Нийтийн тээврийн автобуснаас ялгарч буй хорт утааг шүүх технологи нэвтрүүлнэ

2017 оны 09-р сарын 25 өдөр, 12 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
teevriin

Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Японы техник технологийг хувийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Комотек корпораци нартай хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

PM буюу агаар бохирдуулагч тоосонцрын асуудал нийслэл хотод тулгараад байгаа шийдвэрлэх ёстой гол асуудлын нэг. Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж буй автобуснууд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааны дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд хүний амьсгалах түвшинд ялгардагаараа хор хохиролтой гэдгийг албаныхан хэлж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ЖАЙКА-ийн төлөөллүүд өмнө нь хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр санал солилцож, үйл ажиллагаа, арга хэмжээний талаар нарийвчлан судалсан байна. Үүний үр дүнд дизель автобусны хөө тортогын ялгаралтыг бууруулахын тулд тус байгууллагаас буцалтгүй тусламжийн шугамаар энэхүү технологийг нэвтрүүлэхээр болжээ.

Энэхүү төхөөрөмж нь Улаанбаатар хотод хийгдсэн туршилтаар РМ хөө болон хүхэр ихтэй түлшний тортогийг 80-аас дээш хувиар бууруулж байсан нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд хүйтний улиралд тэсвэртэй, элэгдэл багатай, олон жилийн туршид ашиглах боломжтой зэргээрээ давуу талтай аж.

Ирэх сараас эхний ээлжинд 20-30 нийтийн тээврийн автобусанд суурилуулж, цаашид үе шаттайгаар хэрэгжүүлж төрийн өмчит компанийн автобуснуудад нэвтрүүлэхээс гадна энэ төрлийн төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг судалж үзэхээр ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх