Будагтай орчлон / Тууж /

2017 оны 10-р сарын 16 өдөр, 09 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6fa8d8aa81b8d2d6big-321x480

III ХЭСЭГ

-Ээж дээрээ ирэнгүүтээ дохио өгч байна шүү дээ. Яасан мундаг охин бэ…   гээд Солонгоо тэвэрч ирсэн охиноо Тодгэрэлийн гарт өглөө.

    Айх, гайхахыг хослуулж зогссон бүсгүй энгэртээ наагаад:

-Миний охин… хэмээн чангаас чанга хэлээд бумбагар жаахан хоёр хацрыг ээлжлэн үнслээ. Нулимсандаа хахаж цацах хэдий ч:

-Ээжийн охин… Миний охин… Өлссөн үү… хэмээн давхцуулахыг харж зогссон найзууд нулимсаа эс дийлэн шударцгаана. Энэ нулимс бол харууслын биш талархал хайр, өхөөрдөл, эх үр эргэн уулзахыг харсан бахдалынх байв. Уйлах хэдий ч тэдний царай үүнийг тодхоон илтгэнэ.

    Баярласандаа хөдөлж ч чадахгүй зогсох Тодгэрэлийг түшиж том өрөө рүү орууллаа.  Булаалгах вий гэсэн шиг тас тэврэн сууж байснаа сая  сэхээ оров уу гэлтэй Тодгэрэл охиныг буйдан дээр тавьж, зузаан манцуйг задлав. Тас хар даахьтай, хэвлийдээ махалсан гэмээр мяраалагдуу охиноо дахин, дахин үнэрлээд:

-Яг мөн…  Миний охин…  гээд инээмсэглэлээ.

-Хөхөө сайн саасан бол охиноо хөхүүл… Чинээд удсан, зовсон сүү бол хүүхдэд базаахгүй шүү хэмээн Нэргүй гуайг хэлэхэд:

-Зөндөө саасан… Миний хөх ивлээд сүү нь сайн дундарч өгөхгүй байгаа… ингэж хэлээд Тодгэрэл охиныхоо аманд хөхөө ойртуулав.

 “Гурав хоног энийг чинь хайлаа” гэсэн шиг ховдоглон үмхээд, бувар бувар хөхөх охиныг харж сууцгаасан хүмүүс зэрэг шахам амьсгаа авчээ.

  Охиноосоо бусдыг анзаарах сөхөөгүй байсан бүсгүй сая найзуудаа анзаарч, заримтай нь мэндлэв…

-Миний охиныг  хаанаас авчирсан юм бэ… Эмнэлгээс сая авсан юм уу… Тэр муухай сувилагч худал хэлээд байгааг би шууд мэдсэн…  Тэгээд харин юу болсныг санах гээд чадахгүй байсан юм…

    Ам нээх эв гаваа олж чадахгүй, бүгд түүн рүү үргэсэн тэмээ шиг хараад байгааг анзаарсан Тодгэрэл ингэж яриа өджээ.

   Хэзээ хийж бэлтгэснийг бүү мэд, зууш, хоол ширээн дээр өрж байсан Алдармаа:

– Чамтай хамт нэг палатанд байсан Навчаагийн охинтой андуурсан юм билээ… Тэгээд чиний бие тавгүйрхээд байхаар нь Солонгоо охиныг чинь гэртээ аваачсан. Бие нь тавгүй байхад ээжийгээ ядраах вий гэж бодсон юм аа… Тэгсэн чинь миний найз дорхноо зүв зүгээр боллоо шүү дээ… Тэгээд энэ “муухай” амьтныг ээж дээр нь авчрах гээд бид хэд бөөн хөл хөөр боллоо… гээд  цоглог хар нүдээ гялалзуулан найз руугаа хараад, нүүр дүүрэн инээмсэглэлээр шагнав.

    Тодгэрэл ширээ тойрон суугаа нөхдөө харж дотроо баярлавч, үл ялиг санаа алдсан нь “Та нар минь Ширмэнтэй битгий суу…” гэж мөн ч их хэлж байсан даа хэмээн харууссаных байлаа…

     Сэтгэл муутнаас болж богино хугацаанд чамлахааргүй шаналан амссан Тодгэрэлийн дотор онгойжээ. Үнэгчлэн унтах охиноо үнэрлэн, тэвэрсээр суув. Найзууд нь сайн, сайхан дурсамжуудаа ярьж, түүнийг л тайтгаруулахыг хичээцгээлээ.

-Тодоо, одоо хэдүүлээ охиндоо нэр өгөх үү… Солонгоог ингэж хэлэхэд:

-Тэгье… Охиноо ирсэн цагаас хойш би нэр бодож суусан юм… хэмээн ихэд олзуурхангуй дуугарав.

  Тэнд ирсэн бүх хүн өөрт таалагддаг, охинд өгөхийг хүссэн нэрээ бичиж, хуйлан аягатай будаан дотор хийлээ.

-За, одоо ээж болсон манай Тодоо сугалж, охиндоо нэр өгнө… Алдармаа ийн зарлатал хаалганы хонх дуугарав.

 -Замаараа нэг газраар орсон чинь нэлээд удчихлаа…  гэх нэг л танил дуу гарчээ. Тодгэрэл “Хэн юм бол…   Охинтой болсонд минь баяр хүргэх гэж ирлээ…” хэмээн бодож суутал Навчаа, нөхрийнхөө хамт орж ирэв.

 Тэврэлдэн уулзсан хоёр бүсгүй нэг нь баярласан, нөгөө нь харамсал гашуудлаа угаасан нулимс унагаав. Тэр хоёрыг харж амьсгаа даран суусан агшныг эвдэн Алдармаа:

-Алив, Навчаа эгч наашаа суу… Та дээшээ… гээд найр тавин зочдоо ширээнд суулгалаа.

 Сүүлд ирсэн зочид цайлсны дараа шинэ хүнд нэр өгөх ажлаа үргэлжлүүлжээ.

Аягатай будаанаас хуйлж нууцалсан нэр гаргаж ирсэн Тодгэрэл:

-Миний охинд хэний нэр таарсан гэж бодож байна гэснээ цаасыг задаллаа.

-Миний найз, сугалсан нэрээ эхлээд охиныхоо чихэнд шивнэж хэлээрэй хэмээн Солонгоо хажуугаас нь зааварчлав. Тодгэрэл инээд алдан охиноо аваад, баруун чихэнд нь нэрийг гурвантаа шивнэлээ.

  -За, хэн гэдэг охинтой болов оо … Алдармаа тэсч ядан ингэж асуухад:

-Болор… гэж чанга хэлснээ Тодгэрэл:

-Ёстой гоё нэр байна. Хэний сонгосон нэр вэ. Би их урт нэр сонгосон чинь миний охинд таалагдаагүй бололтой, өөр нэр гарч ирлээ шүү гээд баруун хацрынхаа гүн хонхорхойгоор өөрийн гоо сайхнаа улам чимэн инээмсэглэв.

     Охинд сугалаагаар оногдсон нэрийн эзнийг харцаараа хайн, бие, бие рүүгээ харах агшинд Алдармаагийн ээж босч ирснээ:

-Болор шиг тунгалаг, сайхан хүүхэн болоорой гэж эмээ нь ерөөе… гээд охиныг өвөр дээрээ авснаа энхрийлэн үнсээд, мөнгөөр мялаалга өргөв…

   Эх, үр хоёрыг уулзуулсан… Болор охиныг угтан авсан … гээд гэрэл, гэгээ гийсэн сайхан нэгэн өдрийг ийнхүү үджээ.

   “Оршуулганд бэлтгэж байсан энэ айл нэг хоногийн дараа шинэ хүнд нэр өгөх ёслол хийж байна гээд бодохоор хорвоогийн өнгө будаг мөн гайхалтай байгаа юм шүү” хэмээн Нэргүй  бодож хэвтлээ..

                         ***               ***               ***             ***              ***.

     Болор охин хоёр сар гаруйтай болоод хөөрхөн торнижээ. Тэр айлынхны  гарыг дамжсан танхилхан амьтан нь тэр…

     Ярилцаж, тохиролцсоныхоо дагуу Алдармаа, Тодгэрэл хоёр сувилагч Будтай уулзахаар ажил дээр нь  очсон боловч:

-Ээлжийнхээ амралтыг авсан… гэх хариу аваад буцжээ.

   Охин руугаа яарсан Тодгэрэлийг унаанд суулгаж өгсөн Алдармаа дотроо арай өөрийг төлөвлөөд байлаа.

    Нэгэнт ажлаасаа бүтэн өдрийн чөлөө авсан Алдармаа түүний гэрийн хаягийг тодруулах гэж хайж, сураглаж явсаар оройхон харьтал Тодгэрэл байсангүй. Ээж нь:

-Болор саяхан унтсан … гээд зурагт үзээд сууж байв.

Санаа нь зовсон Алдармаа, Тодгэрэлтэй утсаар ярьтал:

-Удахгүй очно… гэснээ өөр үг хэлэлгүй тасалжээ. Алдармаа угийн дөлгөөн, аядуу ааш зантай найзыгаа ингэж ширүүн дуугарсанд  бага зэрэг гайхсанаа:

 -Барагтай бол гоомой юм хийхгүй хүн. Даанч дурлалдаа шатаж, сохорсон юм шиг зүтгэсээр байгаад ийм байдалд хүрсэн болохоос… хэмээн өөртэйгөө яриад бага зэрэг тайвшрав.

    Энэ үед Тодгэрэл “Жонон” бааранд хөлчүүрхэн суугаа хайртай залуугаа нүд салгалгүй хараад, хажуугийн ширээнд нь сууж байлаа. Тахир бургас шиг хөлтэй, өндөр цагаан хүүхэн:

-Чам шиг юмыг хэн ч биш болгоно, хараарай… гэж ирээд Ширмэн рүү омогдон давшилснаа хараал, зүхэлтэйгээ хамт гараад явжээ.

-Амласан мөнгөө өгсөнгүй… гээд ааг амьсгаагүй загнан, ширүүн авирласан тэр бүсгүйг гарч явсны дараа Ширмэн тонгойж, ширээ тохойлдон хэсэг суулаа. “Чааваас даа, ингэж л явах гэж тэр хөөрхөн амьтнаас зугтаж дээ, чи…  ” хэмээн бодсоноо Тодгэрэл “Миний охин чамтай биш надтай адилхан… Хэнийгээ дууриахаа хэвлийд байхдаа сонгоод ирж байгаа юм…” гэж өөртөө дуулдахаар хэлээд,  тэднээс хараа  салгалгүй, суулаа.

-Та хоёр чинь бас яагаад дуугаа хураачихав аа. Хэдүүлээ сайхан ууцгаая л даа… хэмээн хөлчүүрхэх Ширмэн  шилэн аяганд архи хийх зуураа:

-Муусайн хүүхнүүд ингэж л байдаг юм… гэж арай ядан дуугарав Нэлээд согтсоны дээр уурандаа багтарч байгааг нь анзаарсан Тодгэрэл янжуур асааж салаавчилсан ч сорж чадахгүй, арц шиг  уугиулсаар суулаа.

       Тодгэрэлийн шинэхэн танил, хоёр найз нь сурамгай гэж жигтэйхэн. Тас тас инээж, чанга дуугаар ярьсаар эрчүүдийн анхаарлыг татаж амжлаа.

-Согоо шиг гурван бүсгүй сууж байхад яагаад анзаарсангүй вэ… Бүсгүйчүүд ээ, танилцъя…

    Архи, тамхины үнэр нэвчсэн Ширмэн хөлчүүрхэн гуйвж ирснээ Чоогий, Азка хоёрын хүзүүгээр тэвэрч авлаа. Тодгэрэл төрхөө өөрчилж, цагаан шаргал пиджак, том хар шилээр гангарч, өөрийгөө нууж халхавчилсан хэдий ч түүнийг дэргэдээ ирэхэд бага зэрэг эмээж, сандалтайгаа ухрав.

            Төдөлгүй Ширмэн түүний хоёр найз залуу, Тодгэрэл, Чоогий, Азка  зургуулаа нэг ширээ тойрон суулаа. Хөлчүү гурван залууд зай завсар эс олгон, бүсгүйчүүд санаачлагыг гартаа авч дөнгөжээ. Ширмэнтэй зэрэгцэн сууж, түүнд илт сээтэн хаяж эхэлсэн Чоогий:

-Залуус аа, бүжиглэвэл ямар вэ… гээд гараа гозолзуулан боссон нь түүнийг Тодгэрэлээс холдуулах гэсэн санаа байв. Азкагийн утасны дугаарыг авч, маргааш уулзах газар, цагаа тохиролцсон Тодгэрэлийг гарахад Ширмэн шүлэнгэтсэн харцаар Чоогийг ширтэн, хоёр хонгон дээр нь гараа тавиад найгаж байлаа.

   Нулимсаа залгин, салгалж ирснээ бүсгүй гарч, яаран алхсаар зам хүрч, таксинд суув.

