Их ажлын өрнөл-Хөх хотын экспо

2017 оны 10-р сарын 05 өдөр, 17 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uvur

Хөх хотын экспо-д монголчууд морьтой, хийморьтой, олзтой оролцдог гэлцэж, өмнөх экспо-д оролцсон хүмүүс амтших маягтай. Угаасаа Өвөрмонголчууд Ар Монголын бараа, бүтээгдэхүүнд дуртай. Цагаан сарын үеэр Ар Монголын ахан дүүстээ орлого оруулна гэлцэж, газрын холоос Улаанбаатарт ирж, төв талбайн зурагны залбиран мөргөж байгаа өвөрлөгч ахан дүүсийн зураг сошиал ертөнцөөр тархаж, олон монголчуудын самсааг шархируулж, аньсгыг чийгтүүлж байсан. Өвөрлөгч ахан дүүс хэзээнээсээ Ар Монголоо хэмээн чин халуун сэтгэлээрээ ханддаг нь юухан дээр ч анзаарагддаг. Баргийн зүйлд өмөлзөхөө больсон хатуухан нэгний ч сэтгэлийг уяраадаг. Тэр хэрээр Хөх хотын экспо амжилттай болдог болов уу.

Монгол Улсын хувьд ч энэ экспо-д ихээхэн ач холбогдол үзүүлж гурван яам болон бусад агентлагууд ажлын хэсэг томилон эртнээс бэлтгэсэн гэж байсан. Эндээс хөдлөхийн өмнө нэг ажлын хэсгийн дарга Хүнс  ярилцахад цаашид ч экспог өргөжүүлэх, ялангуяа Цагаан сарын өмнө тухайлсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талаар анхаарна гэж байсан.

Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай гэдэг шиг алт, мөнгө, арьс ширэн эдлэл, үслэг, ноолууран хувцаснаас эхлээд цай, жүүс хүртэл янзан бүрийн бараа алагласан экспод өвөрлөгч ах дүүс ч дуртай, Монголоос очсон бид ч хүртэл зарим олддоггүй, мэддэггүй бараагаа харж, бүр худалдан авч байлаа. Энд зөвхөн Монгол гэлтгүй 30 гаруй орны 1500 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан. Зөвхөн Монголоос гэхэд 300 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр экспогийн үеэр сэтгэл хангалуун бус, шүүмжлэлтэй зүйлс сонсогдож байсныг дурьдахгүй өнгөрөх аргагүй. Тухайлбал, экспо 18 цаг хүртэл ажиллахад ажилтай хүмүүс ирж амжихгүй байх, мөн амралтын өдрүүдэд их худалдан авагчид ирдгийг бодолцоогүй гэх мэт. Энэ дагуу экспог сунгах талаар яригдаж байсан. Хамгийн харамсалтай нь, мах, сүү зэрэг зарим бүтээгдэхүүн экспо-гийн гурав дахь өдөр гэхэд зарагдаж эхлээгүй. Хорио цээр, эрүүл ахуйн бичиг баримт бүрдүүлээгүйгээс саатсан гэгдэж байсан. Нэлээд эртнээс зохион байгуулсан байж энэ мэт дээрээ Монголын тал маань анхаармаар гэдэг үгийг албаны хүмүүст дайя. Монголчуудаас илүү Өвөр Монгол, Хятадын талынхан зохион байгуулалттай, сэтгэл гаргаж ажилласан гэсэн шүүмжлэл сонсогдсон шүү.

Жинхэнэ Ар Монгол хүнтэй уулзана

 Экспогийн үеэр санаандгүй үнэхээр л самсаа шархирам үг сонссоно нь сайн дурын ажилтан бяцхан охины “Жинхэнэ Ар Монгол хүмүүстэй уулзах учир энд баяртай ажиллаж байна” гэсэн үг. Экспогийн үеэр Өвөр Монголын их дээд сургуулийн 500 оюутан сайн дурын ажилтнаар ажилласан. Ижил хувцсаар жигдэрсэн тэд үзэсгэлэнгийн танхимд, зочид буудалд ч хаа сайгүй хэнд ч тус болон хэлмэрчилнэ.

-Ар Монгол хүмүүс тэгээд ямар санагдав? гэхэд бяцхан ичингүйрэн

-Яг бидэн адил шүү. Хурдан, хурдан ярихад ойлгох нь муу гэх. Гэхдээ тэр охин монголоосоо гадна Хятад, Орос хэлээр ярьдаг, чөлөөтэй ойлголцдог гэсэн.

