МУСГЗ, МЗЭ-ийн шагналт зохиолч, Монголын уран зохиолын академийн жинхэнэ гишүүн, доктор, профессор Дамбын Цэмбэл 2017 оны есдүгээр сарын 30-ны өдөр таалал төгсөж Монголын уран зохиол, сэтгүүлзүйн салбарт хүнд гарз учирлаа.
Д.Цэмбэл нь 1945 онд Увс аймгийн Хяргас суманд төрж, сумандаа бага сургууль, Улаангом хотноо 10 жилийн дунд сургууль, улмаар МУИС-ийг “Монгол хэл, уран зохиолын багш” мэргэжлээр дүүргэсэн. Ажил амьдралын гараагаа хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйтэй холбон Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакциас эхэлсэн тэрбээр Монголын залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакц/1975-1985/, Москва хот дахь тусгай сурвалжлагч /1985-1991/, “Залуучуудын үнэн”, “Засгийн газрын мэдээ” /1991-1996/ сонины сурвалжлагчаас хариуцлагатай редактор, нэгдүгээр орлогч эрхлэгч хүртэл алба хашиж, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгчээр/1999-2011/ ажиллаж, бүх насаараа сэтгүүлзүйдээ үнэнч байсан шилдэг сэтгүүлч, сайн редактор, мөн олон зуун сэтгүүлч боловсон хүчин бэлтгэн гаргасан сурган хүмүүжүүлэгч байв.
Д.Цэмбэл нь “Ногоон цэцэг”/1979/ романаараа Монголын уран зохиолд анхнаасаа тод мөртэй орж ирсэн нэгэн бөгөөд “Амарсанаа”/1984, 2009/, “Гурван хөх чулуу”/1987/, “Галдан бошгот хаан”/ 1994/, “Золиос”/1996/, “Шенө дунд сэрээнэ”/2002/ хоёр дэвтэр, “Төлөөс”/2017/ романууд, “Ангийн тоо гүйцсэн нь”, “Дөрвөн цагийн аялгуу”/1981/, “Цасан цагаахан хун”/ 1982/, “Зорголын ногоон толгод”/1987/, “Хүүхэлдэйн вант улс”/2008/, “Туульсын эрин”/2014/, “Харанга”/2014/ зэрэг олон арван тууж, үгүүллэг, яруу найраг, эссэ дурсамж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвисан МЗЭ-ийн шагналт зохиолч байв. Д.Цэмбэлийн бүтээлүүд нь Ази, Европын олон хэлнээ хэвлэгдэж гадаадын уншигчдын хүртээл болсон, Олон улсын уран зохиолын уралдааны тэргүүн байрын шагналыг хүртэж байсан зэрэг амжилт нь түүнийг хилийн чинадад Монголын нэрийг дуурсгасан сайн уран бүтээлч байсны нотолгоо юм. Монголчуудын оюун санааны ертөнцөд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлж Монголын төр 2006 онд “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм дээд цолоор Д.Цэмбэлийг хөхиүлэн шагнажээ.
Авьяаслаг уран бүтээлч, энгүй хөдөлмөрч, эгэл даруухан үгийн дархан, олон олон сэтгүүлчийн амьдралын гарааг чиглүүлж өгсөн эрхэм хөтөч, МУСГЗ, доктор, профессор Дамбын Цэмбэлийн гэгээн дурсгалыг Монголын зохиолч, сэтгүүлчид, уран зохиол, хэвлэл мэдээллийн салбарынхан, үнэнч уншигчид нь үеийн үед хүндэтгэн дурсах болно.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
Монголын Зохиолчдын Эвлэл
2017.10.03 Улаанбаатар хот
Эмгэнэл
2017 оны 10-р сарын 03 өдөр, 15 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )