Зүрхний тамга /Өгүүллэг/

2017 оны 10-р сарын 02 өдөр, 09 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
321908397_d0d2b00406

 Унтаж байгаад гэнэт сэрэв. Нойр нь ханачихсан ч юм шиг. Ер бусын сэргэлэн. Өглөө босох гэж өөртэйгөө хэрэлдэн бөөн юм болдог хүн ингэж сэрсэндээ гайхаад, цаг харлаа. Унтах гээд хэвтсэнээс хойш дөнгөж хоёр цаг гаруй л хугацаа өнгөрч. Угийн нойр ихтэй, унтахыг үзүүлж өгдөг болохоор “Сайхан унтъя” гэсэн команд өгөөд хөнжилдөө шургав. Нүдээ аниад, тухлан хэвтлээ. Унтах нь байтугай сэрвэлзээд,  нүд нь нээгдээд болдоггүй. Бодол хөврөөд… Юун тухай гээч… Нөгөө залуугийн тухай… Инээмсэглэх нь цаанаа л дотно… Хултай айраг барин, дуулаад сууж байгаа нь харагдана… Тэгтэл түүний дуулсан дуу нь аялагдан, үг нь хүртэл ороод иржээ.  Хэзээ ч дуулж байгаагүй, огт мэдэхгүй дуу шүү дээ. Түүнийг дуулж байхыг сонсоод ийм амархан сурлаа гэж үү. Итгэмгүй юм. Яах аргагүй, тэр залуу харагдаад, бодогдоод унтах шинж алга.

    Сувд босч цонхныхоо дэргэд очлоо…  Хөшгөө нээхээс айгаад, буцаж орондоо орлоо…

                          ***                  ***                 ***                 ***                 ***

        Аялал жуулчлалын газраас утсаар ярьж:

– Японоос жуулчид ирсэн. Хэлмэрчээр ажиллаж  өгөөч… гэх хүсэлт тавьжээ. Сувд амралтаараа ирээд байсан тул дуртай зөвшөөрөв. Нэгдүгээр курст орсон жилээсээ эхлээд жуулчдад орчуулагч, хөтөч хийсэн болохоор Сувдад санаа зовох асуудал байсангүй. Аяны цүнхээ онгойлгож, өөрийн хэрэгцээт зүйлийг бүртгэж харлаа. Ээж, аав хоёртоо жуулчин авч хөдөө явах болсноо дуулгав. Тэр хоёр харин Сувдаас илүү түргэн авч, “Халаасандаа хий” гэж хэдэн төгрөг  өглөө. Тэгснээ:

-Замдаа идээрэй гэж ирээд хиам, консерв, чихэр, жимс цүнх  рүү нь  хийлээ. Ээж нь жаахан байж байгаад нэг юм авчирч хийсээр байтал цүнхэнд багтахаа болих дөхөж. Орчуулга хийх сонирхолтой Сувд “Дуртай ажлаа хийнэ” гэхээс хөөрч догдолсноос бус хувийн бэлтгэлдээ төдийлөн санаа зовсонгүй. Тэгээд ч түүний аяны цүнх Сувдын амралтын үед байнга бэлэн  байдаг нь эзнийхээ санааг ийм тайван байлгах. Айлын бага охин түүнд аав, ээж хоёр нь баахан захиас дайхын хажуугаар ажлаа сайн хийхийг зөвлөв.

  Ингээд аян замд гарахаар Аялал, жуулчлалын газар руу ааваараа хүргүүлэн очлоо.

    Орос дунд сургуулиас эхлэн Их сургуулийн гадаад хэлний анги, Японы их сургууль гээд хэлний тэр тусмаа япон хэлээр дагнан суралцаж яваа оюутан бүсгүйн толгойд Монголын газар нутаг, ёс заншил гээд жуулчдад өгөх бүх мэдээлэл бий. Сувдыг ангийнхан нь “Манай номын сан” хэмээн өргөмжилдөг байлаа. Тэрээр багаасаа номтой нөхөрлөжээ.

-Миний хамгийн сайн нөхөр ном гэх үгийг сэтгэлийнхээ гүнээс хэлдэг хүн бол  Сувд.  Найз, нөхөд нь  уншсан ном, үзсэн киног яриулах дуртай. Тэрээр ямар гоё, яг үзсэн, уншсан юм шиг нүдэнд харагдтал үйл явдал, дэс дарааллаар ярина гээч.

  Байнга уншуулж, тэмдэглэл хөтлүүлж сургасан ээжийнхээ гавьяагаар Сувд ийм сайхан чадварыг эзэмшжээ. Сэхээтэн гэр бүлд өссөн түүнд олон сайхан ах, эгч нарын нөлөө их. Сурлага сайтай олны хэлдгээр тэдний хүүхдүүд толгой сайтай, тэр чигээрээ сургаал хурсан аав,  ээжийнхээ буяныг дааж, тээж яваа улс…

                       ***                     ***                   ***                   ***                 ***

     Томилолтоо авсан бүсгүй жуулчид байрласан зочид буудалд очлоо. Жуулчны багийг ахалж яваа бололтой эмэгтэй танимхайрах шахам түүнийг угтан авав. Тэдгий хөтөлбөр, маршруттай танилцаж суутал жуулчдад үйлчлэх  унаа ирсэн гэх хэл ирлээ. Жуулчид Төв аймгийн “Билүүт” жуулчны бааз руу хөдөлжээ. Бага үд өнгөрч байхад тэд зорьсон газраа хүрлээ. Мөнгөнморьт сумын нутагт байх Жуулчны бааз  байгалийн үзэсгэлэн цогц бүхий газар байрлажээ.

   Эгнүүлэн барьсан гэрүүдийн дунд байх хамгийн томд нь орж буудалласан хөтөч, орчуулагч бүсгүй жуулчидтайгаа танилцангаа, цай уув. Тийм давчуу биш, “Манзушир”-ийн хийд, “Хархорин”, “Эрдэнэ зуу”… гээд монголчуудын өв соёлыг харуулах хэд, хэдэн сүм хийдээр орох, “Цагаан суварга”, “Ёлын ам”-ыг үзэж сонирхох энэ удаагийн маршрут, хөтөлбөр  Сувдад таалагджээ.

     Жуулчдын байрласан “Билүүт” жуулчны баазын удирдлагатай уулзаж, япончуудын ёс заншил хийгээд ямар хоол хүнс таалагддагийг товч сонирхуулав. Ингээд орчуулагч, хөтөч бүсгүй ажилдаа орлоо. Аавынхаа авч өгсөн саравчтай даавуун цагаан цэнхэр малгайг эрүүвчилж, богино өмд, цагаан цамцаар гоёж, хөлд эвтэйхэн барууны хийц загварын ширэн ботинк углажээ. Жижигхэн үүргэвчээ үүрч, фото аппарат мөрлөсөн түүнийг оюутан гэхээсээ илүүтэй хэзээний туршлагатай хөтөч, орчуулагч гэж харахуйц.

      Мэргэших, улам боловсрох гэж Сувд үргэлжлүүлэн суралцаж яваа болохоос ангийнхан нь их, дээд сургуулиа дүүргээд, аль хэдийнэ ажлын талбарт очсон үе л дээ.

      Аагим халуун нар шарах хэдий  ч хэд хоногийн өмнө бороо сайн орсон. Газар чийгтэй өвс ногоо нялхраад үнэхээр сэтгэл тэнийм сайхан байлаа.

      Уудам дэлгэр тал нутаг, онгон дагшнаараа байх газар шороогоор минь бахархан дуу алдах жуулчдын нүд онгойж байгаа бололтой. Арга ч үгүй биз. Асар уудам газар нутаг, онгон тансаг төрхөө хадгалан байгаа өөр улс, орон гэж бараг үгүй юм чинь.

       Үдээс өмнө уул хадаар явж алжаалаа умартсан жуулчид үдийн хоолны дараа малчны амьдрал, мал ахуйтай танилцах хөтөлбөртэй. Жуулчны бааз түшиглэсэн малчид зочдоо ямар идээ, ундаагаар дайлж, юу үзүүлж харуулахаа андахгүй, сайн мэднэ.

     Иж бүрэн эмээл, тохош, тоног хэрэглэлээр гангарсан морь, тэмээг унаж сонирхсон жуулчин эзэнд нь хэр таарсан хөлс өгнө. Тэр хавийнхан өөрсдийн гараа гарган бэлтгэсэн идээ, ундаагаар  үзэсгэлэн гаргаж сонирхуулсны дараа өргөө цагаан гэртээ урьж дайлна. Жуулчид нутаг орны зан заншлыг даган дуулна, бүжиглэнэ. Хуруу гаргаж дэмбээдэхийг сонирхож учрыг олж ядан гайхах. Нутгийн хэдэн хүүхэд ноцолдож бөхийн барилдаанаа сохирхуулахад тэд жигтэйхэн их хөгжилдөнө гээч. Ойр хавийн уяачид наадамд сойж байгаа морьдоо авчраад  давхиулах нь зочдоо дээдлэн, монгол зан заншлаа таниулж мэдүүлэх гэсэн чин сэтгэл юм.

        Сувд жуулчидтайгаа өдөржин явж үзэж сонирхох бүгдийг тайлбарлаж таниуллаа. Оройн хоолны дараа монгол наадгай, дуу хөгжим урлагаа таниулах хөтөлбөр үргэлжлэв. Манай  уртын дуу, морин хуурыг биширч, өргөө цагаан гэртээ багтаж ядан цугласан хүмүүс хоёр тал болон сууж, хуруу гаргах наадгайн учрыг олж ядна. Энэ наадгайг хөгжилтэй бас амттай болгох гээд хожигдсон тал аяны дугараа барьж, айраг уусан нь тэр оройн хамгийн хөгжилтэй, олныг хамруулсан найр болов.

    Өдөр жуулчдад морь, тэмээгээ унуулж, зочдод үйлчилж байсан залуу гэрийн баруун талаар эгнэн суусан найрлаачдын толгойд буюу найрын хэллэгээр ловонгоор суужээ. Үг дуу цөөнтэй атлаа хааяа нэг хошин, чимхүүр үг хэлээд олныг хөгжөөх түүнийг Цогоо гэх. Цогоогийн тал найрын эхэнд нэлээд хожиж өрсөлдөгчдөө буулгаж авч байв. Харин сүүл рүүгээ тэдний талынхан хожигдож их гарын том шар хулаар хэд дараалан уусан болохоор нэлээд шогнойгоод ёстой л зоогийн сав нь зогсоолдоо тулжээ.

      Аавтайгаа хааяа  хөдөө явахдаа хуруу гаргах, дэмбээдэхийг харж, шимтэн сонирхож байж.  Оюутны намрын ажил дээр хөдөөний нэг найзаараа хуруудах, дэмбээдэхийг заалгажээ. Японд очсон эхний жилийнхээ зуны амралтаар анх жуулчдад хөтөч хийж явахдаа бүр илүү сайн сурсан Сувд Цогоогийн талынхан хүндхэн байгааг мэдэнгүүтээ, хатгасаар байгаад:

-Даага аа нэхнэ ээ… гэх үгийг айлын ловонгийн амнаас гаргуулаад авав.  Ханцуйгаа шамлаад, ойртон сууж авсан Цогоо:

-Манайхаан, одоо сэргээрэй… Дошин дээрээ сууж байгаад даагаа алдвал жаахан эвгүй юм болох байх шүү хэмээн нөхдөө уриалжээ.

    Зуны уртхан шөнийг улам уртасгах шиг түүнийг цээл сайхан хоолойгоор дуулахад нь  уярч, сонсоод баймаар санагдсанаа нуух юун. Цогоог дуулуулах, дууг сонсохын тулд Сувдын тал заавал хожих ёстой. Түүний хүслийг мэдсэн юм шиг Цогоогийн талынхан даагаа нэхээд авч чадсангүй. Ногтоо ганзагалан буцах нь тэр.

   Зайгүй болсон хүмүүс хожигдлын айргаа ууж чадахгүй хэцүүхэн байгаа нь Сувдад сонин биш. Харин хожигдсон талын ловон Цогоог дуулахад зүрх нь догдлоод байлаа.

    Хөтөч, орчуулагч бүсгүйн зүрхний хөг ингэж хөндөгдсөн ч хөтөлбөрийн дагуу хоёр хоногийн дараа жуулчдынхаа улаан алаг автобусанд суугаад буцав.

   Замын турш Цогоо, түүний дуулж байгаа нь Сувдыг эзэмдээд байлаа… Энэ удаагийн аялал адал явдал дүүрэн. Тэр тусмаа их гоё дуулдаг малчин залуу бүсгүйн санаанд тодоос тод үлдсэнээр өндөрлөлөө.

                           ***                 ***                ***                  ***                  ***

   Зуны хэдэн сар нутаг руугаа явсан хайртай бүсгүйгээ санаж, ирэхийг нь хоног тоолон хүлээх залуу Японоос өдөрт хэдэн удаа Сувдтай ярина. Оюутан байхаасаа үерхсэн тэр хоёр бие, бие рүүгээ тэмүүлэн, оюутны амралтын хугацааг хүлээх хүлээлгэхийн жаргал дүүрэн өнгөрүүлж байлаа. Харин энэ удаа  Сувд гэрээ сахин хоцорсон хайртай залуугаа биш хөдөөний малчин, их гоё дуулдаг тэр л залууг бодох нь хүмүүний орчлонгийн бас нэгэн шинэ хуудас нээхтэй адил сонин байв. Гайхавч учрыг эс тайлна. Хайвч хариулт эс олдоно. Зөвхөн Цогоогийн дуулах нь сонсогдох… Сувд ийнхүү сонирхолтой бас сонин гэмээр бодол эргэлзээн дунд амарч байлаа.

   Төгсөх курсын оюутан бүсгүй лагерь дээр амралтаа үргэлжлүүлэв. Отгон охиндоо хушуу дэвсэх аав, ээж хоёр дээрээ очиж хэд хоног эрхлээд, хот руу орж эгч нарынхаа хэдэн хүүхэдтэй, бас найзуудтайгаа цагийг өнгөрүүлжээ. Хоёр долоо хоногийн дараа Япон руу явна… Сувдад нутагтаа, гэрийнхэнтэйгээ хамт байх амралтаа уртасгамаар, сунгамаар санагдах…

     Нэг орой утас нь дуугарч Сувдад орчуулагч, хөтчөөр явах бас нэг урилга ирлээ. Яг нөгөө сайхан дуулдаг залуугийн нутаг руу дахиад явах нь… гээд бодохоос Сувдын нойр хүрэхгүй байгаа нь энэ.

                ***                     ***                    ***                    ***                   ***

      Хаана очих, юу үзэх… гээд гурав хоногийн хөтөлбөр гаргах, тэр дагуу явна гэж энэ удаагийн жуулчид Сувдад итгэл үзүүлжээ. Хотод ойр бас байгаль цаг агаарын хувьд тааламжтайг харгалзан Төв аймгийн Жуулчны баазыг сонгов. Богино хугацааны жуулчдад энэ баазын хөтөлбөр, байршил оновчтойг Сувд сайн мэдэх учраас тэр. Гэхдээ бас түүний зүрх сэтгэлийг бужигнуулаад байгаа Цогоогийн дуулахыг дахиад нэг сонсох хүсэл,тэмүүлэл байсан нь нууц биш ээ.

    Хөтөлбөр багатай, хугацаа давчуу жуулчдын хамт бааз дээр өглөө эрт очлоо. Өдөржин гадуур явж, өөрсдийн сонирхсон бүхнийг олж үзсэн, харсан жуулчдыг оройн хоол идсэний дараа монгол наадгай, тоглоомоор цэнгүүлдэг уламжлал ёсоор талцаж хуруу гарган, “Боржигон найр”-ыг сонирхууллаа. Энэ удаа нутгийнхан ардын болон уртын дуу дуулж, монгол биелгээ, бүжиг хийж сонирхуулав. Сувд “Цогоо ямар гоё дуулах байсан бол “ хэмээн тэр залууг битүүхэн үгүйлнэ… Гэхдээ асууж, сураглаж зүрхэлсэнгүй.

     Жуулчид хоёр дахь өдрийн аяллаа  ой  дотор өнгөрүүлэв. Байгалиасаа заяасан ой, модыг гайхан бишрээд, тэдний сэтгэл маш өндөр. Арга ч үгүй биз. Тэдний нутагт байгалийн ой, мод гэж байхгүй шахам харин таримал, хүний гараар бүтсэн нь дийлэнх  учраас гайхлыг төрүүлсэн хэрэг.

         Аяллын сүүлийн өдөр малчны хотонд очих хөтөлбөртэй. Өглөө эртлэн босцгоож нар битүү байх үед ойрхон зусч байгаа малчны хотыг зорьцгоожээ.

        Айлсан буусан таван гэрийн гадаа машин, мотоцикл, морь гээд унаа хөсөг олонтой байгаа нь хол, ойроос зочид ирснийг илтгэнэ. Тэдний хот айл жуулчид хүлээн авч, тэдэнд үйлчилж сурсан гэлтэй. Гэрийнхээ гадаа том, жижиг хэд хэдэн сүүдрэвч босгож, зочид тэнд тухлан, бөхийн барилдаан, урлагийн тоглолт, морины уралдаан үзэх боломж бүрдүүлжээ…

   … Айл, саахалтаараа нийлж урлагийн хэдэн сайхан үзүүлбэр бэлтгэснээ сонирхууллаа. Бас тэр хавийнхаа хэдэн залууст зодог шуудаг өмсгөн ноцолдуулснаар монгол бөхийн барилдаан үзүүлж, айл саахалтынхан их насны арав гаруй морь давхиуллаа.

        Дараа нь энэ нэг л хотонд эрийн гурван наадам үзэж, сонирхсон жуулчдыг монгол цагаан идээ, айраг цагаагаар дайлж, оройхон хэрд ямааны боодог задлав.

        Нар баруун тийш тонгойх үед үүл гарч бороо орох янзтай болжээ. Хөдөөний эрчүүд гарч гүйлдэн, том эрээн майхан дор нь босгоод өглөө. Шивэрч эхэлсэн бороо бүр зүсэрчээ.

     Гүүгээ тавьж, оройн ажлаа цэгцлээд дуу шуутай орж ирцгээсэн нутгийнхан зочдоо хоймортоо урьж,  найрлахаар тухлан сууцгаалаа…

     Найр ид хавтгайрч байтал гаднаас гурван хүн орж ирсний нэг нь  Цогоо байв.

      Мэнд усаа мэдэлцэн суусан тэдний ярианаас чих дэлсэн, Цогоог аймаг руу ажилтай яваад ирснийг Сувд мэджээ…

    Тэр оройн найр үргэлжлэхэд Цогоо, Сувд хоёр нэг тал болон зэрэгцэн суулаа. Нэгийнхээ эхэлсэн дууг нөгөө талынхан түрнэ. Хэрэв эхэлсэн дууг түрж чадахгүй бол айраг их гарын хар хулаар гурав тогтооно гээд тун хатуухан болзолтой…

 Энэ удаа тэдний талынхан Цогоогийн хүчээр ёстой нэг үзүүлж өгөв. Цогоогийн хүчинд үргэлж ялсандаа тэр үү, аль эсвэл бодол санааг эзэмдээд байгаа залуутайгаа зэрэгцэн суусан даа тэр үү, Сувд шиг хөгжилтэй байсан хүн үгүй.

    Тэр оройжин сонсохыг хүссэн дуугаа сонсч, дуулахыг  нь  ханатлаа харсан Сувд  “Маргааш буцна” гэхээс өөрийн эрхгүй хоргодоод байлаа.  Зөвхөн нэрийг нь мэднэ. Сайхан дуулахыг сонссон. Ийм залууг бодоод байгаагийн учир юу вэ. Хариулт эс олдоно.

     Оюутан бүсгүй гайхсаар, өөрөөсөө асуусаар өглөөтэй золгожээ. Өөрийгөө ч эс ойлгон, жуулчидтайгаа бужигнаж, явах бэлтгэлээ базааж байтал:

-Орчуулагчийг дуудаж байна гэх хэл ирэв. Сувд гарч очтол ойр хавь хүн харагдсангүй. Гайхаж зогстол Цогоо хажууд нь ирснээ:

-Сайхан амарсан уу… Одоо явна биз дээ гээд дараалсан асуулт тавиад хариу хэлж амжаагүй байтал:

-Май, хэдэн ааруул… гэснээ сонинд боодолтой юм өгчээ.

-Баярлалаа. Дараа ирж дуулуулна аа. Чи их гоё дуулах юм аа… гэж Сувд арайхийн хэлэв. Тэгтэл Цогоо бүсгүйн хацар дээр чангаас чанга үнсч аваад:

-Чи их сайхан хүүхэн шүү… гэснээ цааш алхахдаа эргэж харсангүй. Нэг гартаа сонинд боодолтой юм барьж, нөгөө гараараа Цогоод үнсүүлсэн хацраа дарсан Сувд сая амьсгаа аваад дотогш оров.

                    ***                   ***                  ***                  ***                   ***

       Хичээл эхлэх дөхөх тусам  хөл нь хөнгөрч догдолдог байсан бол энэ удаа Сувд тэгсэнгүй. Харин ч хоргодоод байлаа.  Ирэх хавар төгсөх сургуульдаа явахгүй гэвэл ямар банга хүртэх, юу бодож энэ хүртэл явсан нь тодорхой биш болох учраас Сувд бэлтгэлээ базаав…

  “Нарита” олон улсын нисэх буудал дээр угтан авсан хайртай залуу нь ямар их санаж хүлээсэн нь илт байхад “Би хайргүй байсан гэж үү… Бид хоёр чинь хүүхэд байхаасаа үерхсэн… Улам хайртай болмоор юм. Гэтэл би яагаад энэ хүнийг биш тэр  залууг бодоод байгаа юм бол” хэмээн Сувд өөрөөсөө асуусан хэвээр байлаа.

     … Хичээл ихтэй, төгсөх шалгалт, шүүлэг гээд цаг нарыг  анзаарахгүй шахам явж байтал хавар хаяанд иржээ.

-Миний хайрт бос… Хичээлээ унш. Өнөөдөр шалгалттай … гээд өглөөний ундыг бэлтгэж бариад зогсч байх хайртай залуудаа уцаарлана.

-Би өөрөө мэдэж байна. Жаахан унтъя. Чи ямар ядаргаатай юм бэ…

     Хайртай  бүсгүйгээ ингэж хэллээ гэж гомдсон шинжгүй.

-Хайрт нь явлаа. Миний хайрт босоод цай, ундаа сайн уугаарай хэмээн аргадан, үнсээд гарна.

   Хотын дэгжин, царайлаг залуутай үерхээд охид, залуусын атаархлыг төрүүлэн маадгархан явж байсан бүсгүйд  түүний үг, үйлдэл нь заримдаа тээртэй санагдана…

-Та хоёр их адилхан… Заяаны хань адилхан байдаг юм гэсэн. Та хоёр ч ёстой заяаны ханиуд шүү…

        Найз нөхдийн магтсан, хайр сэтгэлийг дэмжсэн тэр хоёрт талархсан ийм үгс  хүртэл сайхан сонсогдохоо больжээ. Монгол руугаа бушуухан явах сан гэхээс өөр бодол Сувдад байсангүй.

 … Шалгалтуудаа амжилттай өгч, сургуулиа төгссөн бүсгүй хайртай залуугаа орхиод нутагтаа яаран ирэв. “Гуравхан сарын дараа сургуулиа төгсөнө” хэмээн догдлох  хайртай залуу нь:

-Хоёулаа хамт явъя. Миний хайрт энд хэдэн сар сайхан амраад ав… Эсвэл хайрт нь орчуулах ажил олж өгье хэмээн гуйжээ. Сувд өөрийнхөөрөө зүтгэсээр, дийлдгээрээ дийлсэн хэрэг.

-Хайрт нь хурдан очно оо… гэж хэлээд хоцорсон тэр залуу, юу бодож хайртай бүсгүй нь яаран буцсаныг эс мэднэ.

    Нутагтаа ирсэн бүсгүй хэд хоног сайхан амарчээ. Найз нөхөдтэйгөө уулзаж, сургууль төгссөн баяраа хуваалцан, өөрийн тааваар зунтай золголоо.

     “Жуулчдын түрүүч ирж байгаа даа” гэх сэтгэлийн дуудлагыг сонссон, мэдсэн юм шиг Японд байхдаа холбоотой байсан, түүний танил хэдэн хүн ирснээ мэдэгдэн утсаар ярив.

   Орчуулагч, хөтөч хийх жуулчдыг аятай, тухтай байлгаж, аятайхан хөтөлбөрөөр авч явна гэдэг нь Сувдын хувьд сайн мэдэх, чадах ажлын нь нэг болохоор санаа зовсонгүй.  Тэдний хамт шууд Мөнгөнморьтын Жуулчны баазыг зорьжээ.

      Монголын их тал нутаг ногоон торгон хэвнэгээ нөмөрч дуниартан налайх нь жуулчдыг алгаа тосон угтах мэт таатай. Жуулчид төвхнөж ядах юм байх биш дээ. Том үүргэвчээ оруулж тавиад, цаг хожих гэсэн шиг бушуухан гарч,  ойр орчны уул хад, дов толгод дамнан гүйнэ. Ингэх л гэж яваа улс, аргагүй. Байгалийн сонин хачныг олж харах, олзуурхах нь хорхой хүрэм. Тэд хараад, бариад орхидоггүй. Заавал өөрийн болгож зургийг авах нь атаархал төрүүлэм…

      Хоолны цаг арай болоогүй байв.

      Цэлмэг хөх тэнгэр, онгон дагшин үзэмжит байгаль жуулчдын сэтгэлийн чилээг гаргаж, магнайг тэнийлгэж байгаа нь илт. Магнай тэнийхийн сайхныг тэд мэдэхгүй. Гагцхүү хүний гар хүрээгүй байгалиасаа заяагдмал газар нутгийн минь энэ цогц сайхныг  нүдээр үзэж байгаа нь тэдний хувьд том аз завшаан.

     Жуулчид гайхаж, дуу алдан биширч байхад Сувд энэ сайхан нутагт төрж, өссөнөөрөө бахархан омогшино.

     Ойр орчны уул хадаар алхаж ийш тийш хараачлан дурандах тэдэнд бүх юм сонин, гайхамшигтай. Цаг шахам гадуур явж, ойр орчинтойгоо танилцсан жуулчид өдрийн хоолондоо орлоо.

    Хоолноос гарч ирсэн жуулчидтай гадаа зогсч байтал:

-Хүүе, Сувд… гэх баргил дуу ард нь гарав. Эргээд хартал нөгөө сайхан дуулдаг залуу инээгээд зогсч байлаа. Бүсгүй ичингүйрээд дуу нь гарсангүй.

-Сайн явж байна уу… За, тэгээд сургуулиа төгсөөд бүр ирсэн үү гэж ирээд хэзээний танилууд шиг танимхайрчээ.

    Урьд нь хоёр удаа найран дээр таарч, дуу хууранд умбан суусан болохоор танихаас яах вэ. Сувд мэндийг мэдэнгүүтээ:

-Танай морь, тэмээ ойрхон байгаа юу гэв.

    Нутгийнхан жуулчдад морь, тэмээгээ унуулж, хэдэн зоос халаасандаа хийхийг хичээдгийг мэдэх учраас Цогоод туслах санаатай ийн асууж.

-Жуулчид ирлээ гэхээр нь би өөрөө давхиад ирсэн. Энэ айл хэдэн сайхан морьдтой. Бас сарлаг, тэмээ бий байх шүү… гээд хойд дэнж дээр байх хэдэн гэр рүү заалаа.

    Цогоо инээвхийлэн духаараа харан зогссоноо:

-Одоо айраг цагаа арай гараагүй байгаа. Орой үхрийн сайхан тараг аваад ирэх үү. Бас шинэ ааруул, цагаан идээ сонирхуулбал… гээд үгээ гүйцээсэнгүй, Сувдын ам руу харав.

-Ямар сайн юм бэ. Үхрийн тараг, цагаан идээ байхад болно. Ийн хэлсэн Сувд жуулчид дараагийн хөтөлбөрийн дагуу ойролцоохь уул руу явахаар автобус руу явцгааж байгааг хараад:

-За тэгвэл, орой цагаан идээгээ аваад ирээрэй. Танайх эндээс хэр хол байгаа вэ гэж асуухад Цогоо:

-Холгүй, холгүй. Энүүхэн хөтлийн цаана зусландаа буусан гэлээ.

   Энэ удаагийн жуулчдыг буцан буцтал Цогоо хамт байжээ. Тэрээр өглөө эрт морио аваад ирнэ.  Зургийг харснаас биш ойр байж үзээгүй гадаадынханд хамгийн номхныг сонгож ирэх учиртай гэдгийг тэрээр сайн мэднэ.

   Цогоогийн авчирсан номхон хонгор морийг жуулчид биш Сувд өдөр бүр унаж, бүр өөрийн юм шиг зүслээд авчээ. Хонгор морийг унаад, Цогоогоор хөтлүүлэн явах түүнд хамгийн сайхан байлаа. Хэд хоног хөтлүүлж явсаар Сувд мориноос айх нь бүү хэл, ганцаар шогшиж, цогиод сурчихаж.  Хотод өссөн түүнд морь унах сайхан байлаа. Сувд ганцаараа унаж чадна гэж бардамнав.

-Номхон ч гэлээ наадахь чинь бас адгуус… гээд Цогоо дуртайдаа ч тэр үү ганцаараа морь унахыг зөвшөөрсөнгүй. Харин Сувд зөрүүдэллээ.

    -Цогоогоор хөтлүүлэхгүй… Ганцаараа давхиж үзүүлнэ… гэв. Моринд нь мордуулж, жолоо, цулбуурыг сайн атгуулаад, орхижээ.

   Морь унаж сурснаа харуулах гэж байгаа бүсгүй инээд алдаад их л маадгар байлаа. Нэлээд хол очсоноо морио эргүүлж зогсоолоо. Эгээ л наадмын түрүү морь тосон авах гэж байгаа юм шиг зогсоцгоожээ.

Гараа даллан инээсэн бүсгүй мориндоо ташуур өглөө. Морь нь ухасхийв. Гэтэл Сувдын хоёр хөл гозгоноод, мориноосоо унах нь тэр. Аминдаа ичиж нэрэлхэх аядсан бүсгүй бушуухан босоод хувцасныхаа шороог гөвчихөөд зогсч байтал Цогоо амьсгаадан гүйж ирснээ:

-Зүгээр үү… хэмээн асууснаа:

-Жолоогоо чангахан татаж барь гээд байхад… гэж зэмлэнгүй хэлснээ өөдөөс нь хараад жуумалзав. Тэгснээ Цогоо:

-Зөөлөн хөрстэй газар таарч. Түүнээс бус хөөрхөн нүүрээ халцалж сүйд болсон бол яана… гээд нүүрний шороог арчиж өглөө.

      Хувцсаа гөвөөд нэг их цэвэрхэн, бараг мориноосоо унаагүй хүн шиг зогсч байсан мөртлөө нүүр нь бөөн шороо болсон байсныг мэдээгүйдээ  ичсэн бүсгүй:

-Бүүрэгнээсээ сайн барьдаг байж… хэмээн сулхан хэлэв.

     Морио хөтлөн  гэр буудал руугаа алхаж явахдаа Цогоо, Сувд хоёр элгээ хөштөл инээцгээлээ. Мориноосоо уначихаад нүүр нь бөөн шороотой амьтан инээгээд зогсч байсан Сувдын онигоо хэдэн өдөр Цогоогийн амнаас салсангүй. Энэ удаагийн аялал Сувдын хувьд урьд урьдынхаас илүү хөгжилтэй, сайхан байлаа. Цогоо ч өглөө ирж, орой буцдаг  жуулчны баазын ажилтан шиг  завгүй байв.

     Жуулчидтайгаа холын замд гарч “Зоргол хайрхан” уулын бэл орчмоор явж хоёр хоноод ирэхдээ “Цогоо байгаа болов уу” хэмээн битүүхэн яарсаар ирлээ.

      Ийнхүү хөдөөний малчин залуу, орос сургуульд  “А” үсгээ заалгаж, Японд их сургууль төгссөн гадаад хэлний мэргэжилтэй бүсгүй хоёр хоног хоногоор дотносч, хэн хэний нь сэтгэлд  нандин хөг нэмжээ.

                        ***                   ***                  ***                 ***                 ***

      Удахгүй төгсөх  хайртай залуугийнхаа ирэх хугацааг дөхөх тусам Сувд “Би яагаад Цогоо руу тэмүүлээд байгаа юм бол” гэх асуултыг өөртөө тавина.   “Хүүхэд байхдаа үерхэж эхэлсэн Зоригоодоо хайргүй гэж үү… Хүүхэд насны шохоорхол гэдэг нь энэ юм уу” хэмээн гайхна. Бүсгүй үнэхээр Японоос ирэх Зоригоог биш хөдөөний малчин Цогоог бодож, бүр санаад байлаа.

   Хөлийг нь угааж өгөхөөс эхлээд хоол, унд юу дуртайг хийж бэлэн болгоно… Хайрын нандин бүх үгийг харамгүйгээр, байнга хэлж бялууруулдаг Зоригоогийн тэр байдал биш хааяа инээчихээд хэнэггүй суух, гүдэсхэн зантай, гоё дуулдаг Цогоо байгаа төрхөөрөө бүр дуулаад сууж байгаа нь сэтгэлийг соронзоджээ.

    -Гуравхан сарын дараа  төгсөөд хайртай бүсгүй дээрээ очно хэмээн Зоригоо хөөрцөглөж байхад Сувд жуулчидтай явах гэж байгаа хүн шиг чемодантай хувцсаа бариад Цогоогийнд очлоо.

   Хотын унаган охин хөдөөний малчин эрийн гэргий болохоор шийдсэн нь энэ.

    Аав, ээж, ар гэрийнхэн нь түүнийг ийм шийдвэр гаргахад нүд нь орой дээрээ гарах шахацгаасан гэдэг. Аргадаж, аашилж янз янзаар үзээд Сувдын энэ  сонголтыг зогсоож чадаагүй. Хэзээний малчин эрийн цайны хүн болоод байхад нь ирсэн Зоригоо хэдэн өдөр гуйж, хичнээн удаа нулимстай нүдээрээ аргадсан ч   Сувд нүүр буруулан, зүтгэсэн хэвээр…

   Аав нь амин хайртай охиноо аминчлан гуйж:

-Миний охин мал мэдэхгүй… Малчны амьдрал гэдэг чинь тийм амар биш… гэдгийг хэлж, тайлбарлаад ч тусыг эс олж.

   … Хүүхэд насны шохоорхлоор хөтлөлцөн гүйж явсан “хайртай” гэдэг үгийг нь харамгүй сонссон Зоригоог орхин, Цогоотой суусан Сувд огт өөр орчинд хөл тавьж байгаагаа тийм сайн төсөөлөөгүй.

    Нойроо ханатал унтдаг байсан бүсгүй өглөө эрт босч үнээ саана. Арайхийн саалийн ажил дуустал араас нь сүү хөөрүүлж, аарц буцалгах, ааруул тавих гээд эхлэл, төгсгөлгүй ажил үргэлжилнэ. Арайхийн ард нь гартал тугал, хурга услахаас эхлээд бас л ажил… Амсхийх нь дээ гэтэл аргал түүх, усанд явахаас эхлээд огт гар хумхих завгүй… Сувдад эхэндээ энэ бүхэн сонин санагдах нь хайрын их эрч хүчнийх байсан гэлтэй.

    Зуны саалийн цаг өнгөрч гар амрах сураг гартал намрын хадлан бордоо өвс, тэжээл гэсэн цоо шинэ ажил гараад ирэх. Энэ бүгдийн ард гартал өвлийн хүйтэн айлчлаад иржээ. Үстэй дээл, үнэгэн малгайнаас салахгүй шахам бөгтөгнөх бүсгүй шантармаар байсан ч нэгэнт өөрийн нь сонголт. Сайхан дуулдаг, хайртай залуутайгаа суусан болохоор тэр бүгдийг хийх гэж тэмүүлнэ. Хийж ч байлаа.

      Малчин эрд хайраа зориулсны хариуд хөөрхөн охин төрүүлсэн Сувд тун баяртай байв.

      Хүйтэн гэрт өглөө босох, шөнө босч хүүхэд хөхүүлэх, хуурайлах гээд хэзээ ч төсөөлж байгаагүй бүхнийг тэр давжээ. Гэрээ санана. Ямар үед гээч… Даарахаараа… Бас мах, гурил хоёроос уйдахаараа… Сувд ийм эрх танхи өссөн бүсгүй. Охиныхоо юугаар дутаж, юу үгүйлж байгааг мэдсэн юм шиг аав нь долоо хоногт заавал илгээмж явуулна. Хотын чихэр, жимс, за тэгээд Цогоогийн хувь бололтой нэг шил юм, шүүлтүүртэй тамхи хайрцаг, хайрцгаараа… Мал маллах нь бүү хэл зуслан дээр байхдаа өглөө сүү, тарганд ч тоотой явж үзсэн охиноо гэсэн аавын хайр ийм агуу байлаа.

  Охин нь өсч ой өнгөрөөд хүн, хүний хайр татсан хөөрхөн амьтан хөлд орсны нь дараахан Сувд дахин жирэмсэлжээ. Хотод, гэртээ байсан бол бие давхар, нялх хүүхэдтэй гээд ямар их ямбалж байх бол хэмээн бодох үе цөөн биш… Хөдөөний ажил дуусч дундарна гэж үгүй. Хамтдаа хөдөлж, хамт зүтгэж гэмээнэ ард нь гардаг тийм л ажил гэдгийг ухаарсан Сувд гар хумхин суухгүй ээ. Чадлаараа хийсээр байгаад төрөв. Ингээд Сувд хоёр охины ээж боллоо. Ам бүл нэмэхийн хэрээр ажил нэмэгдэнэ. Бас мал өсөхийн хэрээр суух завгүй болдгийг биеэр мэдэрсэн бүсгүй тасралтгүй таван жил хөдөө амьдарчээ. Хадмынхантай хаяа нийлэн айлссан энэ он жилүүдэд Цогоогийн аав, ээж ахан дүүс Сувдад ам сайтай байлаа. Хөдөөний ажил төрөл сайн мэддэгтээ биш. Сайн хийх, сурах гэсэн Сувдын тэмүүлэл  хадмуудад нь байтугай тэр хавийнханд үнэлэгддэг.

     Хоёр охиныхоо хажуугаар хэдэн малын сүү сааль, аргал хүйдэстэй зууралдах Сувд хааяа гомдол тээх болжээ.

      Цогоо архи балгахаараа агсамнана. Бас айл гэр болж ам бүл нэмэгдээд алгын чинээ хоёр охин нь бүлтийтэл хүлээгээд байхад хэд хоногоор алга болно. Сувд гоморховч түүнийг уучлах нь  амархан, бас олон. Хоёр хүүхэдтэйгээ зууралдаж хөдөөний ажилд нухлагдсан охин нь царай алдан, нэг л гундаад ирэхийг эх, эцэг, ах, эгч нар нь андахгүй. Гэвч бүсгүй бүгдийг нууна. Сайн сайхан, бүх юм болж бүтэж байгаа мэтээр ойлгуулахыг хичээнэ.

     Тэрээр долоо хног бүр ааваасаа ирэх 50000 төгрөгтэй, талх, ногоо, хоёр охиндоо өгөх чихэр,жимс амттан тээсэн илгээмжээ хүлээнэ.

     Хотоо, гэрээ санавч ямар буцаад гүйлтэй биш. Сонголтоо даган чимээгүйхэн амьдралын төлөө зүтгэнэ. Хичээнэ. Цогоог аргадна, аялна. Түүнийг дэндүү их хайрлана. Үнэхээр хайртай гэдгээ мэдэрнэ.

      Ханиараа хоёр охиныхоо ааваар бахархах үе олоон. Наадам дөхөхөөр морь уяад гэрийн бараа харахгүй явах нөхөр нь хааяа ирэхээрээ ямар их санагалзсаныг харах, мэдрэх сайхан. Уясан морьд нь айраг, түрүү авахад магнай хагартал баярлан, өмөлзөж зогсох нөхрөөрөө бахархана. Түрүү булааж айрагдаагүй ч гэсэн уяаны  нь морьд сайхан давхиад ирэхэд самсаа шархирах ямар сайхныг Сувд мэднэ.

    “ … Улам ухаантай бас  ихийг мэдүүлэх, ойлгуулах гэж ийш нь томилсон юм биш үү” хэмээн  найз нөхөд нь Сувдыгаа магтаж, бахархах нь түүнд урам болох.

      Зуны дэлгэр цагт малчны хот айл налайгаад сайхан байдаг.  Бороо хуртай жил мал нь тарган, сүү сааль элбэг. Айраг цагаа эрт гарна. Хүн малын зоо тэнийсэн энэ сайхан цагт  малчид бие биенийдээ зочлон найрлаж, наргина.

         Цогоо сайхан дуулахын зэрэгцээ хуруу, дэмбээгээр хэнийг ч урдаа гишгүүлэхгүй. Ойр хавийнхан нь найр бүхэндээ Цогоог урина, зална. Дуулуулах, гэрийнхээ жаврыг үргээх гэж тэр. Эр хүнийхээ хувьд  өөрийгөө чимсэн гүндүүгүй сайхан зан чанар, авьяас түүнд бий…

       Гэвч Цогоо бор дарс руу шунан тэмүүлж, тэрнийхээ ааг, хорыг авч суусан эхнэр, хүүхэддээ гараж, гар далайх нь олширсон нь Сувдыг хатуухан сорилтонд оруулжээ.

     Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл дундуур байгаа нь гаднаасаа андашгүй. Царай зүс алдаж, цаанаа л нэг гуниг тээх нь ил болов. Гэвч нөхрийнхөө тухай, тэр тусмаа саар болохгүй ааш авирын талаар Сувд ам нээхгүй. Гэрийнхнээсээ нууна, өмөөрнө. Өөгүй сайн хүн шиг түүнийг халхавчилсан хэвээр.

     Тэрсхэн хоёр охин нь сургуульд орлоо. Эзэгтэй, ээжийн үүрэх ачаа нэмэгджээ.  “Амьдрал тэгшрээд, хүүхдүүд өсөөд, аандаа зан авир нь гайгүй болох биз” гэх итгэл найдлагын гал нь улам улмаар бөхөх мэт. Цогоогийн байгаа байдал улам дордохоос дээрдэж, өөдлөх тийш хандсангүй… Гэлээ ч Сувд гэр рүүгээ гүйгээд явчихсангүй. Зүтгэж, итгэж, тэвчиж байлаа. Хоёр охин нь сургуульд орсон болохоор тэднийх суурин бараадаж, жижиг гэрээрээ сумын төв дээр буужээ. Хаана, хэнд ч гологдохгүй боловсрол мэдлэг, мэргэжилтэй бүсгүй хоёр охиноо асрахын зэрэгцээ сумын сургуульд багшилжээ. Харин гэрийн эзэн Цогоо их гэрээрээ, аавынхтайгаа хамт  мал хуйгаа харахаар хөдөө үлдэв.

    Ийн хоёр гэрээр хоёр талд амьдрах болсон нь тэдний амьдралыг илүү завсартай, зайтай болгосон гэлтэй.

      Сурагчийн амралтаар очсон эхнэр, хоёр хүүхдээ очиход Цогоо эзгүй байх бол энүүхэнд. Хайрлаж, дурлаад суусан ханийнхаа тухай элдэв саар бодол тээж өөрийгөө болон өрөөлийг зовоож байсан удаа бүсгүйд байхгүй.

      Гэлээ ч таван жилийн амьдрал түүний санасан, төсөөлсөн шиг сайхан байгаагүй нь Сувдыг аав, ээж , ах, эгч нарынхаа өмнө гэм хийсэн адил нүүр буруулахад хүргэжээ. Заримдаа бүр тэднээсээ дайжиж байсан нь нууц биш. Учир юу вэ гэвэл, тэднийхээ үгийг эс тоон ийм сонголт хийсэндээ гэмшсэндээ тэр. Тэгээд хөдөө бол хөдөө. Сувд урьдынх шигээ гял цал биш, зузаан дээл, хүрэм өмсөнө. Нүүрээ будах, гоодох бол хотынхноос мэдээж өөр байх. Хоёр охиноо хэрэндээ цэмцийлгэж, аль чадахаараа гоёвч тэр бүгд нь угийн тансаг, хангалуун амьдралд өсч өндийсөн, өөрсдөө том ажил, алба хашиж яваа гэрийнхэнд нь эс таалагдах. Ялангуяа түүний сонголт болоод байгаа байдал нь эгч нарт нь огт таалагдаж байгаагүй. Тиймээс дүүгээ зэмлэх, шүүмжлэх бол энүүхэнд. Эгч нарын ингэж хэлэх нь дүүд ямар хэцүү хүнд тусдагийг тэд огт төсөөлөхгүй. Яагаад гэвэл өөр орчин тэр тусмаа хөдөөний амьдралыг мэдэхгүй.

-Наад царай зүсээ хар… Ингэж ч явах гэж… Юу өмсөөд явж байгаа юм бэ…

-Энэ хүүхдүүддээ гайгүйхэн хувцас аваад өмсгөчихөж чадахгүй байна уу… Ийм юм өмсгөөд байхдаа яах вэ дээ. Наад муухай хувцсыг нь тайл… Үүнийг өмсгө. Яаж ийм юм өмсгөж байдаг юм бэ… Хотод ирж гэртээ хэд хоноход эгч нараасаа ийм үг сонсоно. Уг нь тэд нар Сувдыг, хоёр охинтойгоо хамт сайхан, дэгжин, ганган байлгахыг хүссэндээ хэлж байгаа. Гэвч дүүд нь ямар өөр өнцгөөс, яаж хатуу бууна гээч. Яагаад гэвэл тэд ийм амьдрал, энэ бүгдийг мэдэхгүй. Зөвхөн энэ гэр дотор хот, хөдөөний ялгаа ийм тод илрэх нь Сувдад л хэцүү байв…

     Малчинд ямар цалин байх биш. Малынхаа арьс шир, ноос ноолуураас хэдэн төгрөг олно. Тэр нь аманд ч үгүй, хамарт ч үгүй. Хотон дахь хэдээсээ барьж өгөөд өөрсийн хэрэгцээний эд бараа, хоол хүнсээ авах нь нүүдэлчин монголчуудын амьдралын тогтсон хэв маягийн нэг. Иймэрхүү бэл бэнчинтэй тэд гар дээрх хэдэн төгрөгөө хямгадах, хямд төсрийг сонгодог ч бас хотынхноос хавьгүй сайн сайхныг сонгох эдлэх, хэрэглэх юман дээрээ гар татахгүй ээ.

    Аав нь байнга илгээмж явуулна. Ах нь гурил, будааг шуудай шуудайгаар аваачиж өгнө. Эгч нар нь дүүдээ болон охидуудад нь хамгийн гоё, ганганыг сонгож явуулна. Хүүхдүүдийнхээ болон өөрсдийн томдсон багадсаныг илүүчилнэ. Цогоотой суухад нь дургүй байсан ч гэлээ ууган охиноо тээсэн жил нь том таван ханатай цоо шинэ гэр бэлтгэж өгөөд, охин, хүргэн хоёрынхоо хуримыг нижгэр хийж байсныг нутгийнхан сайн мэднэ. Хэдийгээр өөрсдөд нь мал байхгүй ч гэсэн малчин болсон охиноо хувьгүй, хөрөнгөгүй явуулаагүй. Аав нь нутгийнхнаас тавин бог, бас хэдэн саалийн тугалтай үнээ худалдаж авч өгчээ.

  Сувд юугаар ч дутаагүй. Хайраар л дутсан. Бас хот хөдөөний ялгаа нэг гэрт өссөн эгч дүүсийн дунд илт гарч, тэр нь үг хэлээр дамжин ирдэг нь түүнийг мухарт шахах шиг болно.

                       ***                  ***              ***               ***             ***

         “Би хэнээс ч дутахгүй сайхан амьдарна. Хоёр охиноо цэцэг цэврүү шиг өсгөнө”. Сувд ийм итгэл дүүрэн…

        Хатуу ширүүн ааш авирыг энэ олон жил тэсч тэвчсэн бүсгүй нэг л өдөр замаа өөрчлөхөөр шийджээ. Цогоогоос салаад, хот оров. Аав, ээж нь бага охиндоо орон байр авч өгч, товхинууллаа. Эгч, ах нар нь мэдээж түүний амьдралд тус дэм болох бүгдийг өгсөн. Гэлээ гээд амьдралд хэрэгцээт юм үргэлж байсан чигээрээ байгаад байдаг биш шүү дээ. Сувд ажилд орлоо. Орчуулагч хийсэн. Түүний хамгийн сайн чадах ажил. Хоёр охинтойгоо гурвуулаа нэг жил хэртэй санаа амар, сайхан байжээ. Цогоо хааяа ирж охидоо өвөртөлж унтахад Сувд муухай ааш гаргахгүй. Сайхан хоол цай хийж өгнө. Хувцас хунарыг угааж, хир тоосноос нь салгаж өгөөд явуулна. Ингэж байснаа Цогоо “…Эргээд хамтдаа амьдаръя” гэж гуйсан.

      Хотын төвд тохилог сайхан амьдарч байгаа эхнэр хүүхэд дээрээ дахин очихдоо тэр залуу ичээгүй. Сэтгэлд хайр бас итгэл байсан учраас Сувд түүнийг  хоёр охины минь эцэг гэсэн халуун дулаан сэтгэлээ дэвсэн хүлээн авав. Энэ үед ар гэрийнхнийхээ эсэргүүцэл, дургүйцлийг бүсгүй мөн л өөрийнхөөрөө сөржээ.

      Хэд хоног тарвалзан, бөөцийлүүлэн хэвтэж байгаад хөдөө мал руугаа явах Цогоо сараас хэтрэхгүй хүрээд ирдэг байсан бол энэ удаа бараа нь харагдахгүй бараг хоёр сар болов. Сувдын цээжинд энэ л үед гоморхлын хур үерлэжээ.

     Түүнд хамгийн хэцүү нь “Эгч нартаа юу гэж хэлэх… Өнөөх Цогоо бас алга болсон” гэх үү… хэмээх асуудал байв.

       Ямар ч байсан хүний гар харахгүй хоёр охиноо цэмбийтэл авч явна.  “Ахиухан мөнгө олж, амьдралаа тэднээс дутуугүй авч явна” гэх тэмүүлэлдээ хөтлөгдөн ажилд шамджээ. Жуулчны улиралд түүнд ажил мундахгүй. Бусад үед нь бас нэг орчуулгын товчоонд харьяалагдан ном, товхимол орчуулах гээд ажлаар тасарсангүй.

    Олсон хэдэн төгрөг, авсан цалингаараа гэр орноо тохижуулах гурван биеэ хооллож, хувцаслах, эгч нартаа таалагдтал амьдрах  гэж  Сувд хичээв.

“Үгэнд ороогүй”, “Зөрсөөр байгаад хөдөөний хар юмтай суусан”, “Гэтэл одоо яаж байна….”  гэх хэл үг арайхийн дарагдаж байлаа.

      Хөдөө даарч хөрч, эхлэл төгсгөлгүй ажилд нухлагдахгүй хоёр охинтойгоо гурвуулаа тааваараа байх шиг сайхан юм хаана байх вэ…

        Архи уух бүртээ агсамнан дөвчигнөх Цогоогоос дальдчин, сургаар нь бараг зугтаж, нуугдаж байсан бүсгүйн сэтгэлд хургасан айдас ч ор мөргүй болжээ.

      Гадаад, дотоодын их, дээд сургууль дамжин төгссөн атлаа охид бүсгүйчүүд харц унагааж явдаг тийм сайхан, хайртай залуугаа орхиод хөдөөний малчин эртэй суусанд тэдний үеийнхэн найз нөхөд нь гайхдаг. Бүр үнэхээр Сувдын энэ сонголт олон хүнийг ангайлгасан байжээ, тухайн үедээ…

                           ***                 ***                ***               ***               ***

     Хөдөө өнгөрүүлсэн таван жилдээ Сувд тэгтлээ харамсдаггүй. “Надад хоёр сайхан охин заяасан…” хэмээн билэгшээнэ. Инээдэмтэй, адал явдал дүүрэн он жилүүд байсан нь санаанаас үл гарна. Сувд хөдөөгөө санадаг, дурсдаг, мал, малчны амьдралаар бахархдаг. Энэ бол түүнд ухаан нэмсэн цаг хугацаа байсан учраас тэр.

   … Үнээ байтугай ямаа сааж үзээгүй шахам бэртэй болж байна гэж хадмууд нь төсөөлөөгүй. Хүүгийндээ ортол өглөөний сүүгээ хөөрүүлсэн бололтой ч тогоо нь дулимхан харагджээ. “Хоёр хувааж хөөрүүлэх гэж байгаа биз” хэмээн бодоод тоосонгүй. Гэтэл маргааш өглөө нь үнээгээ саагаад орж яваа бэрийнхээ хувин руу хартал талаас доогуур, жаахан сүү бариад явж байж.

-Чи чинь үнээгээ  бүгдийг сааж чадав уу гэж асуутал:

-Бүгдийг саасан гэж. Хадам ээжид хэлэх үг олдоогүй хэрэг. Цааш дуугүй яваад өгөв. “Бүгдийг саасан” нь үнэн боловч саасан сүү нь дэндүү бага байгаа учраас тэгж асуусныг ойлгосон Сувд түүнээс хойш улам хичээж, их сүү саах, хувингаа дүүргэх гэж хичээх болсон гэх. Хотын бүсгүйд бас нэг авьяас шаардсан хүндхэн ажил нь өвлийн идэш хоолны цагаар гэдэс цэвэрлэх.   Тэр дундаа гүзээ хуулах нь түүний хамгийн дургүй ажил. Болж өгвөл базаж, бөөрөнхийлөөд нохойны ам руу шидчихийг бодно. Хадам хөгшин хажууд нь байвал яах ч  арга байхгүй…

       Хөдөө хээр явж үзээгүй бүсгүй гэрээсээ жаахан холдвол, тэр тусмаа нар жаргах юм бол төөрнө. Тиймээс тэр болгон орой болсон хойно гэрээс хол явахгүйг бодно. Гэхдээ яалт ч үгүй үед малын хойноос мордох, явах ажил гарна аа.

    Нэг удаа Цогоо бас л эзгүй байж. Бороо орох гээд тэнгэр муухайрчээ. Гэтэл тэдний хонь нэлээд хол байсан тул Сувд мордохоос өөр арга байсангүй. Түүнийг мордонгуут бороо орж эхлэв. Битүү үүлтэй тул газрын баримжаа, зүг, чиг олоход хүндхэн болжээ. Хонины зүг яаравчлавч байсангүй.  Нар жаргаж, харанхуй боллоо. Бороо ч тогтож. Юун хоньтой манатай бүсгүй гэрийн зүг явтал төөрчээ. Ашгүй айл харагдангуут тэднийд очив. Түүнд гэрийн байршил гадаа байгаа мал ахуйг анзаарах сөхөө байсангүй. Гэрээ асуухаар яарчээ. Том гэрт орж, мэнд мэдээд:

-Цогоогийнх хаахна байгаа бол… хэмээн асуутал:

-Юу гэнэ ээ, хүү минь… гээд орноосоо өндийж ирсэн хүн нь хадам аав нь байжээ. Гаднаа ирчихээд хадмынхаасаа гэрээ асуусан Сувдын онигоо тэр зунжингаа яригдаж инээлгэсэн гэх. Хонь нь аль хэдийнэ хотондоо ирээд хэвтжээ. Эзгүй байсан нөхөр нь түүний араас дуугүйхэн орж ирэхдээ:

-Чи бороогүй байсан ч төөрдөг биз дээ хэмээн бараг үнэнийг зэмлэнгүй хэлж…

 Энэ мэт түүнд хөгтэй явдал цөөн бус.

       Өвлийн өглөө галлаагүй гэрт босно гэдэг түүнд хамгийн хүнд. “Босохгүй бол болохгүй” гэдгээ мэдэж байвч хөнжилдөө шурган хэвтэж байтал хадмын дуу гарна.

-Сувд… Хөөе, Сувд үхрээ тавиарай… Даарч байснаа мартан шууд босоод гарна. Холхиндог гутал өмсчихсөн тууж л явна. Дотуураа цамц дулаан хувцсаа өмсч амжилгүй үстэй дээл хэдрээд гүйх ч энүүхэнд. Хэдэн үхрээ тавьж туучихаад гараа дулаацуулах санаатай орж ирээд зогсч байтал ахиад хадам дуудна.

-Хүйдсэндээ… Миний хүү эртхэн ажлаа амжуул… гээд хангинах.

   Гэртээ байсан бол дулаан байшинд, хөнжилдөө шургаад үд хүртэл унтана даа гэж бодох үе зөндөө… Мал мэдэхгүй, хөдөөний ажлаас дэндүү хол тэр бүсгүйд нутаг усныхан ам сайтай. Ажилсаг, зочломхой, наргианч гээд магтана.

Хөдөөнийхөө найзуудад уншсан ном, үзсэн киногоо ярьж өгөхөд тэд бүх ажлаа умартан, тэднийд өнжих нь олонтаа. Хөдөө очсон хотын бэрдээ нутгийнхан, хадмын талынхан бүгд хайртай байлаа…

                  ***                      ***                    ***                     ***                   ***

      Хөдөөнөөс орж ирээд хотод амьдрах болсон түүнтэй тааралдвал бараг эвэртэй туулай үзсэн мэт гайхаж:

-Дахиад хөдөө явахгүй биз дээ… гэх үгийг цөөн бус сонссоны дараа Сувд “Миний толгой эргээгүй… Хайр дурлалдаа төөрсөн” гэх дүгнэлтийг хийжээ. Хэрэв Цогоо хүн шиг байсан бол тэр “Хот, хөдөө  хаана  ч амьдарсан яах вэ…. Сайхан байна”  гээд нүүр бардам инээгээд явж чадах  байсан.

     Цогоо усанд хаясан чулуу шиг алга болсноос хойш сар гаруй хугацаа өнгөрчээ. Хоолонд дургүй болж, хааяа огиулаад байсан бүсгүй жирэмсэн болсон байв. Хүн чанараа гээсэн тэр залуугаас дахин хүүхэд тээгээд хоцорсон Сувд “Гэрийнхэндээ мэдэгдэхгүйг хичээсэн болохоос түүнийг тээхгүй, төрүүлэхгүй” гэж нэг удаа ч бодож үзээгүй. “Эцэг нь муу, муухай…” гэж хэвлийдээ бүрэлдэн байгаа үрийг ад үзээгүй нь тэр бүсгүйн гайхамшигт чанар.

    Эх байх, ээж болохын сайхныг тэр их сайн мэднэ. Хүүхдэд тийм их хайртай… Эмэгтэй хүнд бурханаас өгсөн тэр л гайхамшигт тавиланг дэндүү сайхнаар төсөөлж, хүлээж авсан нь Сувдын онцлог. Гэвч түүнд ганцхан айдас давалгаалж байлаа.

         “Эгч нар минь юу гэх бол…” гэх . Тэдний хэлэх үгийг сайн мэдэх учраас ийн айж эмээсэн хэрэг. Ээжтэйгээ хуйвалдан, жирэмсэлснээ нууж явтал бүгдийг мэдсэн байлаа.

 Хөдлөөд хоёр сар гаруй болсон амьтныг “Битгий гарга” гэж хэлж чадаагүйд баярлавч, эцэг нь энэ хүүхэд хэвлийдээ ийн торнин байгааг  мэдэхгүйд гомдоно.

    Заримдаа эгчийнхээ хэлсэн үгэнд эмзэглэнэ.

-Эцэггүй энэ олон хүүхдийг чи яаж хүн болгож өсгөх хүн бэ… Энэ хоёрыгоо олигтойхон хүн болгохын оронд дахиад хүүхэд гаргана гэж санаанд чинь багтлаа гэж үү…  Харахаараа ухаангүй болчихдог  тэр  залуу чинь одоо яаж байна… Чамд өөрийн гэсэн толгой алга… Манай удамд ийм  хүн байхгүй. Аав, ээж хоёр минь биднийг яаж өсгөж, хүмүүжүүлж, ямар сайхан сургууль соёл төгсгөсөн билээ…

Энэ бүх үг үнэн гэдгийг Сувд сайн мэднэ. Гэвч “Намайг муу муухайгаар хэллээ…”  гэх гоморхол тээх нь бий…

      Хаврын хавсаргатай зэврүүн өдөр. Сувд өвдөж эхэлжээ. Хоёр охиноо гаргахад төдийлөн дуншаагүй, өвдөөгүй атлаа энэ хүүхдийг төрүүлэх үед бүтэн гурав хоног өвдөв.  Энэ үед Сувд “Эрүүл саруул, эсэн мэнд амаржин, хөөрхөн хүүхэдтэй болно” гэсэн тэмүүллээр өөрийгөө босгож байлаа. Тэрээр үүрээр хагалгаанд орж дахиад хөөрхөн охинтой болжээ. Удаан өвдсөн, сэтгэл санааны хувьд тийм сайн биш үед хагалгаа хийлгэсэн тэрээр тэнхрэх гэж нэлээд удав. Бусдын хөхөөр амлан хүний гар дамжин, хооллож яваа охиноо өрөвдөвч, өөрөө хурдан тэнхрэхийг хичээжээ.   Сувд охиноо харж тэжээгдэж, охиноо тэвэрч тэнхэрчээ. Хөхний сүү   сайн байгаагүй ч охиноо хоолшуулна. Хоног хоногоор булцайж өнгө засах охинтойгоо хамт байсан хоёр сарын хугацаа Сувдад хамгийн ихийг бодогдуулж, ойлгуулжээ.  Гэхдээ тэрээр “Миний буруу сонголт, алдаанаас болж миний охиныг хэн ч ад үзэхгүй” гэдэг дээр хатуу зогсов…

     Эгч нар, гэрийнхэн нь  “Охиныхоо ирээдүйг бас өөрийгөө бод…” гэх. Яаж бодож, тунгаагаад Сувд тэдний саналыг хүлээж авах хэцүү ч, шууд эсэргүүцэж чадсангүй.        Бяцхан охины нь ирээдүйг бодон, хэлж, ярьж гаргаж буй гэрийнхнийхээ шийдвэрийг дахин эсэргүүцэж зүрхлээгүй. Зөрөх, өөрийнхөөрөө зүтгэх гэдэг Сувдын хувьд алдаа болсон учраас тэр…

… Хоёр сар хүрсэн жаахан охиноо хүнд өргүүлэхдээ харамсаагүй. Охиныхоо ирээдүйн зам мөрийг гэрэл гэгээтэй байг гэсэн эхийн сэтгэлийн хат ийм чанга байв.

     Харин айлын сайхан охинтой ханилан сууж, гурвын гурван хүүхдийн аав болсон тэр залуу дуулдаг хоолой шигээ сайн, сайхан байж чадаагүй. Тэр бүү хэл, тэрээр бага охин нь хорвоод мэндэлсэн гэдгийг огт мэдээгүй яваа. Хэрэв мэдсэн бол тэр залуу хүний урманд “Бие чинь сайн уу, ямар хүүхэд гарав” гээд утсаар асуучихаж чадаагүй. “Аав” байх, эр хүн байх хоёрын хооронд их том ялгаа байж болох ч хүн байхын утга учраас хазайна гэдэг аймшигтай…

Халуухан зүрхэндээ хайрын тамга даруулсан энэ бүсгүй одоо ч Цогоогийн дуулдаг дууг сонсох дуртай. Хайрынхаа тамга, дурсамжийг ингэж тод хэвээр хадгална гэдэг бахархмаар. Хайрыг ямар баллуурдаж болох биш. Зүрхэндээ тамгатай энэ бүсгүй хайрандаа умбаж явна.  Тулгын гурван чулуу шиг чандманлаж өссөн охидууд нь ээжийнхээ дутуу хайрыг нөхөж  явна…

Ажил, амьдралаараа сувд адил гялалзаж яваа хүн бол Сувд. Далайн сувд ховор атлаа эгэл харагддаг ч ямар их үнэ цэнтэйг бид мэднэ. Энэ бүсгүй тийм л хүн. Эгэл атлаа эрхэмсэг байх хамгийн гоё.

Ж.Дүүрэнжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх