Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн төлөөлөл хандаж тус хороонд үүсээд байгаа газрын маргаантай асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавьсан билээ. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Газрын албаны дарга болон ажлын хэсгийн төлөөлөл Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны маргаантай газруудад очиж, иргэдийн санал гомдлыг сонсож, асуудлыг хэрхэн шийдэх талаар иргэдтэй ярилцлаа.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Та бүхний тавьсан хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдөр ажлын хэсгийн хүмүүстэй газар дээр нь ирж үзлээ. Маргаантай айлуудын асуудлыг ажлын хэсэг нэг бүрчлэн үзэж шалгана. Та бүхний ярианаас сонсоход тухайн үед иргэдийг төлөөлж газар өмчлөх ажилд оролцож байсан хүмүүс газрыг цааш нь хууль бусаар дамлаж зарсан асуудлаас үүдэлтэй маргаан байна. Гэхдээ та бүхний хохироохгүйгээр асуудлыг нааштай шийдэх арга замыг судалж, шийдэх болно” гэлээ.
Энэ үеэр иргэдийн төлөөлөл “Баянзүрх дүүргийн 20 хороо буюу Гүнжийн амны энэ маргаантай асуудал долоо, найман жилийн турш яригдаж байна. Энэ хугацаанд нийслэл, дүүргээс албаны төлөөлөл ингэж ирж бидний үгийг сонсож байгаагүй. Өнөөдөр нийслэлийн Газрын албаны дарга холбогдох албаны хүмүүстэйгээ газар дээр нь ирж, асуудлыг шийдэж өгөхөөр ажиллаж байгаад баяртай байна. Олон жил маргаж, шүүх цагдаагаар явсан ч одоо болтол шийдэгдэхгүй байгаа энэ асуудлыг нааштай шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэдгээ хэлж байв гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.