Сургуулийн захирлууд төрөөс өгч буй “амсуурга” төдий цалингаар амьдардаг уу

2017 оны 10-р сарын 12 өдөр, 16 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bagsh111

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооныхон өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хурал зохион байгуулагчид  боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын цалин хамгийн бага байгаа гэж мэдэгдэв. Тиймээс Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн албан шаардлагын талаар  сэтгүүлчдэд мэдээлэв. Хэрэв гурван талт хамтын хэлэлцээр хийж, үр дүнд хүрэхгүй  бол аравдугаар сарын 23-наас эхлэн багш нар хугацаагүй ажил хаялт зарлахыг мэдэгдлээ.

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэнгийн ярьж буйгаар, Монгол Улсын тэргүүлэх салбар хэмээн зарлан тунхагладаг боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчдын нийгмийн асуудал хэцүү байдалд ороод байна. Багшийн цалин нэмэгдүүлэх боломж төрд бий. Тухайлбал Засгийн газар, УИХ-ын нэг удаагийн шийдвэрээр 900 гаруй тэрбум төгрөг зарцуулагддаг. Үүнээс 30 хувийг зарцуулахад багш нарын цалинг 30-40 хувь нэмэх боломжтой” гэж тэрээр мэдэгдэв.

Хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлчид багш нарын ажил хаялт,багш нарын ажлын ачааллын талаар янз бүрийн бодолтой байлаа. Үнэндээ ч бодмоор юм бас байнаа. Намаржин ажил хаяна хэмээн тунирхаж байгаа багш нарын гол зорилго нь ердөө  цалингаа нэмүүлэх. Өнөөдөр боловсролын салбарт тулгамдаж байгаа өөр асуудал байхгүй юм шиг ганцхан зорилгын төлөө муйхарлан зүтгэх нь зөв үү гэсэн эргэлзээг багш нарын шаардлага нийгэм,хүмүүст төрүүлж эхлэв. Хэдэн мянган багш нар нэг зорилгын төлөө нэгджээ,үнэхээр тэд төрөөс өгч буй “амсуурга” төдий цалингаараа амьдардаг уу. Багш,нар,сургуулийн захирлууд,санхүүгийн ажилтнууд тэгтлээ ядуурсан гэж үү. Нийгэм даяараа иймэрхүү асуултад хариу нэхэж байна.

Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн захирлууд намар болохоор шилжиж ирэх хүсэлтэй хүүхдүүдийн эцэг, эхээс хандив нэрээр мөнгө авдаг. Үүнийг бүгд мэддэг,бүгд өгдөг. Хэдэн саяар нэхэх нь ч бий. Манай сургуулийн авилга ямар ханштай вэ гэдгийг мэдэхгүй багш байхгүй, мэдсэн ч эс мэдэгчийн дүрд хувирна. Хэрэв ам нээвэл талхнаасаа сална.  Үнэнийг илчлэх зоригтой хүн нэг ч байхгүй. Ийм байдлыг зогсооё,шударга амьдаръя гэх багш байна уу гэвэл олдохгүй л болов уу. Багш нар хүүхэдтэй ширүүн дориун харьцдаг, загнадаг, элдвээр гоочилдог, эцэг эхээс давтлага өгсний мөнгө авдаг гэсэн төрөл бүрийн гомдол аль ч сургууль дээр гараад л байдаг. Түүнийг бас хэн ч тоохгүй. Эцэг эх хүүхдээ бодоод зарга хийхгүй,аргаа бараад хүүхдээ өөр сургууль руу шилжүүлнэ. Бас л авилга,хахуулийг нь өгнө. Хүүхэд үргэлж хүүхдээрээ байхгүй,өсч томорно гэдгийг багш нар ёстой мартсан байдаг юм билээ. Хүүхэд ялангуяа 7-оос доош ангийн хүүхдүүд багшийн өөдөөс үг дугарахгүй,эсэргүүцэл үзүүлэх нь ховор. Өөрөөр хэлбэл,багшийн үг хууль тул түүний тавьсан  шаардлагыг үг дуугүй дагана.

Энэ мэтчилэн багш,захирлуудтай холбоотой янз бүрийн асуудал сонсдоод л байдаг. Бид мэдээд л байгаа хэрнээ багшид тал засдаг ч юм уу,хүүхдийг нь шоглочих болов уу гээд амаа жимийдэг нь худлаа юу. Багш нарт хүүхдээс нь дүн харамлах,амжилтыг нь бууруулж үнэлэх, хүүхдийн үйлдэл болгоныг буруутгах, өөрийгөө “энхийн цагаан тагтаа” мэт өмгөөлж бурууг бусдад тохох эрх нээлттэй. Зөв дээр нь тохируулчихсан компьютер биш дээ, хүн л юм чинь багшаас алдаа гарч болно шүү дээ. Гэтэл багш нар өөрийнх нь зөв ч бай буруу ч бай хүүхдийг буруутгаж,ялан дийлж байдаг нь уламжлал болсон гэвэл худал биш ээ. Хүүхдийг нам дарж дийлдэг рефлекс нь  ялалтын туг мандуулахгүй л бол дарагддаггүй болсон байх талтай.

Үүнийг хэлэхийн учир нь байгуулагдаж амжаагүй байгаа Засгийн газраас элдвийг шаардан мухар сохроор тэмтчих юм. У.Хүрэлсүх гэдэг хүн одоохондоо сайд нараа ч томилж амжаагүй байна. Ядахдаа нийгмийн байдал,төр засгийнхаа царай ямар байгааг анзаарвал сайнсан. Мэдлэггүй тэмцэл үр дүн авчрахгүй. Ер нь багш нар бүгдээрээ сайн биш, бас бүгдээрээ муу биш. Аль ч салбарт байдаг сайн муу тал,алдаа дутагдал,ололт амжилт эрдэм түгээдэг  салбарт байгаа. Харин өнөөгийн багш нарын хүүхдийн төлөө гэсэн чин халуун сэтгэл нь баахан хөрөөд байна уу. Цалин,мөнгө гэхээс өөр зорилгогүй болсон багш нар намаржин үймэлдлээ.  Багш нар гэгэлзээд ажлаа хаялаа гээд өдөр алгасахгүй уриа лоозон цуурайтуулаад байхад хүүхдүүд дүн бад царайлаад “мэдээгүйжавын” дүрд тоглохгүй байлгүй дээ. Ажлаа хаялаа гээд сэтгэл нь шулуудчихсан багшид түмний үрсийг эрдэмд сургах чин хүсэл байдаг гэхэд эргэлзээ төрж буй.

Багш нарт эрдэм мэдлэгээс илүү бусдыг араасаа дагуулах зөв хүмүүжил, ёс зүй байх ёстой. Улсын гэх тодотголтой дунд сургуулиудын багш нарын ачаалал хүнд. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багш нар өдөржин хүүхдийн шуугианд өнждөг,тэд өдрийн 8-10 цаг  ажилладаг. Нэг ангид наад зах нь 45-60 хүүхэд байдаг гэхээр ажил бол хүнд. Үүнтэй маргах хүн гарахгүй. 6-хан настай бяцхан амьтдыг бичиг үсэгтэй болгох гэж хүчээ сорьж буй бага ангийн багш нарын зүтгэлд талархая. Харин дунд ангийн багш нарын хувьд хичээлээ заачихаад л явдаг. Долоо хоногийн нормт цаг нь 18-21 цаг гэхээр хичээлийн бус чөлөөт цаг тийм ч бага биш. Өдөржин 8 цаг ажилладаг бусад салбарыг бодвол ажлын ачаалал хагас өдрийнх.

Бага ангийн багш нар цүнхээ бөгтийтөл үүрээд ачаагаа дааж ядан сургуульдаа ирж очиж яваа бяцхан шавь нараа хараад өрөвддөг болов уу. Тэгвэл тэр хүнд цүнхийг яавал багасгах уу, ядахдаа сурах бичгийг нь бүтэн жилээр биш улирал, сараар үздэг болгоё гэж санаачилга гаргасан багш одоо хэр сонсогдсонгүй. Хичээл дээр ганц нэг бодлого бодох, хуудас хүрэхгүй юм бичихийн тулд тэр хүнд ачааг чирж явна гэдэг хэцүүеэ. Багш нар хичээл дээр хийснээсээ хэд дахин илүү даалгавар гэрт нь өгч байгаа нь зөв үү. Хүүхэд  гэрийн даалгавраа хийсээр байгаад ядраад унтдаг тухай бага ангийнхны   эцэг,эх ярьсаар л байна.

“Цалингаа нэмүүлье, амьдрал хэцүүдлээ” гэж багш нарын арми босоход бэлэн болжээ. Тэгвэл жижиг гэлтгүй бодох юм бас байна гэдгийг анзаараасай хэмээн учирлав. Ухаантай хүн эхлээд өөрийгөө биш бусдад тус хүргэхсэн гэдэг юм гэсэн шүү,багш нар аа.

Я.Манлай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (124.158.93.***)
    2017/10/13 12:21

    Үнэхээр хүүхдийн мэдлэг боловсролын төлөө анхаарал хандуудж байгаа багш нарыг цалингааа нэмүүлэхийг шаардаж байхад хэлэх юм алгаа. Гэвч сайны хажуугаар саар гэж хүүхдийг элдэв 2-оор хэлдэг загинадаг доромжилдог, хүүхдээ таньдаггүй, хичээлээ заадаггүй мөртлөө шалгалт шүүлэг авах болохоор заагаагүй зүйл оруулж шалгадаг. Үүгээр ч үл барам ангийн хүүхдүүдийг массаар нь хангалтгүй дүнг гаргаж бооодог араасааа гүйлгэдэг багш нар мэр сэр байна. Эдгээр багш нар өөрсдөдөө анхаарал тавихгүй бол цааш яааманд нь мэдэгдэх болно гэдгийг хэлмээр байна. арай дэндүү…

    (0) (0)
  2. цовоо
     (43.242.241.***)
    2017/10/13 11:11

    хагас өдөо ажилладаг зунжингаа амардаг багш нар ичиж амьдраач. тэгсэн мөртлөө бүтэн цалин аваад жаргаж бгаан биш үү.Багш захирлууд яг цалингаараа амьдарч харагдаач.

    (0) (0)
  3. зочин
     (202.9.43.8.***)
    2017/10/12 18:55

    маш зөв зүйл бичжээ

    (0) (0)