Хууль бусаар ашигт малтмалын олборлолт хийдэг аж ахуй нэгжүүдийг илрүүлжээ

2017 оны 08-р сарын 09 өдөр, 18 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ерөө-уурхай

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар гол мөрнийг бохирдуулж, байгаль орчинд хохирол учруулж ашигт малтмалын олборлолт хийж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоож холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайд, мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болгосон.

БОАЖ-ын сайд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга нар мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болгосон ажлынхаа удирдамжийг гарган БОАЖЯ, ЦЕГ, МХЕГ, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутагт ажиллаа.

Эдгээр сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй иргэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 10 орчим аж ахуйн нэгж, Бичил уурхайн 20 орчим нөхөрлөлд шалгалт хийж холбогдох зөрчлийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд урт нэртэй хуулиар хориглосон талбайн хасалт хийлгэж нөөцийн тодотгол хийлгээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг зөрчлийг тогтоосон юм.

Үүний эсрэг Хуульд заасны дагуу арга хэмжээг газар дээр нь авч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, техник тоног төхөөрөмжийг лацдаж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх арга хэмжээг ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны мөрдөгч нар холбогдох арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд гэхэд 100 гаруй нөхөрлөл, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж ашигт малтмалын олборлолт хийдэг. Эдгээрээс ганцхан аж ахуй нэгж ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, 7 аж ахуйн нэгж бичиг баримтын бүрдэл дутуу байсан юм. Үлдсэн тусгай зөвшөөрөлгүй, бичиг баримтын зөрчилтэй 70 орчим нь Бичил уурхай эрхэлдэг нөхөрлөл, 40 орчим нь хувиараа олборлолт хийдэг иргэд байдаг байна.

Мөн бичил уурхай эрхлэх асуудлаар Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг даалгавар БОАЖ-ын сайдаас хүргүүлэхээр болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх