А.Одгэрэл: Монголд анх удаа төмсний нухашийг зах зээлд гаргалаа

2017 оны 09-р сарын 15 өдөр, 11 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
odgerel

Цаг зав багатай өнөө үед эзэгтэй нарын ажлыг хялбарчилсан  эрүүл ахуйн шаардлага хангасан, энгийн органик эко бүтээгдэхүүн Монголд бий болжээ. Энэ бол “khusug foods trailer”  компанийн нэр дор үйлдвэрлэж байгаа “Шинэ эрдэнэ” хүнсний үйлдвэрээс үйлдвэрлэн гаргаж буй Төмсний нухаш  юмаа. Ингээд тус хүнсний үйлдвэрийн менежер А.Одгэрэлтэй ярилцлаа. 

-Монголд анх удаа төмсний нухаш үйлдвэрлэх, энэ төрлийн бүтээгдэхүүнийг хийх санаа  хэзээ хаанаас төрсөн бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Манай компани энэ оны дөрөвдүгээр сард “khusug foods trailer”  компани нэрийн дор “Шинэ эрдэнэ” хүнсний үйлдвэр нь төмс, хүнсний ногоогоор Монголдоо анх удаа төмсний нухаш үйлдвэрлэж эхэллээ.

Учир нь гадуур худалдаанд гардаг төмсний нухаш нь нунтаг хэлбэрээр импортоор орж ирдэг. Энэ нь хэрэглэхэд  органик амт байхгүй,  химийн орлуулагч бодис ихтэй бүтээгдэхүүн байдаг. Тиймээс импортын энэхүү барааг орлуулах үндэсний шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа эндээс эхлэлтэй.

Бидэнд асар их боломж бололцоо байхад заавал яагаад химийн орлуулагч бодистой ийм бүтээгдэхүүн хэрэглэх ёстой юм бэ гэж хамгийн түрүүнд бодсон. Бидэнд асар их нөөц бололцоо, боломж байгааг илүүтэй харсан гэхэд болно. Түүнчлэн  цаг зав багатай хүмүүсийн цагийг хэмнэх зорилгоор, байгалийн органик бүтээгдэхүүнийг хэрэглэгч нартаа хүргэх байдлаар  төмсний нухаш буюу хоолны хачирыг үйлдвэрлэж, худалдаанд гаргаад байна. Түүнчлэн энэ төрлийн бүтээгдэхүүн Монголд байхгүй анхдагч гэдгээрээ илүү онцлогтой.

-Хааяа нэг гэрийн нөхцөлд төмсний нухаш хийхээр цаг зав их ордог. Хэрэглэхэд хялбар бэлэн бүтээгдэхүүн бий болсон гэхээр ихэд саашаалтай хандаж байна?

-Гэртээ хийж иддэг хүмүүс мэдэх байх. Хийгээд таваганд 2-3 цаг болгоход л гашилсан байдаг. Идэвхтэй органик нэгдлүүд нь хурдан исэлдэж урвалд ордог. Иймээс үйлдвэрлэлээ эхлэхэд цаг хугацаа их зарцуулсан төдийгүй судалгааг хүртэл хангалттай төвшинд хийсний үр дүнд энэхүү бүтээгдэхүүнээ бэлэн болгож, худалдаанд гаргасан байгаа.

-Бүтээгдэхүүн маань хаагуур борлуулагдаж байна вэ?

-Бүх сүлжээ дэлгүүр болон сүпермаркетууд жижиг дэлгүүрүүдээр худалдаанд гарч байгаа.

-Нийтдээ хэдэн амталгаат  бүтээгдэхүүн байгаа вэ?

-Энгийн амталгаатай, сармистай, карритай гэсэн гурван амталгаат байдлаар худалдаанд нэвтрүүлээд байна. Энэхүү төмсний нухашийг найман настай балчираас наян настай буурай хүртэл хэрэглэх боломжтой. Төмсөн дахь шим тэжээлийг алдагдуулахгүй технологиор, элдэв химийн найрлагагүй  органик бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаад байна.

Төмс нь монголчуудын хүнсний голлох нэрийн бүтээгдэхүүн болж явдаг. Төмс хүнсний ногоо гэж монголчууд маань хэлдэг. Арван минутын дотор бэлэн халуун нухашийг хоолны хачир болгоод хэрэглэх боломжтой боллоо. Ихэвчлэн европ хоолны хачир болгож хэрэглэдэг. Мөн зөөлөн төрлийнх учраас хүүхэд хөгшид,ходоод гэдэсний өвчтэй хүмүүсд нэн тохиромжтой хүнс юм.

-Үнийн хувьд танилцуулахгүй юу?

-Зах зээлд 2899 төгрөгөөр худалдаанд гаргаж байна.

-Хэрэглэх зааврын талаар мэдээлэл өгөөч?

-Богино долгионы зууханд 10  минут халааж болно. Мөн жигнээд халааж болно. Ер нь өөрт амархан байдлаар буцламгай халуун болгож сайтар хутгаж хэрэглэнэ. Өглөө гараад орой орж ирдэг завгүй гэр бүл элдэв химийн найрлагагүй эрүүл ахуйн шаардлага хангасан  болохоор бага насны болон нярай хүүхдэд ч хоолны нэмэлт тэжээл хэлбэрээр өгч болно.

-Түүхий эдээ хаанаас татдаг вэ?

-Түүхий эд Жаргалант,  Сэлэнгийн монгол шар төмсөөр бүтээгдэхүүнээ хийж байна. Химийн бордоо хэрэглэгдэггүй монгол шар төмсийг сонгож, тариаланчдаа дэмжих зорилгоор түүхий эдээ авдаг.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.Төгөлдөр

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх