Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай саналаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Уг албан тоотод “Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалд томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Үүнд:
Өлзийсайханы Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын;
- Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын;
- Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;
- Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;
- Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;
- Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;
- Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын;
- Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын;
- Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;
- Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын;
- Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын;
- Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
- Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;
- Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын;
- Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын;
Улсын Их хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Мөн “Дээр дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ тэдний улс төрийн болон тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүхий л мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо дайчлан, танхимын зарчмаар хамтран ажиллах чадвартай гэж үзсэн болно” хэмээн танилцуулгад дурджээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх УИХ-ын Байнгын хорооны хуралдаанууд эхэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.