Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянгол дүүрэг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т дүүрэг боллоо.
Энэхүү түүхэн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүрэлцэн ирж одонг гардуулан өгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Л.Нарантуяа болон дүүргийн үе үеийн ИТХ-ын дарга, засаг дарга, ажлын алба мөн Баянгол дүүргийн хэлтсүүдийн үе үеийн дарга, ажилтан, албан хаагчид урилгаар оролцсон юм.
Энэхүү түүхэн арга хэмжээнд Баянгол дүүргийн гурван мянга гаруй иргэн хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэд уухайн дуутайгаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоо хүлээн авлаа.
Тус дүүрэг байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийнхээ амьдрах амар тайван аюулгүй орчныг бий болгож, эрүүл аж төрөх нөхцөлийг бий болгоход гарт баригдаж нүдэнд харагдах бүтээн байгуулалт олноор хийсэн. Мөн салбар бүрт жишиг дүүрэг болох эхлэлийг тавьсан нь энэхүү одонг авах гол амжилт болжээ. Мөн нийслэлийн бусад дүүргүүдээс хамгийн анх удаа “Одонтой дүүрэг” болж байгаа нь түүхэнд тэмдэглэх үйл явдал юм.
Баянгол дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 422 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн бөгөөд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв”, Олон улсын Азийн сангаас хийсэн нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаагаар тэргүүн байрыг эзэлсэн байна. Энэхүү өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлэг, тэдгээрийг нарийвчилсан 150 шалгуур үзүүлэлтийн хүрээнд тодорхойлдог байна.
Тус дүүргийн энэхүү амжилт, ололт, их бүтээн байгуулалтууд нь ийнхүү өнөөдрийн төрийн дээд шагнал авахад хүргэжээ.
Анх 1965 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар нийслэл Улаанбаатар хотод Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчин гэсэн район бий болсноор Баянгол дүүргийн эх үндэс буурь тавигдаж, 1992 онд Октябрийн районыг хуваан Сонгинохайрхан болон Баянгол дүүрэг болгон шинээр зохион байгуулж, Баянгол дүүрэг байгуулагдаж байжээ. Өдгөө Баянгол дүүрэг нийт 23 хороотой, 58 мянга гаруй өрхтэй, 214 мянган гаруй иргэнтэй нийслэлийн томоохон дүүрэг болжээ.
2012 оноос бүтээн байгуулалтын оргил үеүд эхэлсэн. 2012-2017 онд Баянгол дүүрэг улс, нийслэл, дүүрэг болон бусад эх үүсвэрүүдээс 422 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан авч, иргэн рүүгээ чиглэсэн, хүн төвтэй бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ. Үүний дотроос эрүүл мэндийн салбарт 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 2013 онд хүүхдийн 35 ортой “Эмүүжин” эмнэлэг, 2015 онд 150 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлэг, 2014 онд өдөртөө 700 гаруй иргэдийг хүлээн авч, үзлэг шинжилгээнд хамруулах, 160 өвчтөнийг хүлээн авч хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой өрхийн эрүүл мэндийн цоо шинэхэн цогцолбор, 2017 онд 60 ортой ахмадын эмнэлэг, мөн 60 ортой хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг хүлээн аваад байна. Ингэснээр Баянгол дүүрэгт 14 эмнэлгийн байр шинээр баригдаж, 440 ортой олон улсын стандарт шаардлагыг хангасан эмнэлэгтэй Монгол улсын анхны жишиг дүүрэг болж чадсан юм.
Нийгэм, соёл, спортын салбарт нийт 103 тэрбум төгрөгийн 32 төслийг хэрэгжүүлэн ажиллажээ. 2016 онд “Гэр бүл ёслолын ордон”, “Хүүхэд залуучуудын соёлын ордон”-г ашиглалтад оруулаад байна. Үүнээс гадна дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой нэг ээлжиндээ 350-400 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Баянгол хүүхдийн зуслан”-г 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бол 8.8 тэрбум төгрөгөөр “Усан спорт сургалтын төв” “дугуйн зам”-ыг байгуулсан.
Бүгд найрамдах Хятад ард улсын 60 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар ээлжиндээ 350-400 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авах, сэргээн засах, цогцолборын ажлыг эхлүүлж, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах” төслийг хэрэгжүүлснээр Баянгол дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй загвар дүүрэг болох боломж бүрдлээ.
Боловсролын салбарын хувьд 2012 оноос хойш 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Найман сургуулийн өргөтгөлийн барилга, хоёр шинэ сургууль, найман цэцэрлэгийг ашиглалтад оруулж, сургуулийг 8300 суудлаар, цэцэрлэгийг 1810 ороор тус тус нэмэгдүүллээ. Үүнээс гадна зам тээвэр дэд бүтцийн хувьд 11 шинэ уулзвар өргөтгөлөөр зорчдог болж, “Гудамж төсөл”-ийн хүрээнд 26.7 км замыг өргөтгөн шинэчиллээ. Үүнд “Гудамж төсөл”-ийн нэгжээс 204 тэрбум, нийслэл дүүргийн төсвөөс 35 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.
Гэмт хэрэг зөрчлийн тоог бууруулах, иргэдээ аюулгүй орчин аж төрөх нөхцөлийг нь бүрдүүлэх зорилгоор 2013-2015 онд 4.3 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Дүүргийнхээ гэр хорооллын гудамжийг бүрэн гэрэлтэй болгож, 2600 гаруй гэрэл шинээр суурилууснаас гадна хяналтын камер байрлуулах ажлыг санаачлан 425 камер суурилуулан, нэгдсэн системд холболоо. Үүнээс гадна Баянгол дүүргийн алслагдсан хорооны тоонд ордог 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн хоёрдугаар хэлтсийг нээн ажиллуулж байна. Энэ мэтчилэн нийслэлийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулан, хэдэн аравныг хөгжлөөрөө тэргүүлэн байгаа Баянгол дүүрэг өнөөдөр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж байна.
Баянгол дүүрэг энэхүү хүндэт одонгоор мялаалгах учиртай гэдгийг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв”-ийнхөн ч батлан гаргажээ. Тус төвөөс гаргасан өрсөлдөх үндсэн чадвар болох “Амьдралын чанар”, “Амьдрах орчин”, “Аюулгүй байдал”, “Засаглал”, “Эдийн засаг”-ийн хувьд, түүнд багтах 15 дэд сэдвийн хүрээний 150 индексээр Баянгол дүүрэг Нийслэлийн дүргүүдээс тэргүүн байр эзэлсэн байна.
Ene odon medalia bolimoor yumaa .Ajilgtai orlogotoi mongol bunii toloo yu hiisen bish!!!!