БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

2017 оны 09-р сарын 20 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baigali

ХБНГУ-ын Берлин хотноо 2017 оны 3 дугаар сард болсон НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (НЭЗТТ)-ийн Сайд нарын хурлын үеэр НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу энэ өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 20, 21-нд Улаанбаатар хотноо тус хурал зохион байгуулагдаж байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган нар НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хуралд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тодруулбал, уг уулзалтад Норвегийн уур амьсгал, байгаль орчны яамны ахлах зөвлөх Лаурас Гиснас, тус яамны Эдийн засаг хөгжлийн хэлтсийн ажилтан Гури Стораас, Финландын Гадаад хэргийн яамны Олон улсын байгаль орчны бодлогын хэлтсийн зөвлөх Маржаана Кокконен, БНСУ-ын Байгаль орчны яамны Дэлхийн байгаль орчин, олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Юнхи Лий зэрэг хандивлагч орны төлөөлөгчид, мөн НЭЗТТ-ийн Удирдах зөвлөлийн дарга, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Тим  Кастен  болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчны хөтөлбөр, Сургалт судалгааны хүрээлэн, Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөгчид ирсэн юм.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол зочид, төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлээд, НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь нэн таатай үйл явдал болж байгааг онцолсон юм. Мөн тэрбээр “Монгол Улс бол уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай улс. Тэр утгаараа экологийн тэнцвэр алдагдах болон цөлжилт цаашид үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс засч болохгүй аюултай байдал үүсэхээс өмнө хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих шилжилтийг хийж эхлээд байна. Байгаль орчны төлөв байдлын судалгааг эрдэмтэн, судлаачдынхаа хүчин чармайлтаар хийж, гаргасан. Үүний үр дүнд уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хүчтэй нөлөөлж байгааг тодорхойлоод байна. Дулаарал хүчтэй нөлөөлсний улмаас олон гол, мөрөн хатаж, ширгэх аюулд ороод байна. Мөн энэ жил нийт 140 орчим гал түймэр гарсны 40 гаруй нь хүний хүчин зүйлийн нөлөөгүйгээр бий болсон байдаг. Тиймээс хүрэн эдийн засгаас ногоон руу шилжихийн тулд цаг алдалгүй дунд болон урт хугацааны бодлого, нарийвчилсан судалгаан дээр анхаарал хандуулан ажиллаж байна.  Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл буюу PAGE-ийн төсөл, хөтөлбөрүүд үүнд гол нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ногоон эдийн засагт шилжихийн тулд аль салбарт хөрөнгө оруулах вэ гэдэг дээр мөн анхаарах ёстой. Ер нь ногоон эдийн засагт хөрөнгө оруулах нь хүрэн гэж ярьдаг эдийн засагт хөрөнгө оруулахаас илүү үр ашигтай. Ялангуяа жендерийн тэгш байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Эмэгтэйчүүд ажлын байраар илүүтэй хангагдана гэсэн үг. Мөн аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, олон нийтэд боловсрол олгох чиглэлд тусгайлсан төсөв гаргах хэрэгтэй. Мөн хүүхэд, залуучуудад боловсролын системээр нь дамжуулж эх дэлхийгээ хайрлах, дулаарал, цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авах зэрэг боловсрол олгох нь маш чухал зүйл. Ингэж байж бид үр хүүхэддээ ногоон дэлхийг өвлүүлэн үлдээж чадна” гэсэн юм.

Мөн энэ үеэр НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн дарга, гишүүд хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтэд шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Түүнээс гадна Киргыз улсын Эдийн засгийн дэд сайд Данияр Иманалиеваар ахлуулсан төлөөлөгчид уулзалтад оролцсон бөгөөд НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурлын үеэр Монгол Улстай туршлага солилцох боломж олдсонд талархалтай байгаагаа дуулгалаа.

Дашрамд дурдахад, Монгол  Улс 2013 онд НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдэн орсон бөгөөд уг хөтөлбөрийг 2013-2017 онуудад хэрэгжүүлж байна.   Түншлэлийн хүрээнд дараах  бодитой үр дүнд хүрэхээр төлөвлөсөн юм.

–              Нэгдүгээрт: Ногоон хөгжлийн бодлогыг баталж, түүний зорилго, зорилтыг Даян дэлхийн Тогтвортой хөгжил 2030-ын зорилго, зорилттой уялдуулж, үндэсний хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан.

–              Хоёрдугаарт: Ногоон хөгжлийн бодлогын зорилго, зорилтуудтай салбарын бодлогыг уялдуулж, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтийг эхлүүлнэ хэмээн төлөвлөсөн.

–              Гуравдугаарт:  Институцийн чадавхийг бүрдүүлж, бэхжүүлсэн байна гэж үзсэн.

Дээрхи үр дүнд хүрэхийн тулд 9 чиглэлээр салбарын яамд, агентлаг, их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, ТББ-уудтай хамтран ажиллаж ирсэн.

Мөн бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Даян дэлхийн Тогтвортой хөгжил 2030-ын зорилго, зорилттын уялдаа холбоо, Ногоон хөгжлийн бодлогын жендерийн эрх тэгш байдлын асуудалд үнэлгээ хийсэн байна. Уг ажлаас бодлогын баримт бичигт бүрэн тусгагдаагүй, орхигдуулсан асуудлуудыг эргэн харж, түүнийгээ хугацаа алдалгүй засч залруулан, дунд болон богино хугацааны хөтөлбөр, салбарын бодлогод нарийвчлан тусгах зөвлөмжийг өгсөн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх