Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МУИС-ийн шинэ номын сангийн нээлтэд оролцон үг хэлж, номын анхны цахим захиалга хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдөр сайхан өдөр болж байна. Би их баяртай байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болохдоо нэг сайхан номын сан байгуулж нээх юмсан гэж бодож байсан. Тэгвэл өнөөдөр МУИС 75 жилийн ойгоороо ийм сайхан номын сан нээж байгаад би их баяртай байна.
МУИС-ийн үе үеийн эрдэмтэн мэргэд, багш нарт сургуулийн 75 жилийн ой, номын сангийн нээлтийг тохиолдуулан баяр хүргэе. Бид дандаа гаднынхны хийсэн зураг төслөөр ажил хийж, ийм болох юмсан гэж боддог байсан үе саяхан. Тэгвэл МУИС-ийн шинэ номын сангийн интерьер дизайнаас эхлээд барилга байгууламж, тавилга, бүх зүйлийг Монголын компаниуд хийсэн тухай танилцуулж байгаа нь бахархалтай байна. Баяр хүргэе.
“Ном бол ертөнцийг харах цонх” гэж биднийг бага байхад сургасан. Одоо ч сургадаг. Цаашид ч сургах байх.
1942 онд, дэлхийн II дайны тэр хүнд үед 100 гаруйхан номтой нээгдэж байсан МУИС-ийн номын сан өнөөдөр 400 гаруй мянган номтой, стандартад нийцсэн том номын сан болж байгаад бид баярлаж бахархахгүй байхын аргагүй юм.
Энэ жишгээр МУИС-иас салбарлаж гарсан олон сайхан их, дээд сургуулиуд, аймгууд стандартад нийцсэн ийм номын сантай болох болтугай гэж ерөөе.
Мэдээж, менежмент зэрэг дээр хийх зүйл олон байгаа. Зарим салбар номын сангууд 24 цагаар ажиллана гэж байна. Цаашдаа иргэдэд нээлттэй номын сан болох байх гэж бодож байна. Дахин баяр хүргэе. Баярлалаа” гэлээ.
МУИС-ийн номын сан нь 400 мянга орчим хэвлэмэл болон цахим сан хөмрөгтэй, олон улсын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах боломж бүрдүүлсэн 15 цэг салбартай юм байна.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МУИС-ийн хөшөөг нээлцэж, шинэ номын сангийн уншлагын танхим, музей, цахимаар ном захиалах өрөө, “МУИС брэнд” дэлгүүр зэргийг үзэж сонирхлоо.Тэрээр мөн МУИС-ийн дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ бичин үлдээлээ. Энэ дэвтрийг 1957 онд нээсэн бөгөөд 60 жилийн турш үе үеийн Төрийн тэргүүн, гадаад, дотоодын хүндэт зочид дурсгалын үг бичин үлдээжээ.