Энэ мэт халуун сэтгэлийн үгсийг Хөх хотод олонтоо сонсч болно. Бүр “Монголоос өндөр дэсийн сэтгүүлчид ирсэн” гэж хүндлэл үзүүлэв.

Дашрамд дурдахад Монголоос очсон сэтгүүлчдийн баг Өвөр Монголын “Өдрийн сонин”, “Солонго” сэтгүүлтэй хамтран экспогийн өдөр бүр 4-8 нүүр тусгай дугаар хэвлэн гаргасан юм.

Монгол Өвөр Монголын “Солонго” сэтгүүлийн төлөөлөгчийн газар байгуулагдан олон жил болсон учраас  хэзээний танилууд найртай сайхнаар уулзан, хамтран ажиллав. Өвөрмонголын “Өдрийн сонин” мянга гаруй ажилтантай, 10 гаруй төрөлжсөн сонин гаргадаг. Хятад, монгол тэр дундаа уйгаржин болон крилл бичгээр сонин, сэтгүүлээ хэвлэдэг. Хэдийгээр ашиг олдоггүй ч төрөөс бодлогын чанартайгаар дэмждэг гэж байна лээ. Хэл, соёлоо хадгалах бас л нэг халуун сэтгэл. Зам зуур таарсан өвөрмонголчууд ч “Танууд монголууд уу” гэлцэн таксинд суухад хүртэл тус болон газар заах нь үнэхээр сэтгэл дотно.

Том экспо-Том ажлын өрнөл 

 Экспогийн том үр дүн, далайцын талаар олныг өгүүлж болно. Товчхондоо  Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний уулзалтад л гэхэд гурван улсын өндөр дээд хэмжээний зочид оролцож, экспогийн үеэр дөрвөн үндсэн чиглэлийн 22 арга хэмжээний үеэр 20 гаруй яриа хэлэлцээр, санамж бичгийг албан ёсоор баталгаажуулсан.

Мэдээж экспогийн үеэр хамгийн анхаарал татаж байсан, том асуудал бол төмөр зам болон АМ-3 хэмээх автотээврийн хурдны зам болон дэд бүтэц, хамтын ажиллагаа ложистикийн асуудлыг бүхэлд нь цогцоор нь шийдэх Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор хэмээх маш төмөр хөтөлбөр. Үүнийг гурван улсын ЕвроАзийн төдийгүй дэлхийд чиглэсэн хамтын ажиллагааны томоохон алхмын эхлэл гэж талууд томьёолж байна.

Энэхүү том ажил Монгол, Хятад, Оросын тэргүүн нар гурван удаагийн уулзалтыг гурван удаа зохион байгуулснаар 2016 оноос албан ёсоор эхэлж, одоо тооцоо судалгаа, хамтын ажиллагааны эхний ажлууд хийгдэж байгаа. Энэ хүрээнд 7 үндсэн салбараар 32 төсөл хэрэгжүүлэх юм.

Үүнээс гадна өндөр дээд төвшний уулзалт, бизнесмэнүүдийн түншлэлийн уулзалт, эрдэмтэд, судлаачид, мэргэжлийнхэн оролцсон хэлэлцүүлгүүд, Олон улсын бүжгийн уралдаан, хөл бөмбөг, дугуйн уралдаан, уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн олон, олон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Зөвхөн нэг өдөрт л гэхэд таван том зочид буудалд есөн хэлэлцүүлэг зэрэг өрнөж байсан гээд бод доо.

Худалдаа, хөрөнгө оруулалтын тухайтад уулзалтын үеэр 19 аж ахуйн нэгж нэг тэрбум 8 сая юанийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан, үзэсгэлэн худалдаанд Монголын 380 гаруй ААН-ийн 800 гаруй бизнес эрхлэгчид эхний гурван өдрийн байдлаар 1,6 сая юанийн борлуулалт хийсэн тоон мэдээг танилцуулахад хангалттай болов уу.

Ийн Монгол-Хятадын хоёрдугаар экспо амжилттай боллоо. Дараагийнх нь хоёр жилийн дараа буюу 2019 онд болно. Үзэсгэлэнт Өвөр Монголд дурсамжтай сайхан өнгөрүүлсэн, өдөр хоногууд ийн ажил, амжилт, ерөөл баяр дүүрэн байлаа.

Дараа дахин уулзахын ерөөл талбия.  Өвөр Монгол нөхөд маань удахгүй Улаанбаатарт ирнэ буй за.

А.Алтантуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх