Чойжилжавын Чойсамба
(1973-2017)
Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, дэд профессор, сэтгүүл зүйн нэрт эрдэмтэн Чойжилжавын Чойсамба 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт хүнд гарз учирлаа.
Ч.Чойсамба 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд Нийслэлийн 23-р сургуулийг, 1995 онд ОУХДС-ийг тус тус дүүргэжээ. Тэрээр 1994-1999 онд “Хар гар”,”Далд ертөнц”, “Хоёулаа”, “Голливуд” зэрэг сониныг эрхлэн гаргаж байсан.
1997 оноос өнөөг хүртэл МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд багшилж байлаа.
Ч.Чойсамба “Монгол сонины мэдээ”, “Сонины хэл, найруулга”, “Сонины мэдээллийн бичлэгийн төрөл”, “Экологийн сэтгүүл зүй”, “Дэлхийн сэтгүүл зүйн түүх”, “Сэтгүүлчийн ёс зүйн алдаа”, “Сонирхолтой сэтгүүл зүй”, “XVIII зууны сэтгүүл зүйн түүх”, “XIX зууны сэтгүүл зүйн түүх”, “Сэтгүүл зүйн тухай яриа”, “Бат Хааны байлдан дагуулал”, “Дарангуйлагчдын дурлал. Сталин, Муссолини. Гитлер. Мао Зэдун”, “Наполеон Бонапарт”, “Завоевательные походы Батухана” зэрэг 40 гаруй нэг сэдэвт зохиол, гарын авлага, судалгааны 80 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлэн олны хүртээл болгож, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сэтгүүлчдэд арвин их мэдлэгийг түгээсэн юм.
Тэрээр МУИС-ийн Үйлдвэрчний эвлэлийг 10 жил удирдаж, багш ажилчдын эрх ашгийг хамгаалахад сэтгэл зүрхээ зориулж байв.
Түүний хөдөлмөр бүтээл, Монголын сэтгүүл зүйд оруулсан хувь нэмэр, сод авьяасыг үнэлэн МУИС-ийн 2000 оны тэргүүний залуу багш, 2003 онд Монгол Улсын шилдэг залуу эрдэмтэн, “Сод мэргэн” өргөмжлөл, ШУА-ийн Алтан медаль, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн уран бүтээлийн дээд шагнал болох Ж.Цэвээний болон МСНЭ-ийн нэрэмжит шагнал, Хэвлэл мэдээллийн болон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгийг хүртээсэн билээ.
Ч.Чойсамба Наполеоны олон улсын нийгэмлэгийн гишүүн байсан бөгөөд түүний Наполеоны талаарх судалгаа, шинжилгээний ажлыг үнэлэн тус нийгэмлэгийн Хүндэт легионы медаль, хүндэт гишүүний медалиар мөн шагнасан юм.
Ч.Чойсамбын уран бүтээл, түүний бүтээлч чанар, гэгээн дүр нь үзэг нэгт нөхдийнх нь болон үе үеийн олон мянган шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөх болно.
Ум сайн амгалан болтугай.
МУИС-ийн ЗАХИРГАА, СЭТГҮҮЛ ЗҮЙ, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦААНЫ ТЭНХИМ
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
2017.08.23