хөтлөгдсөн болохоор “Өө, ямар аймхай, арчаагүй амьтан бэ…” гэж бодон дотроо түүнийг чамлангуй суутал өсгийний чимээ дахин холдоод явчихжээ.

     Цангасан адгуус ус руу дайрах мэт Эбо шүлэнгэтэн, Отгоог тэвэрч аваад шунан тэмүүлэв. Хүсэл, тэмүүлэл дээд цэгтээ хүрч, энхрийлэл янаглалын халуун үнсэлт ид оргилж байтал:

-Энхболд оо…  гэх хянагчийн дуу хадав.

      Богинохон зуур өрнөж байсан сайхан бүхэн сарнин алга болжээ. Хүрмээ яаран авч хөдрөөд гарсан Эбо буцаж орж ирснээ:

-За, явъя даа. Дарга нь ирчихэж… хэмээн доош харан, сулхан дуугаар хэллээ.      Гунигтай ч юм шиг, тэгсэн атлаа хөөрч баярласан ч юм шиг сэтгэл нь хөвөлзөх Отгоо ичингүйрлээ тас нууж, юу ч болоогүй юм шиг царайлж:

-Өмгөөлөгч ирсэн байна… гэж худал хэлсээр өрөөндөө оров.

       … Отгоо дурлачихжээ. Бодол, санаанаас нь Эбо уяатай байх болжээ.

    “Ганц худаг”-т өрнөж буй хайр дурлалыг гайхаж, заримдаа жигших шиг болдог байсан бол хүн юм болохоор бие бие рүүгээ татагдан дасч, хайртай болдог юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн байна. Эбогоос ирэх илгээмж, шувууны тоо нэмэгдсээр “шувуу”-гаар дамжуулах үгс нь сургамж голдуу байсан бол “Санаж байна. Бодож байна…” гэх хайр, энхрийллийн утгатай болжээ.

     Усны залуугаар илгээмж ирлээ… Уут дүүрэн “Мишка”.  Хоёр ширхэг чихэр нь ийнхүү хэд дахин өсөөд ирж. Отгоо бага зэрэг гайхсанаа өөрийнхөнтэйгээ хуваагаад идчихэв…

      “Отгоог баярлуулах сан. Түүнтэй уулзах сан. Бүр тэврээд хэвтэх сэн…” гэх бодол Эбог эзэмдэн, бачимдуулах…

     . “Нямаатай харилцдаг гэнэ лээ” гэсэн ярианд итгэхгүй байсан ч өөрийн тавьсан “тагнуул”-уудын хүчээр Эбо хоёр ч “шувуу”-г нь бууджээ…

    “Энгийн үерхэл, нөхөрлөл биз…” гэж Нямаа, Отгоо хоёрын харилцааг цайруулан бодохыг хичээвч хардах, харамлах сэтгэл нь түүнийг давчдуулаад суулгадаг юм биш…

    “Тэр муу бацаанаас холдуулахгүй бол хэний хүү болох бол доо”… Ингээд удсан ч үгүй зөвлөлийнхөө “ид шид”-ээр Отгоог эмнэлэгт хэвтүүлжээ.

     “Ганц”-д эмнэлэгт хэвтэнэ гэдэг бол тэр болгоны чаддаг ажил үнэндээ биш. Яалт ч үгүй ухаан алдаж, унаж татсан бол нэг юм хэвтүүлэхээс биш “Баашиллаа… Аашиллаа… Битгий маягла…” гээд хавьтуулахгүй. Ер нь хэцүү дээ. Гэтэл зөвлөл ахын буянаар Отгоо ямар нэг саадгүй шууд “эмчилгээнд” оров. Эм тариа, хоол унд дутуу юмгүй. Энэ бүгдийг Эбо өөрөө барьж, зөөгөөд гүйхгүй. Харин түүний галын хэдэн залуу ёстой гялалзуулна даа. Хэрэгтэй гэж бодсон бүхнийг  Эбо олж, хүргүүлнэ…

            Хүйт даасан харанхуй өрөөнд, модон нааран дээр хэвтэж байснаас эмнэлэгт бол арай өөр. Төмөрлөж, хаалт хийсэн боловч том саруулхан  цонхтой. Салхивч нь онгойно. Агаартай, гэрэл гэгээтэй гээд…

    Тэгээд ч Эбо, Отгоо хоёрт уулзах боломж арай илүү байлаа. Хорь гаруй хоног эмнэлэгт хэвтээд гарсан Отгоог шууд өөр камерт оруулав. Энэ бол Эбогийн хийсэн ажил гэдгийг бүсгүй сайн мэдэж байлаа.

    Нутгийн ах, дүү хоёрын харилцаа гүнзгийрснийг адтай хүүхнүүд аль хэдийнэ анзааралгүй яах вэ. Хаа сайгүй жиг жуг хийцгээж, Отгоо руу зэвүүцсэн, атаархсан харц, үг хоёрыг хангалттай нүүлгэж, амны хачир хийцгээх болжээ.

Ж.Дүүрэнжаргал

/Үргэлжлэл бий/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх