УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн 100 хувь дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ есдүгээр сарын 27-ны өдөр өргөн барьсан.
Уг зөвшилцөх саналд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэр өдөр нь албан бичгээр хариу илгээсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хариу албан бичигтээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.
Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье” гэсэн билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүн 100 хувь санал нэгтэй дэмжлээ.