Энэ өвөл шиг их даарч үзсэнгүй. Зузаан хүрэм өмсөж, хичнээн олон хувцас давхарлаад ч нэмэр алга. Ёоз муутайхан тэнгэрийг харах тоолондоо хээр орхиод ирсэн ээжийгээ бодоод л даарч байна. Хөөрхий дөө миний ижий л наддаа нар байсан юм байна.
Энэ өвлийн шинэ жил шиг утга учиргүй баяр хөөрийг өдий наслахдаа үзсэнгүй. Хиймэл гоёл, өнгөө хэдхэн өдрийн дотор гээх саа, чангахан шиг хүрчихвэл хагарчихмаар гоёл чимэг. Юм бүхэн нэг л хий хоосон санагдаж байна. Ивийдээ ижий минь л наддаа баяр баясгалан байж.
Урьд нь сонсоод сэтгэл гэгэлздэг байсан дуртай дуугаа аялах гэж үзлээ. Хоолой дээр ая биш гуниг тээглэж байна. Тиймээ ижий минь та л миний аялдаг дуу байж.
Ижийтэй хүн дуулж жаргадаг, ижийгүй хүн уйлж амьдардаг гашуун үнэнийг охин чинь өнөөдөр л сэтгэл зүрхээрээ мэдэрч байна. Таныгаа алдсанаас хойш даарч байна.
“Жаргаана даа муу ижийгээ жаргаана” гэж жарын талыг наслатлаа бодсон хэрнээ амжсангүй.
Миний ижий жинхэнэ хүний хайлан байлаа. Хатуу үгтэй хэрнээ зөөлхөн сэтгэлтэй, бас Даян дээрхийн онгон сахиустай, газар ус, байгаль дэлхийтэйгээ бат холбоотой эгэлгүй хэрнээ эглийн эгэлхэн нэгэн явлаа.
Намайг мэдээ ороход л манай авдар дээр жижигхэн шар модон хайрцаг байдаг байлаа. Ээж маань өглөө болгон цайны дээж өргөнө. Цагаан сараар тавгийн идээ урьд нь засаж, зул хүж барина. Би гэгч саваагүй амьтан ээжийн хайртай модон хайрцгийг нээгээд хартал хадаг, бас нэг хар ямааны зургаас өөр зүйл байсангүй. Эрхлэж, тоглох гэж аргаа барсан амьтад нэг хавар өнөөх хар ямааных нь зургийг ямааны хашааны дэргэд аваачаад л айл гэр болон тоглож гарлаа. Гэнэт хуй салхи дэгдэж, ээжийн хайртай ямааны зургийг салхи аваад явчих нь тэр. Тоглоомондоо сатаарсан улс “Ээж уурлах байх даа” гэхээс өөр зүйл ч бодсонгүй. Энэ явдлаас хойш нилээд хэдэн сарын нүүр үзлээ. Цагаан сарын өмнөх өдөр ээж модон хайрцгаа нээж хараад царай нь нэг л хачин болчих нь тэр. Бидэнтэй ч юм ярьсангүй. Тэр өдрөөс хойш ээжийн бие өвдөж, толгойгоо ч даахаа байлаа. Эмнэлэгээр баахан явлаа. Дээд шүднүүдээсээ болоод тархины яс цуурсан байна гээд ганцхан долоо хоногийн дотор ээжийн минь бүх шүдээ авахуулчихлаа. 37 хон настайдаа бүх шүдээ авахуулж, нэг л өглөө ээж минь танигдахгүй болтлоо өөрчлөгдчихсөн юмдаг. Сэтгэл санаагаар ч их унасан байх. Нэг их салхитай өдөр “Миний охин сахиусан дотор байсан ямааны зургийг хараагүй биз” гэж асууж байна. “Салхи аваад явчихсан” гэж хэлтэл ээж минь нэг их уйлж билээ. “Манайх Даян дээрхийн сахиустай айл. Ээжийг нь 13 настай байхад бөөгийн онгод ирж. Аав маань тэр онгодыг буцаалгаж, энэ нутаг даяар алдартай удган хүнээр ээжийд нь тэр хар ямааны сахиусыг татуулж өгсөн байсан юм шүү дээ” гэхэс өөр үг хэлсэнгүй. Энэ өдрөөс хойш ижий минь өглөө босоод л явдаг ажилтай болов. Янз бүрийн тарни шивлэг цээжилнэ. Хүний нүднээс нуудаг байсан шар модон хайрцгаа нээж, манайх гэдэг айл нэг л мэдэхэд дүүрэн бурхан сахиустай айл болж хувирав. Тэр их бурхан шүтээнийг хөөрхий минь хаанаа ч нуудаг байсан юм бүү мэд. Манай найзууд дотроос манайх шиг их бурхантай, сахиустай, хадаг яндартай айл байхгүй болохоор би амьхандаа их ичнэ. “Ээжээ. Маргааш манай найзууд ирнэ. Наад бурхануудаа далд хийж болохгүй юм уу? гэж нэг удаа их л зориг гаргаж ээжээсээ асуулаа. “Болохгүй юмаараа тоглочихсон улс одоо яая гэхэв дээ” гэхээс өөр үг ижий минь хэлээгүй. Хөөрхий дөө миний муу ээж. Өвдсөн зовсон, яарсан сандарсан, олон хүн ээжийг минь зорьж ирнэ. “Алдартай Даян дээрхийн сахиусыг өвлөсөн Хотгойд удган ганцхан байсан юм. Миний аавын талынхан тэр удганы сахиусыг хадгалж яваа” гэж нэг удаа хэлж билээ.
Манайх гэдэг айлын зуух тогоо үргэлж угсраатай. Өдөрт хамгийн багаар бодоход зуун литр цай чанадаг байсан байх. Цагаан сараар бол бүр ч их хөл хөдөлгөөн болдогсон. Манай гэдэг айл 10000 гаруй бууз чимхэж, 300 гаруй ул боов бэлдэнэ. Хичнээн ч хүн хооллож, хэдэн ч айлын тавгийн идээг бэлдэж өгдөг байсан юм бүү мэд. Цагаан сарын бэлэг гэж тав зургаан авдар дүүрэн юм бэлтгэнэ. Шинийн 4 гэхэд ээжийн авдрууд хоосорч, хоёр зуугийн поошиг дүүрэн буузны ёроолыг шавхаж байдагсан. Миний ээж ийм л олонтой хүн байлаа.
Хүнд элгэмсүү шигээ амьтанд ч хайртай. Намайг бага байхад манай гэр Улсын нөөцийн өвсний хашааны дэргэд байдаг байсан юм. Дэггүй хүүхдүүдийн туулай барих гээд зүүчихсэн хавханд нэг тэнэмэл муур очоод орчихож. Ээж минь хавханд хөлөө хавчуулаад тас хөлдөөчихсөн тэр муурыг авчирч тэжээлээ. Тун удалгүй өнөөх золбин муур гэрийн хойморт л унтдаг, ээжийн гараас болсон мах л иддэг тансаг амьтан болж хувирав. Хаврын хавсрага нүдэж, Мөрөнгийн улаан шороо боссон нэг өдөр ээжийн хайртай муур гэр тойрч гүйгээд нэг л биш. Гэдсээ даахгүй болтлоо таргалчихсан гэж бодож байсан муур маань ээжийн орон дээр үсэрч гараад таван улаан амьтан унагаачих нь тэр. Бидний сандарсан ч гэж жигтэйхэн. Ээж ганц хуудам хааны үлдэгдэл байснаараа муурандаа шөл хийж өгч, манайх гэдэг айл оройн нь бантантай цай чанаж уугаад унтаж байлаа. “Эх болох гэж энэ муу амьтан мөн ч их зовлоо” гэж үдэш болсон хойно ээж маань санаа алдаж байж билээ. Миний ээж өөрөө 13 хүүхэд төрүүлсэн хүн. 13 хүүхдээс хүн болсон нь тав. Өөрөө олон хүүхэд төрүүлсэн эх хүн амьтанд ч гэсэн ямар их энэрэнгүй, зөөлөн хандаж, амьтны зовлонг ч гэсэн бие мах бодиороо мэдэрч чаддаг гэдгийг би их л хожуу ойлгосон доо.
Ээж маань их зөөлхөн хэрнээ заримдаа хүний санаанд багтахааргүй хатуу үг унагаачихна. Миний найз бүсгүй таван настай хүүгээ гэнэтийн ослоор алдчихаад ээж дээр ирсэн юм. Гэнэтийн их хагацал зовлонд автсан найз бүсгүйд маань ээж цай аягалж өгчихөөд нэг их нүүр өгсөнгүй. “Одоо яахав дээ охин минь. Гуйгаагүй байхад ирчихээд хөөгөөгүй байхад явчихаж байгаа хүнийг… Цаана чинь жилийн нэг хүүхэд гаргаж, жалгын нэг булчихсан улс олон л байна. Чи уйлж унжаад яахав. Ганцхан жилийн дараа хөөрхөн хүүтэй болно” гэж хэлээд л гаргачихаж билээ. Найз бүсгүйг минь гарч явсны дараа ээж минь зөндөө их уйлсан. “Зовлон үзсэн хүн л хүний зовлонг мэддэг юм шүү дээ” хэмээн хэлж байсан нь өнөөдөр ч санаанаас гардаггүй юм. Ээжийн хэлсэн үнэн байсан. Одоо тэр найз бүсгүй маань хөөрхөн хүүтэй болчихсон, гараасаа ч салгаж чадахгүй хөтлөж яваа. Хожим надтай уулзахдаа “Ээжийн чинь хатуу үг намайг хөл дээрээ босоход тусалсан шүү. Би л ганцаараа үр хүүхдээ алдчихсан хүн шиг тэр зовлонгийн өмнө бууж өгч байсан юм билээ” хэмээн ярьж байсан.
Ээжийтэйгээ байхад би дууг жаргаж сонсдог байж. Харин өнөөдөр дуу сонсохоор хоолой зангирч, дотор давчдаад л эхэлнэ. Ээжийн тухай дуу сонсохоор жаргааж амжилгүй жаргаачихсан ээжийгээ үгүйлээд нүд бүрэлзэнэ. Нутгийн тухай дуу сонсохоор ээжийтэйгээ хөтлөлцөөд Дэлгэр мөрний эрэгт тоглож өссөн гэгээн өдрүүдийг бодоод хоолой зангирна. Аавын тухай дуу сонссон ч, амраг хайртынхаа тухай дуу аялсан ч сэтгэл нэг л хоосон болчихсон юм шиг гуниглачихна. Юм болгон хоосон болчихсон юм шиг санагдах хэрнээ хүн болгон ээжийтэй минь адилхан юм шиг харагдана.
Миний ээж таван хүүхдээрээ л гоёж амьдардаг нэгэн байлаа. Дэрсхэн өссөн дөрвөн охиноо яг адилхан хувцаслана. Мөр нь онгож гандсан цэнхэр дээлээ гурван наадмаар сольж амжаагүй хэрнээ таван хүүхдээ хувцаслах гэж бас болоогүй арын хаалга хэрэглэнэ. Ээжийн маань багын найз аймгийн ахуйн үйлчилгээний газарт жолооч. Тэр үед автолак гэж нэрлэдэг байсан бүхээгтэй машинтай, хөдөөгүүр явж худалдаа хийдэг байсан хэрэг. Шинэ бараа ирэнгүүт манайд давхиад ирнэ. Ээж маань жасын нярав шиг л бид хэдийг дагуулаад бүхээгтэй машин руу нь яваад орчихно доо. Хэдэн хүүхдээ нүцэглэж байгаад хамгийн сайн, хамгийн үнэтэй, хамгийн гоё гэсэн болгоноос нь авч өгнө. Дөрвөн охиндоо яг ижилхэн хувцас авна. Оймсноос эхлээд үсны зүүлт нь хүртэл адилхан. Наадмын талбай дээр хүмүүс биднийг эргэн эргэн харна. “Дөрвөн ихэр хүүхэд шиг ямар хөөрхөн адилхан юм бэ?” гэж уулга алдацгаана. Дөрвөн охиноо хөтлөчихөөд, ганц бандиа тэвэрчихээд явж байгаа ээж маань тэр үед хамгийн их жаргалтай харагддагсан.
Аав маань барагтай бол дуугарахгүй. Харин ээжийн эрхэт ёс манайд жинхэнэ ноёрхоно. “Гаднаас хүн орж ирэнгүүт хамгийн багаараа Далай сандал авч өг. Дараа нь Байгаль тавгийн идээ дөхүүлж өгч бай. Үүний дараа Болор цай аягалж өгнө. Хүнд цай аягалж өгсний дараа Цоож чи хоол юм уу шинэ цай гал дээр тавьж бай” гэсэн ээжийн сургааль манайд намайг 18 нас хүрч сургууль соёлын мөр хөөгөөд гэрээсээ гартал үйлчилсэн юмдаг. Гаднаас хүн ороод ирэнгүүт бид бүгд мэндлэх учиртай. Бүр жаахан хүүхэд орж ирсэн ч амар мэндийг нь асуух учиртай. Нэг удаа манай ангийн банди ном авахаар манайд орж ирлээ. Мэдээж урьд гудамжны дэггүй шартай мэндлэх, түүнд сандал авч өгч, идээ будаа дэлгэж, цай аягалах сонирхолтой хүн бид дөрвийн дунд нэг ч байсангүй. Харин ээж л урьдаа суулгаж, хамт цайлаад л гаргачихдаг юм байна. Тэр бандийг ном аваад гарсны дараа манай гэрт нилээн ширүүхэн хурал болох нь тэр. “Би та нарыг ав адилхан хувцаслаж, ав адилхан өсгөсөн. Хэнийг чинь ч том бага гэж ялгаж байгаагүй. Хэнд чинь ч хуучин хувцас дамжуулж өмсгөөгүй. Яагаад гэвэл хүнийг ялгаж харьцдаг муухай зантай болчих вий гэсэн дээ л би та нарт бүгдэнд чинь адилхан аяга таваг, адилхан хувцас хунар авч өгдөг юм шүү дээ. Хүн насаар ах ч бай дүү ч бай , ядуу даржин, баян тарган хэн ч байсан ялгаагүй адилхан л харьцаж, адилхан л хүндэлж бай” хэмээн хатуухан хэлж байж билээ. Миний ээж ийм л хүн байсан.
Одоогоос гурван жилийн өмнө ээжийн минь бие өвдөж, эмнэлэгийн ор, сэхээний тасаг дамжиж хэвтсэн юм. Тэр их хүнд өвчинг давж гарснаасаа хойш ээжийн минь миний нүдний өмнө өөрчлөгдөж эхлэх нь тэр. Хошуу дэвсэн эрхлүүлж, байнга л утсаар ярьж, халамж анхаарал тавьж намайг бусдаас илүү онцгойлж хайрладаг байсан хүн харин бусдаас арай л дутуу хараад байх шиг санагдана. Нэг удаа ээжид гомдорхож жаахан үг хаяж үзлээ. “Та намайг яагаад тоохгүй байна. Яагаад намайг утсаар ярихад ганц хоёрхон үг хэлчихээд л салгаад байна. Өвдлөө гэж яагаад надад та хэлэхгүй байгаа юм. Ээж би ямар буруу юм хийчихэв” хэмээн хошуугаа унжуулж, туниж үзлээ. Тэр үед ээж минь “Миний охин ээжтэйгээ мөнхөд хамт явахгүй шүү дээ. Ээжийгээ битгий их санаж бай. Дэргэд чинь байсан ч байхгүй байсан ч миний охин чанга хатуу сэтгэлийн тэнхээтэй, урам зоригтой явах хэрэгтэй шүү дээ” хэмээж билээ. Одоо л ээжийн хэлсэн тэр үг оройруу орж, муу ээжий минь хэзээ ч хаалгыг нь тогшихгүй орж ирэх тэр хагацал зовлонд хүртэл охиноо бэлтгэж байж гэж бодохоор өөрийн эрхгүй гашуун нулимс хоолой зураад л ирнэ.
Ээжийнхээ захиж хэлсэн болгоныг би санаж, дурсаж, бас амьдралынхаа чиг мөр болгох гэж хичээж яваа. Харин ганцхан зүйлийг л биелүүлж чадаагүй. “Ээжийгээ битгий их санаарай” гэсэн тэр захиасыг л хэзээ ч биелүүлж чадахгүй нь.
Санахгүй байхын аргагүй сайхан эжий минь.