Эрүүл мэндийн салбарт үүсээд буй асуудлын талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шуурхай мэдээлэл хийсэн билээ . Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх хүсэлт, шаардлага гаргасан ч шийдэлд хүрээгүй учраас өчигдөр 21 аймгаас эмч, мэргэжилтнүүд ирж, жагсаал хийсэн . Гэвч үүнийг нь улстөржүүлж байгаад тэд бухимдаж байгаагаа хэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдыг ажилд нь үлдээхийг хүссэн мэтээр улстөржүүлэн тэдний тэмцлийг буруугаар тайлбарлаж байгаа учраас энэ хурлыг хийж байгаа аж.
Хэлэлцээрт орохгүй бол улс орон даяар хугацаагүй ажил хаялт хийх нөхцөл бүрдээд байна хэмээн хэлсэн юм.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Өчигдрийн УИХ-ын чуулганаар эмч нарын цалинг 30 хувь нэмэгдүүлэх боломжтой гэсэн. Эмч нарын цалинг 30 хувь бус 50 хувиас доошгүйгээр нэмэх ёстой. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажлаа хийхгүй байгаа учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээрт орохыг хүсч байна. “Хэлэлцээрт орохгүй бол улс орон даяар хугацаагүй ажил хаялт хийх нөхцөл бүрдээд байна” хэмээсэн юм.
Гэхдээ тэд тангараг өргөсөн эмч нар тул өвчтөнүүдийг хүндрүүлэхгүй, хохироохгүйгээр ажил хаялт хийх юм байна.