Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд шуурхай мэс заслын тасагтай боллоо

2017 оны 10-р сарын 04 өдөр, 12 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3bb6e4513ed97c793b5382b73a8ec9b3

Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр зарим дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд дэргэдээ Мэс заслын тасагтай болж, өнөөдөр нээлтээ хийсэн юм. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан оролцов.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь тус дүүргийн 160 мянга орчим иргэнд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нийт 196 ортой юм. Жилд дунджаар 8600 иргэн хэвтэн эмчлүүлдэг байна. Харин өнөөдөр 25 ортой шинэ Мэс заслын тасагтай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна хэмээн үзэж байгаа аж. Тус тасгаар Хан-Уул дүүргийн 4-16 дугаар хороо буюу хотын төвөөс алслагдсан иргэд үйлчлүүлэх боломжтой. Одоогоор 11 эмч, мэргэжилтэн, 19 нэр төрлийн 34 тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ч цаашдаа боловсон хүчнээ сайжруулах шаардлагатай байгаа аж. Одоогоор Улсын нэг болон хоёрдугаар төв эмнэлэгтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст онцлов.

Тэрбээр, “Мэс заслын тасаг өнөөдрөөс ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл зөвхөн төлөвлөгөөт мэс засал хийнэ. Энэ хугацаанд цөсний чулуу, эвэрхий, шамбарам болон арьсны буглаа, хатиг авах зэрэг мэс засал хийнэ. Дөрөвдүгээр сараас бүх үйл ажиллагаа жигдэрсний дараагаар шуурхай мэс засал хийх боломж бүрдэнэ. Тухайн үед шуу ясны хугарал, шууны бусад хэсгийн болон тойгны хугарал, хөлийн хурууны хугарал зэрэг мэс засал хийнэ. Жилд дунджаар 1000 гаруй хагалгаа хийнэ гэсэн тооцоолол гаргасан” гэлээ.

Харин Чингэлтэй дүүргийн Мэс заслын тасаг нь 15 ортой юм. Тус тасаг мөн л ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл төлөвлөгөөт мэс засал хийхээр төлөвлөсөн байна. Харин энэ хугацаанд орныхоо тоог 25 болгохоор төлөвлөж байгаа аж. Тус тасгийн бүхий л тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас оруулж ирсэн байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хэд хэдэн зорилт тусгасан. Үүний нэг нь алслагдсан дүүргүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулах юм. Ер нь бол манай дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний нэр төрөл цөөрсөн байсан. Үүнээс үүдэн ихэнх иргэд улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд очих болсон. Ингэснээр гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж байгаа юм. Тиймээс дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний нэр төрлийг сайжруулах замаар гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал бууруулах зорилт тавьсан. Энэ онд нийслэлийн гурван дүүрэгт Мэс заслын тасаг нээхээр төлөвлөснөөс өнөөдөр хоёр нь нээлтээ хийж байна. Бид Азийн хөгжлийн банктай хамтран Сонгинохайрхан дүүрэгт жишиг Нэгдсэн эмнэлэг барьж байгаа. Энэ төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг байгуулах болно” хэмээв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх