Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна
БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Жагдагтай ойн хөнөөлт шавжтай хэрхэн тэмцэж, ямар арга хэмжээ авч байгаа талаар ярилцлаа.
-Монгол орны ойн онцлогийн талаар товчхон ярихгүй юу?
-Манай орны ойн сан нь Төв Азийн тал хээрийн өндөрлөг болон Сибирийн их тайгын завсарт Монгол орны усны 3 их хагалбарын дагуу оршиж байдаг. Сибирийн их тайгын төгсгөл, Төв Азийн цөлөрхөг хээрийн торгон заагт оршдог, байгалийн эрс тэс уур амьсгал, нөхөн сэргэх чадвараар нэн хязгаарлагдмал, хүний сөрөг нөлөөлөлд амархан өртдөг онцогтой ой юм.
Монгол орны ой нь мөнх цэвдэгийг тогтоон барих, гадаргын усны нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй ой юм. Иймд ойг хамгаалах, зохистой ашиглах талаар арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Байгалийн энэхүү тогтоц нь экологийн хувьд тун эмзэг хийгээд гайхалтай зохицлийг бий болгосон байдаг. Манай орны ойн энэхүү гайхалтай экологийн тогтоц нь олон зүйлийн ургамал, ан амьтны өсөн үржих өлгий нутаг болж эрт дээр үеэс эхлэн та бидний зан заншил, уламжлалт ахуй амьдралд үр өгөөжөө өгсөөр ирсэн.
-Ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлыг ер нь хэдэн оноос хийж эхлэсэн түүхтэй юм бэ?
-Монгол оронд ой хамгааллын ажлыг 1955 оноос эхлэн ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар зохион байгуулж улмаар 1987 оноос эхлэн нутгийн омгийн бактерийн бэлдмэлийг гарган авч, ой хамгааллын ажилд ашиглаж эхэлсэн түүхтэй. Ой хамгааллын ажилд үе үеийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн нарын хийсэн судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдол туйлын их юм.
-Монгол оронд хичнээн зүйлийн шавж байдаг вэ. Ямар шавжууд нь хөнөөл учруулдаг талаар тодруулахгүй юу?
–Эрдэмтэн судлаач нарын судалгаа, шинжилгээний бүтээлээс үзэхэд одоогийн байдлаар Монгол орны ойн санд 7 баг 62 овог 316 төрөл 695 орчим зүйлийн ойн шавж бүртгэгдсэн байдаг. Эдгээр шавжийг модлог, бутлаг ургамлын янз бүрийн хэсгүүдээр хооллох байдлаар нь хуваан авч үзвэл, навч шилмүүсний 181 төрөл 363 зүйл, иш холтосны 134 төрөл 290 зүйлийн шавж зонхилж байна. Экологийн бүлэглэлийн эзлэх хувиар нь ойн анхдагч хөнөөлт шавж буюу навч шилмүүсний, ойн хоёрдогч хөнөөлт шавж буюу иш, холтосны хөнөөлт шавж гэж ангилдаг. Судлаачдын бүтээл болон бусад холбогдох баримтаас үзвэл манай орны ойд 4 баг 16 овог 35 төрөлд багтах 45 орчим зүйлийн шавж түгээмэл тархалттай байдаг. Дээрх 45 зүйл шавжаас ойн санд учруулж буй хөнөөлийн хэмжээгээр дараах 5 зүйлийн шавж хамгийн их байна. Манай орны ойн санд Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus Tshetv), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymentria dispar L /Gypsy moth/), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni diak),Эгэл бийрэн сүүлт эрвээхэй (Orgyia antiqua), Нарсны эвэрт цох (Monochamus galloprovincialis pistor Germ) зэрэг шавжууд их хэмжээгээр хөнөөл учруулж ойн санг доройтуулж байна.
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх чиглэлээр ямар зорилт тавьж ажиллаж байгаа вэ?
–Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ногоон хөгжлийн бодлогын хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын арга технологийг өөрчилж, химийн бодисын хэрэглээнээс татгалзаж, биологийн аргаар ногоон технологид шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд салбарын сайдын 2013 оноос тушаалаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын нийт талбайн 40-өөс доошгүй хувьд биологийн аргаар, 65-аас доошгүй хувьд онгоцоор гүйцэтгэхээр зохион байгуулж, улмаар үе шаттайгаар химийн аргаас татгалзах бодлого баримтлаж ажиллах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу жил бүр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 124,7 мян.га талбайн 48,9%-д, 2014 онд 97,7 мян.га талбайн 70,0%-д, 2015 онд 163,9 мян.га талбайн 58,1%-д, 2016 онд 70,8 мян.га талбайн 80,0%-д, 2017 онд 150.0 мян.га талбайн 100%-д нь биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, технологиор тэмцлийн ажлыг зохион байгуулж ажиллаа.
Эдгээр шавжууд нь ойн санд их хэмжээгээр олширч ойн санг доройтуулж, дахин сэргэн ургах чадваргүй болгож,хатаж хуурайшуулах аюултай байдаг. Иймд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эрдэмтэн, судлаачдын судалгаанд тулгуурлаж тэмцлийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байдаг.
-Танай яам нь хөнөөлт шавжтай тэмцэх ажилд химийн бодисоос бүрэн татгалзаж ажиллаж байгаа юм байна. Ер нь тэгээд ямар бодис, бэлдмэлээр тэмцлийн ажлыг зохион байгуулдаг юм бэ?
-Манай яам нь Монголын эрдэмтдийн гаргаж авсан нутгийн омгийн бактерийн бэлдмэлээр тэмцлийн ажлыг зохион байгуулах, дотоодын бэлдмэл, бодис үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэж байгаа бэлдмэлүүд нь Монголын эрдэмтэдийн гарган авсан Энтомотоксин(Bacillis thuringiensis), Bt-MN01(Bacillus thuringiensis.var.dakotaMN-01), Green(Metarhizium anisopliae MaMn-09/22), Бассиана мускардин(Beauveria bassiana-G07, G10) Лепидоцид, СК (Bacillus thuringiensis. var. Kurstaki), зэрэг 5 төрлийн биобэлдмэл байдаг.
–Энэ жилийн хувьд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг аль нутгийн ойн санд хичнээн га талбайд хийж байна вэ?
-Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд 2017 онд судалгааны ажлыг 2,0 сая га, тэмцлийн ажлыг 150,0 га талбайд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд энэ онд Архангай аймагт 13,0 мян.га, Увс аймагт 4,0 мян.га, Сэлэнгэ аймагт 5,0 мян.га, Горхи-Тэрэлжийн БЦГ-т 3,0 мян.га талбайд онгоцоор, Өвөрхангай аймагт 2,0 мян.га талбайд үүргийн шүршигч багажаар, Хөвсгөл аймаг 5,8 мян.га Төв аймагт 15,0 мян.га, Сэлэнгэ аймагт 35,0 мян.га, Нийслэлийн ногоон бүсийн ойд 5,0 мян.га талбайд механик аргаар тэмцлийн ажлыг зохион байгуулж, хөнөөлийн голомтийг хязгаарлаж байна. Өнөөдрийн байдлаар 88,0 мянган га талбай буюу нийт тэмцэл хийх ажлын 58,6 хувийг хийж гүйцэтгээд байна.
-Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг яаж хийдэг юм бэ?
-Судалгаа ажлыг 2,0 сая га талбайд15-17 аймгийн 100 гаруй сум, Нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Тусгай хамгаалалтай газар нутагт хавар 4-6 дугаар сард, намар 9-10 дугаар сарын хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулж байна. Судалгааг “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ, Шавж судлалын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүрээлэнгийн судлаачид, Ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд судалгааны ажлыг Баруун, зүүн, төв гэсэн 3 хэсэг болгон зохион байгуулж байна.
–Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа ажилд яаж хяналт тавьдаг вэ?
-Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг ойг хөнөөлт шавьж өвчнөөс хамгаалах тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллагын эрх авсан байгууллагууд хийдэг. Тэмцлийн ажлын хяналтыг орон нутгийн түвшинд Ойн анги, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч мөн захиалагч талаас төслийн менежер томилон байнгын хяналт тавьж, ажлын үр дүнг газар дээр нь үзэж ажилладаг.
БОАЖЯ-наас энэ жилийн хувьд улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Нийслэлийн ногоон бүс, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хийсэн тэмцлийн ажлыг газар дээр нь үзэх хяналт, шалгалтыг 2017 оны 6 дугаар сарын 8-15-ны хооронд БОАЖЯ-ны ОБЗГ-ын ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Жагдаг, Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн шавж судлаач Д.Энхнасан, Газарзүй,Геоэкологийн хүрээлэнгийн шавж судлаач Д.Ганбат, Б.Батчөдөр, ХААИС-ын багш, экологич Т.Байгаль-Амар нар газар дээр нь үзэж, ажлын явц, үр дүнд хяналт, мониторинг хийж ажиллаа.
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд өөр ямар ямар ажлуудыг хийж байгаа вэ?
-Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж хамгаалах ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын норматив зардлыг 2-4 дахин нэмэгдүүлж ажиллаа. Ингэж ажилласаны үр дүнд ой хөнөөлт шавжтай тэмцлийн ажил гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдийн чадавхи сайжирч, технологийн шинэчлэлт хийх боломж нөхцөл бүрдсэн. Үүний нэг жишээ нь, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлийн технологи өндөр хөгжсөн улсаад хүчин чадал сайтай багажуудыг оруулж ирснээр ажлын бүтээмж, үр дүнг нэмэгдүүлж байна. Ойн ашигтай шавж үржүүлэх, ойн шавжийн судалгааны лаборотори байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, ойн хөнөөлт шавжийн байгалийн дайсан ангуучилдаг болон шимэгч шавжийг үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, турших судалгааны ажлыг Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтарч ажиллаж байна. Мөн Ойн хөнөөлт шавжийн үр дүн, эрхзүйн орчинг сайжруулах үүднээс судалгаа, тэмцлийн ажил гүйцэтгэх 7 стандарт батлуулж үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Түүнээс гадна ойн анхдагч хөнөөлт шавжийн хүрэнцэртэй тэмцэх нутгийн омгийн бактери болон вирусийн гаралтай бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, турших ажлыг Ерөнхий ба Сорилийн биологийн хүрээлэнтэй хамтарч хийж эхлээд байна. Ингэснээр өөрийн улсын эрдэмтэдийн гарган авсан нутгийн омгийн бактери болон вирусийн гаралтай бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Гэх мэт олон ажлыг нэрлэж болно.