Нийслэлээс нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ЕБС, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гарсан.
Уг захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах 113 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/489 дугаар захирамжаар хүчингүй болгож, газрыг буцаан цэцэрлэгийн эзэмшилд шилжүүллээ.
Өмнө нь Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эзэмшлийн газарт болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 99 дүгээр цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг тус тус хүчингүй болгож, сургууль, цэцэрлэгийн эзэмшилд нь буцаан шилжүүлж байсан.