-Чи чинь хаачдаг байна аа? Цаг 00 өнгөрч байна… гээд нүд нь орой дээрээ гарах шахан хаалгаа онгойлгож өгсөн Алдармаа найзынхаа хувцасласныг хараад:

-Хаанаас, юугаа олоод өмсчихсөн юм бэ… хэмээн дуу алдав. Тодгэрэл:

– Чишш, чимээгүй… гэж найздаа анхааруулаад, жижиг өрөө рүү оронгуутаа хаалгаа дангинатал хаагаад авчээ.

-Найз нь Ширмэнг яаж явааг харах юм сан гэж бодоод, байнга үйлчлүүлдэг бааранд нь очлоо. Очихоосоо өмнө биеэ үнэлдэг гэх  хоёр бүсгүйтэй танилцсан. Адилхан бүсгүйчүүд болохоор би тэр хоёрт амьдралаа ярьсан… Тэр хоёр маань амьдрах аргаа буруу сонгоод ингэж яваа болохоос биш, их ухаалаг хүүхнүүд байсан… Нөгөө хоёр минь намайг ойлгосон. Тэгээд тэр дороо ажилдаа орж, намайг огт өөр… гэснээ босч өмссөн хувцсаа үзүүлээд:

-Ийм хүн болгоод хувиргачихсан… гэв.

   Алдармаа  тэсвэр алдан:

-Тэгээд… Тэр Ширмэнтэй тааралдсан юм уу… хэмээн адгалаа.

 -Би тэр хүний тухай ярихыг хүсэхгүй байна… Ширмэн бол архи, ширээ хоёрын алчуур болсон байна лээ… Өөр хэлэх юм алга…  гэснээ хэсэг дуугүй суулаа. Хүйтэн ундаа балгаснаа:

-Охиноо жаахан торнингуут ажилдаа орно. Мөнхөө ах ирэх долоо хоногт ирнэ гэж утсаар ярьсан. Намайг охинтой болсон гэж дуулаад жигтэйхэн их баярласан гэнэ ээ. Бид хоёрт  байр авч өгнө гэсэн…хэмээн хэлээд найз руугаа харав.

Найз нь ийн сэтгэл шулуудсанд Алдармаа дотроо баярлав. Харин байртай болоод тусдаа гарах нь гэхээс жаахан гонсойж:

-Ээж бид хоёр Болорыгоо их санана даа гэлээ…

                                    ***              ***               ***               ***              ***

            Ээлжийнхээ амралтыг 10 гаруй хоног хэтрүүлсэн Будыг ажилдаа ирэхэд үүдэнд нь Навчаа, Тодгэрэл хоёр зогсч байлаа. Тэр хоёрыг харангуутаа     царай нь зэвхий дааж ирсэн эмэгтэй  тушигдчихав уу гэлтэй хөдөлж чадахгүй, дороо зогсчээ.

   Бүх асуудлын учрыг аль хэдийнэ олсон болохоор тэр хоёр уурлаж бухимдсангүй. Харин ганцхан асуултанд хариулахыг Будаас шаардав.

-Яагаад ингэх болов… гэдгийг тайлбарлах гэж ээрч муурч, сандарсан Будын амнаас:

-Надад туслахгүй бол чамайг цааш харуулчихаад амиа хорлоно… гэж Ширмэн намайг байнга дарамталж байх үед Навчаагийн охин амьсгал хураасан… Би  Тодгэрэлийг өрөвдсөндөө хүүхдийг сольж тавьсан… Ширмэнгийн хүүхдийг гаргачихаад түүнийг яаж хүлээж, санааширч байгааг сайн мэдэж байсан учраас ийм юм хийсэн… гэх үг унажээ.

    Түүний үгийг Тодгэрэл гүйцэд сонсч чадсангүй… Харин Навчаа:

-Чи зүгээр л  өөрийгөө золиод явж байхгүй жирийн нэг бүсгүйг давхар хагацалд унагах гэсэн их муухай амьтан… Чи намайг өөр хүүхдээр хуурахынхаа оронд үнэнийг хэлэхгүй яасан юм бэ… гэснээ эхэр татан уйлав.  Тэгснээ:

– Надад богинохон настай амьтан ирснийг төрсөн цагаас нь эхлээд  би мэдэж  байсан… Чи ч ёстой чивэлт эм юм даа… хэмээн хэлээд хоолой нь цахиртаж ирэхэд Буд харц дальдран, газар шагайж зогслоо…

      Гомдол нь үерлэх Тодгэрэлийн ам ангайсангүй.

-Намайг уучлаарай… Би буруутай…  гэснээ Буд өвдгөөрөө лагхийн газар суужээ. Навчаа түүнийг татаж босгосноо:

-Явъя… Машинд очъё… гээд дагуулан явав.

Машинд орон сууцгаалаа. Тодгэрэл тэр эмэгтэйгээс дайжин урд талын сандал дээр суулаа. Царайг нь харахаас эмзэглэн буруу харжээ. Харин Навчаа түүнтэй арын суудал дээр зэрэгцэв. Бүх бие нь дагжтал чичрэх сувилагч эмэгтэй доош харан суутал:

-Яасан, яасан гэнэ ээ… Чи үнэн юм яриарай, мэдэв үү… хэмээн Навчаа зандарлаа.

     Будаг шунхаар өөрийгөө улам өнгөлөөд жавхалзаж, сэлбэлзсэн ганган, дэгжин гэж жигтэйхэн явдаг цагаан хүүхний зовхи нь хүртэл бууж унжийгаад дуу нь цаашаа оржээ.

– Нэг орой  намайг гадаа хүн  дуудаж байна гэсэн. Огт танихгүй залуу зогсч байсан. Өөрийгөө Шинээ гэж танилцуулсан.  “Чамтай танилцах гэж хэдэн өдөр эмнэлгийн чинь гадаа суулаа” гэсэн… Би эхэндээ түүнийг Тодгэрэлийн нөхөр гэдгийг ч мэдээгүй… Маргаашнаас нь эхлээд намайг тосч авч, ажил, гэрт хүргэж өгдөг болсон… Хэд хоногийн дараа согтуу ирснээ намайг дарамталж эхэлсэн. “Тэр хүүхдийг  цааш харуул…” гээд… Энэ үед нь би түүний нэрээ худал хэлснийг бас Тодгэрэлийн хүүхдийн эцэг гэдгийг гадарласан… Гэхдээ тэр хүний дарамтнаас үнэхээр айсан… Би “Түүний гараас яаж амьд гарах вэ” хэмээн бодох болсон… Тэгтэл тэр охин … гээд  дуугаа хураав…

    – Тэр шөнө Навчаагийн хүүхэд хүн бололгүй амьсгаа хураасныг харангуутаа Тодгэрэлтэй уулзсан. Хүүхдийн эцэг нь ирэхгүй, түүний хойноос шаналж, сэтгэл санаагаар унаад, хэцүү  байгааг анзаарч мэдсэн байсан. Тэгээд түүнээс нөхрийг нь асуутал царай нь хувьсхийн үзэн ядалт илрэх шиг болонгуут нь би түүнд худлаа хэлсэн… Ингэж яриагаа үргэлжлүүлсэн Буд шал ширтэн, дуу нь улам цааш оржээ. Навчаа түүнийг хурдан ярихыг дахин шаарджээ. Будын яриа бүхэн түүний нүдэнд зураг мэт дүрслэгдэж байлаа…

– Заваан эрчүүд хүүхдэд хүртэл ингэж гай болдог юм… гээд Буд хоолойгоо зангируулжээ. Тодгэрэл ухасхийн,  түүнийг барьж авснаа:

-Миний охин зүгээр үү… Миний охиныг аваад ир… Хаана байна… хэмээн хашгирчээ.

-Тодгэрэл минь, биеэ барь. Ямар хөөрхөн амьтан байлаа… Гэнэт амьсгал хураачихлаа. Хөхөөрөө байсан болохоор угжны сүү хоол болоогүй байх аа… Буд эмгэнэлтэй нь аргагүй, хоолойгоо зангируулж ирээд ингэж хэлсэн…

    Энэ бүгд тодрон ирэхэд өөрийн эрхгүй нүдээ аньтал Тодгэрэлд  Ширмэнгийн   төрх харагдах шиг болж бүр дотор нь муухайраад иржээ.

-Навчаа эгч ээ, явъя… Энэ хүнтэй өөр юу ярих вэ дээ… хэмээн арайхийн дуугарлаа.

-Чи одоо ийм юм хийчихээд сувилагч гээд яваад байх юм уу… Дарамтлуулсан тухайгаа хэлдэг, хамгаалуулдаг газар байдгийг чи мэдэхгүй байна гэж үү…   Навчааг ингэж хэлэхэд:

-Одоо  ч Ширмэн намайг заналхийлсэн хэвээр байгаа. Аргаа бараад амралтаа авч хэд хоног зугтаасан. Өнөөдөр би бүх үнэнээ хэлж ажлаасаа гарна…. Тэр хүнийг шалгуулдаг газар нь өгч шалгуулна… гэж бодоод өнөөдөр арайхийн гарч ирлээ… гэхэд Будын нулимс хацрыг даган бөмбөрөв…

Тодгэрэл рүү харж, байгаа байдлыг анзаарав бололтой Навчаа суудлаа засч сууснаа “Буу” хэмээн толгойгоороо дохиод машинаа асаалаа.

   Будаг шунх нь нулимсандаа угаагдан халтартсан Буд буусан газраа зогссоор байгаа нь машины толинд харагдав…

                            ***                ***               ***             ***             ***

   Шөнөжин хар дарж зүүдлээд тавгүйрхэж хоносон Тодгэрэлийн нүд булуу болтлоо хавджээ. Охин нь хөхөндөө цадаагүй бололтой уйлагнана. Бүсгүй охиноо тэврэн сууж арайхийн унтуулаад босч гэр орноо цэвэрлэв. Дараа нь усанд орлоо. Гарч ирээд охиноо сэрэхээс өмнө найздаа и-мэйл бичих санаатай компьютерийн ард суутал нүдэнд нь нэвсийсэн хар саарал цамц харагдах шиг болжээ. Цочсон юм шиг ухасхийн боссон бүсгүй зүүдээ нэхэн санав…

  Хамаг хувцсаа гаргаж байгаад шүүгээндээ нэг нэгээр эвхэж хийлээ. Тэгтэл зүүн гарын нь шөрмөс татаж, орь дуу тавьтал өвдлөө. Нүдэнд нь дахиад хар саарал цамц харагдах нь тэр… Нөгөө гараа хөдөлгөж, илж барьж байж арай гайгүй болгоод бостол өвөр дээрээс нь унасан хувцаснууд дотроос Ширмэнгийгн өмсч байсан саарал цамц цухуйж байлаа. Нүд нь хорсох шиг болсон ч цамцыг авч эргүүлж, тойруулан харснаа гялгар уутанд хийж аваад хогийн сав руу хаяхаар гарав. Тэгтэл хиншүү үнэртээд явчихаж. Ийш тийш харж хаана юу шатаж байгааг хайтал:

-Шатаа… гэж алсаас шивнэн хэлэх шиг болжээ. Хаанаас хэн, юу хэлэв гэхээс Тодгэрэлийн айдас төрсөн хэдий ч тэр цамцыг шатаахаар шийджээ. Буцаж гэртээ орлоо. Гадуур хувцсаа өмсч, хөрш айлынхаа охиныг гуйж гэртээ үлдээгээд  гарав.

   Хэд хэдэн байрны цаана байх хогийн  саванд ууттай цамцыг хийж шатаажээ.

       Гэртээ орж ирэнгүүтээ Алдармаагийн ээжтэй утсаар ярив…

 -Та хоёр манайд ирж хоно… Эгч нь одоохон унаа явуулъя гэжээ. Төдөлгүй машин ирж, Тодгэрэл охинтойгоо найзындаа очлоо.

 … Нэг их муухай үнэр үнэртээд болдоггүй. Тэгтэл миний амыг дараад… Дуу гардаггүй… Ингэж байтал нэг юм сэрсэн. Дахиад жаахан зүүрмэглэчихжээ. Тэгсэн чинь дахиад л “…. Муухай хувцастай, хачин  царайтай туранхай хар өвгөн над руу дайраад…”  гэж хар даран зүүдлээд…  Зүүднийхээ зарим хэсгийг санахгүй байсан юм. Тэгтэл усанд ороод гараад иртэл миний нүдэнд хар саарал цамц харагдсан… Бодсоор байгаад миний зүүдэнд яг тэр цамц харагдаж гэдгийг ойлгосон… Босоод тэр цамцыг хайж олоод шатаалаа.

     Ширмэн нэг удаа согтуу явж байгаад:

-Хүнд дээрэмдүүлчихлээ гээд хаанаас олсныг бүү мэд, тэр цамцыг өмсч ирсэн.   Дараа нь тэр цамцыг хаях гэсэн чинь уурлаад  сүйд болсон юм… Гэтэл  тэр хар юмны нөгөө цамц нь миний хувцсан дотор ийм удаан хамт байжээ… гэдгийг би мэдээгүй өдий хүрч. Гэтэл зүүд хэлж өглөө. Тэр зүүднээс хойш миний бие тавгүйрхээд их сонин байна… Тодгэрэлийн яриаг сонсч  суусан Нэргүй:

-Миний охин тайван бай. Айж эмээж болохгүй. Маргааш хоёулаа номтой хүн авчирч, учрыг олно гэжээ…

    Тодгэрэлийг босоход настай хүн ирсэн байв.  Нэргүй  хоол, цай болж гүйгээд байхыг бодвол хүндтэй зочин нь бололтой.

    Охиноо салхинд гаргаад, орж иртэл:

-Тодоо, миний охин нааш ир… Болорыг аваад ирээрэй гэж.

Охиныхоо хувцсыг нимгэлж, хөнгөлөөд том өрөөндөө ортол Алдармаагийн ээж:

-Шоо төлгөнд гүйцэгдэхгүй шахам байгаа хүн чинь энэ байна даа… гээд инээв.

   Хуурай ээж нь болсон Нэргүйн инээхийг хараад Тодгэрэлийн дотор  уужирчээ. “Мэргэ, төлгө  нь гайгүй бууж дээ” хэмээн бодсоных.

    Өвөр дээрх шоголтой судраараа Тодгэрэл, Болор хоёрт адис хүртээгээд:

-Одоо айлтгүй ээ… Их сайхан охид байна.  Ээж, охин хоёр яасан адилхан юм бэ хэмээн аядуу зөөлнөөр хэлэхэд өөрийн эрхгүй нулимс нь бүрхээд ирэв. Дотроос нь нэг их том хар юм гарах шиг болоод ийн уяссан нь ёстой л номын болоод далдын хүчний ид шид гэлтэй…

-Хэд хоног эндээ бай. Тэгээд гэртээ харь… Эмээ нь бөндгөр цагаан охиноо их санах юм аа гээд Нэргүй гуай хушуу дэвсэн Болорыг эрхлүүлнэ.

  Энэ хэдэн өдрийн явдлыг найздаа мэдэгдэхгүй гэж бодовч,  ярихгүй бол санаа нь амарч өгсөнгүй. Охиноо унтуулсан Тодгэрэл утсаар ярив.

   Гадаадад нэлээд хэдэн жил болсон нөхөр нь ирээд удаагүй байгаа Алдармаа   гэрээсээ цухуйх дургүй байсан хэдий ч  нэг их удалгүй ээжийндээ ирлээ.

   Хоёр найз уулзаагүйгээсээ хойшхи сонин болгоныг  ярьцгаав…

   -Ширмэн их муу хүн байсан…  Уг нь нэг гэрт оронгуутаа мэдсэн хэрнээ хайрандаа мансуураад, дандаа түүнийг өмөөрч сайн, сайхан болгох гээд өөрийгөө зовоодог байж дээ… Миний ах бас ойр дотнын бүх найз  маань тэр хүнийг хараад хэлдэг байсан… Хүн гэдэг амьтан санаа нь сайн байвал таньж мэдэхдээ тийм сайн байдаг юм билээ шүү… Тэр үед миний санаа сэтгэл харанхуй, хаалттай байсан… Тиймээс бүх хүний үгнээс зөрсөн… Тодгэрэл уйтайхан ингэж хэлээд хоолойгоо заслаа. Тэгснээ дууны нь өнгө өөрчлөгдөн сэргээд ирэв…

-Миний охин тэр шөнө яраглаад сайн унтаж чадахгүй болохоор нь хөхний сүү татраад, хоол нэхээд байгаа юм болов уу гэж бодоод угжсан… Тэгсэн ч гэсэн уцаартай, тайван биш байсан… Охин минь арайхийн унтсан. Би бас нойрондоо дийлдээд унтжээ. Тэгтэл хар дарж зүүдлээд…  Зүүдэнд тэр муухай цамц нь харагдсанаас хойш бие тавгүйрхсэн… Тэгсэн чинь мэргэчийн төлгөнд юу гэж буусан гээч… Хар хэл, амтай хүнтэй нөхцсөнөөс чиний зам мөр хазайжээ… гэсэн. Гэвч чи азтай эмэгтэй байна.  Чамд их ухаантай үр заяасан учраас тэр цамцыг гаргаж хаях, түүнээс бүрмөсөн холдох сануулгыг зүүдээр чинь дамжуулан хэлж өгчээ. Чиний чихэнд сонсогдсон болоод нүдэнд харагдсан болгоныг охин чинь хийж… Эхийн сүүгээрээ байгаа үедээ хүүхэд яг Бурханы төрх, хэв шинжийг агуулж байдаг юм.

    Охин чинь чамайг бүрэн цэвэрлэж муу юмнаас бүр холд гэдгийг анхааруулаад байна гэсэн…  Тодгэрэлийн яриаг шимтэн сонсч суусан Алдармаа:

-Ээжийгээ цэвэрлэж байгаа шигээ аавыгаа хар, муу бүхнээс нь салгасан байх аа… гээд найз руугаа харахад:

-Охин минь сайн, мууг ингэж ялгаж салгаж байгаа болохоор эцгийгээ зөв зам руу залах биз дээ… хэмээн хэлээд Тодгэрэл санаа алдлаа. Тэгснээ найз руугаа тонгойж ирээд:

-Хар хэлтний удам… гэхээр нь айгаад хараал жатга хийдэг хэрэг үү… гэж асуусан. Тэгсэн чинь арай тийм биш юм билээ… Амьтан, хүнтэй таарч тохирдоггүй, амнаас нь үргэлж хар муу, саар үг гардаг учраас төөрөг заяа нь хазайдаг гэнэ. Үг чинь ерөөсөө хүний хувь тавилангийн газарч, хөтөч нь болдог юм байна. Тиймээс зам мөр, заяа тавилангаа өөрчлөгдтөл үгийн муу, муухайг хэрэглээд байвал хэл нь бузартаж харладаг гэнэ… Зөвхөн хэл нь биш бүх бие, сэтгэл нь харлаж, өмссөн, зүүсэн нь хүртэл сөрөг энергитэй, их муухай болдог байх нь… Гэтэл өөрийнх  нь ч биш, нүцгэрээд явж байхдаа хаанахын, хэнээс авч өмссөн юм бүү мэд, тэр цамц нь надад үлдээд байдаг… Аймаар байна уу…   Тэр цамц нь үлдсэнийг би огт мэдэхгүй, анзаарахгүй явж байхад миний охин хорвоод мэндлэнгүүтээ мэдэрчээ гэдгийг тэр мэргэч өвгөн надад тайлбарлаж өгсөн… хэмээн яриад бодлогошронгуй суугаа найз руугаа инээмсэглэв.

 -Манай өвөг дээдэс, монголчуудын зөн билгийн ухаан гайхалтай шүү. Тэгэхэд  нүдээ таглаж, чихээ бөглөсөн юм шиг л явах юм даа… Алдармаагийн энэ үгийг өлгөж аван Тодгэрэл:

-Харин тийм ээ. Хүүхэд төрүүлж, ээж болонгуут ухаан нэмж, буян хураадаг гэж бас хэлсэн… Тиймээс найз нь Ширмэнг муу хүн гэдгийг мэдсэн ч гэсэн түүнийг сайн, сайхан яваасай гэж хүсч байна…  Уг нь би чинь түүнийг үзэн ядаж, хорсол, гомдлоор өөрийгөө зэвсэглээд явж байлаа. Гэтэл ингэлээ гээд миний  бас охины минь сайн сайханд сэв суухаас өөр ямар ч нэмэргүйг ойлгосон. Одоо найз нь өөдрөг сайхан сэтгэлээр өөрийгөө хөглөөд, урагш тэмүүлнэ ээ. Энэ хорвоо дээр эх байх шиг сайхан юм хаана байна… гэв.

   Яриандаа шимтсэн тэд юу ч анзаарсангүй. Амьдрал, хувь тавилангийн нарийн ширийнийг ухаарч, хоорондоо ярилцаж байгаад баярласан ээж нь үүдэнд нь нэлээд удаан зогсчээ. Тэрээр тэсгэлгүй ам нээж:

-Та гурав яасан их юм ярьцгаадаг улс вэ… гэснээ орон дээр тарваганан, хөл, гараа гозолзуулаад “аан… уун…” хэмээн завсар чөлөөгүй ганганаж байгаа жаахан охин руу нүд ирмэлээ.

    Тодгэрэл эх хүний жаргал гэрэлтсэн харцаар охин руугаа тэмүүлж:

-Миний сайхан үр ээжтэйгээ, эгчтэйгээ бас эмээтэйгээ яриад завгүй байгаа юм уу хэмээн охиноо өхөөрдөв…

  Эх, үрийн хайр гэрэлтсэн энэ сайхан мөчид Нэргүй, Алдармаа хоёр өөд, өөдөөсөө харан, сэтгэлээрээ нялхарч суулаа.

Ж.Дүүрэнжаргал

/Төгсөв/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх