Ерөнхийлөгч Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой

2017 оны 09-р сарын 20 өдөр, 15 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600 (1)

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үеийн үед спортын амжилт бол тухайн орны нүүр царай болдог. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дэлхийд эгшиглүүлнэ гэдэг бол бахархал. Хүүхэд, залууст спорт үлгэр жишээ, цаг заваа зөв өнгөрүүлэх нээлттэй том сурталчилгаа учраас Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар спортыг өндөр хэмжээнд авч үзэж байсан” гээд цаашид болох тэмцээнүүд, 2020 оны олимпийн наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Мөн нийтийн биеийн тамир, спортын топ төрлүүдийг хөгжүүлэхэд анхаарч, бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой гэлээ.

Ингэхдээ өсвөр үе, залуучуудын тивийн болон ДАШТ-нүүдэд ихээхэн анхаарах ёстой гэсэн юм. Өсвөр үе, залуучуудыг анхаарч байж насанд хүрэгчдийн тэмцээнүүдэд амжилт гаргана. Өсвөр үе, залуучуудын тэмцээнд амжилттай оролцож байсан тамирчид насанд хүрээд дархлагдсан тамирчид болдог гэдгийг анхааруулж байлаа. Мөн паралимпийг дэмжих ёстой гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол орон даяар хүүхдүүдийн дунд бага олимп зохиох ажлыг санаачилж, ОХУ-ын Сахад болох Азийн хүүхдийн наадмыг анхааралдаа авна гэдгийг энэ үеэр хэллээ.

Уулзалтын үеэр дасгалжуулагч, багш нар, тамирчид цалин хөлс бага, тэрчлэн шавь нар нь дэлхийн хэмжээнд медаль хүртэж буй дасгалжуулагч нар, тухайлбал, дасгалжуулагч Ш.Цэвэлмаа шигшээ багт орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар цалин хөлсгүй ажиллаж байгаа гэх зэрэг тулгамдсан асуудлуудаасаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.




Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх