Энэ цаг үеийн дуурийн залуу дуучид Монголын сонгодог урлагийг дэлхийд гайхуулахаараа нэг болж байна. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин тэргүүтэй энэ цагийн шилдэг дуурийн дуучдаар бахархахгүй байхын аргагүй. Тэд оролцсон тэмцээн бүрээсээ баярт, бахдам мэдээг дуулгаж, дэлхийн алдарт тайзнаа дуулж явна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад “BBC” агентлагаас хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг “Cardiff singer of the world” тэмцээнд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар амжилттай оролцож Төрийн шагналт Б.Шаравын аялгуу “Монголын тал нутаг”-аар Европын үзэгчдийг уярааж, “Монгол сонгодог”-оор гангарч байгаад ирлээ. Яг л энэ үед гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италийн Верона хотын алдарт Арена амфитеатрт Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттод 15000 үзэгчийн өмнө дуулсан. Бахдан бахархахгүй байхын аргагүй энэ л үеийнхэн дотроос энэ удаад Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучин Чулуунбаатарын Бадралын тухай онцлон хүргэж байна.
Монголчуудынхаа сонор, мэлмийг олон сайхан мэдээгээр баясгаж байдаг түүний амжилтын гараа 2010 оноос эхлэлтэй. Тодруулбал, ЗХУ-ын ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд гуравдугаар байр эзэлж байсан юм. Хамгийн сүүлд гэхэд тэр ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд дэд байр эзэлсэн.
Түүний шагналт байр эзэлсэн уралдаан бүр чансаа өндөртэй. Амжилтуудыг нь товчлон тоймлон хүргэвэл дэлхийн аваргад гурвантаа өнгөлсөн бахархалт хүү. Түүний гаргасан амжилтыг зүгээр ч нэг дэлхийн аварга хэмээн хөөргөсөнгүй. 2008 онд гаргасан Засгийн газрын тогтоолыг үндэслэн ийнхүү нэрлэлээ.
Энэхүү тогтоолыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар одоо ажиллаж буй С.Баяр Ерөнхий сайд байхдаа гаргаж байсан бөгөөд энэ л тогтоолын дагуу 2008 оноос хойш өдийг хүртэл онцгой амжилт гаргасан, тив дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулсан уран бүтээлчдээ шагнан урамшуулж ирсэн түүхтэй.
Тогтоолд зааснаар Ч.Бадралын амжилт гаргасан М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаан, Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаан, ОХУ-ын ардын жүжигчин Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдаан гурвуулаа “Б” зэрэглэлд хамаардаг. Засгийн газраас гаргасан тамирчдын амжилтыг үнэлэн дүгнэдэг жагсаалттай харьцуулан үнэлвэл түүний энэ амжилтууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй дүйнэ. Иймээс л түүнийг дэлхийн аваргад гурвантаа өнгөлсөн бахархалт хүү хэмээлээ. Тэр зүгээр ч нэг дэлхийн аваргад гурвантаа медаль хүртсэнгүй. 2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд оролцохдоо дэд байр эзлэхээс гадна Ц.Рахманиновын бүтээлийг сайн дуулсны төлөөх тусгай шагнал, шилдэг баритон хоолойтны шагнал хүртэв. 2015 онд ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдаанд дэд байр эзлэхдээ дэлхийн алдарт Марийнский театрт дуулах тусгай шагнал хүртэж мөн л илүүрхэв. Хамгийн сүүлд оролцсон “дэлхийн аварга” болох нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлж байсан ийм л түүхтэй.
Хэрвээ Монголын төр хэмээх “аав” тив дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулсан алаг үрсээ спорт, урлагийн хэмээн ялгадаггүйсэн бол дэлхийн аваргаас хоёр мөнгөн медаль, нэг алтан медаль хүртсэн тэр хэдийнэ гавьяат хэмээх эрхэм алдрыг зүүсэн байх биз. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн л бол гавьяат хэмээх цолоор энгэрээ мялаах бичигдээгүй дүрэм спортынхонд үйлчилдэг. Харин урлагийнхан ямар уралдаан аль зэрэглэлд багтдаг, хэдэн төгрөгөөр шагнадаг гэдгийг бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Саяхны нэг жишээ дурдъя. УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Косово улсад болсон ганц хүний жүжгийн “МонАкт” фестивальд “Би Эдит Пиаф байна” моно драмын жүжгээрээ Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож “Шилдгийн шилдэг уран бүтээл гранпри” шагналын эзэн болсон. Энэхүү тэмцээн нь ЮНЕСКО-гийн ITI-гаас зохион явуулдаг, олон улсын театрын фестиваль бөгөөд дээр дурдсан Засгийн газрын тогтоолд зааснаар “А” зэрэглэлд багтдаг. Товчхондоо театрын урлагийн олимп гэж тодорхойлж болохоор. Тэрбээр тэмцээнд оролцоод ирснийхээ дараа салбар яамандаа очиж мэдэгдэхэд олон олон бичиг цаас эргүүлэн байж “А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцсоныг нь мэдэн, 65 сая төгрөгөөр шагнаж урамшуулж байсныг санаж байна. Гэтэл тамирчид ямар зэрэглэлийн, хэдэн орон оролцсон тэмцээн уралдаанд амжилттай оролцвол ямархуу мөнгөн шагнал, цол хэргэм дагахыг үг үсэггүй мэднэ. Мөн өөр нэг онцлох зүйл нь мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчин эсвэл багтай нэгээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд дасгалжуулагчдад 10-50 хувийн мөнгөн шагнал олгодог. Гэтэл тив дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгаж байгаа энэ цагийн шилдэг уран бүтээлчдийг төрүүлсэн эрдэмтэн мэргэн багш нарт 100 төгрөгний ч урамшуулал байхгүй. Монголын сонгодог урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй тэд шавь нарынхаа баярт мэдээгээр сэтгэлээ баясгаж, өөрсдийгөө хөглөж, Монголын урлагийн маргаашаа цаг наргүй бэлтгэж яваа. Монголын төр ийм л журам жишгээр спорт болоод урлагийнхныг шагнаж, урамшуулж, хайр хишгээ хүртээж иржээ.
Тиймээс дэлхийн аваргад нэг удаа медаль хүртсэний төлөө гавьяат хэмээх цол хүртээдэг спортынхны жишигтэй дүйцүүлж, гурвын гурван удаа дуурийн дуулаачдын дэлхийн аваргаас медаль хүртсэн эх орны бахархалт хүүдээ гавьяат хэмээх цол олгоё. Өсч, ирлэгдэж яваа энэ л насанд нь гавьяат цол өгч, бүтээсэн бахдам амжилтыг нь урамшуулж, ирээдүйд бүтээх их үйлсэд нь урам хайрлая.
Төгсгөлд нь бас нэгэн зүйлийг тэмдэглэе. Ч.Бадрал сонгодог урлагийн өлгий болсон ОХУ-д Монголынхоо нэрийг сурталчилж явааг зайлшгүй дурдах хэрэгтэй болов уу. Ч.Бадрал ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргээд ЦДБЭЧ болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаа. Тэрбээр ОХУ-ын Магнитогорск хотод зохион байгуулагддаг олон улсын “Вива опера” фестивальд урилгаар оролцон, Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдсан “Спаскийн цамхаг” цэргийн хөгжмийн наадамд оролцон, Улаан талбайд 10 мянган үзэгчийн өмнө дуулсан анхны монгол дуучин болсон юм. Мөн тэрбээр Ульяновск, Халимагийн нийслэл Элестэй, Самара, Магнитогорск хотод хотод бие даасан тоглолтоо хийж, оролцсон тэмцээн бүртээ эх орноо сурталчлан шүүгчдийн анхааралд өртдөг. Түүний хамгийн дотнын найз дуурийн дуучин Э.Анхбаяр “Ч.Бадрал анх юу ч мэдэхгүй ОХУ руу сургуульд явсан. Бид чинь тийм мундаг боломжтой айлын хүүхдүүд биш. Москвагийн оюутны амьдрал хүнд байдаг тухай олон л удаа сонсож байсан. Тэгэхэд миний найз ОХУ-д хэдийнэ байр сууриа олчихсон. Орост сонгодог урлаг сонсдог, мэддэг хүмүүсээс Чулуунбаатарын Бадрал гэж асуухаар мэдэхгүй хүн байхгүй. Энэ хэмжээний амжилт үзүүлээд их гүрэн дотроос товойж гарч ирнэ гэдэг бол хэр баргийн аавын хүүгийн хийдэг ажил биш. Миний найз Монголынхоо нэрийг дэлхийд байг гэхэд ОХУ-д бол тамгалж яваа уран бүтээлч” хэмээн хуучилж байсан билээ. Түүний хэлсэнчлэн Ч.Бадрал Монголынхоо нэрийг дэлхийд байг гэхэд ОХУ-д бол таниулж яваа уран бүтээлч гэдэгтэй сонгодог урлагийн салбарынхан дуу нэгтэй санал нэгдэх биз ээ.
Ч.Бадралын амжилтын товчоон
-ЗХУ-ын ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны III байр /2010 он/
-ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховоин нэрэмжит дуурын дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байр /2011 он/,
-Б.Дамдинсүрэн, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын VI уралдааны Юндэнгийн дүрийн тэргүүн байр /2012 он/,
-МУГЖ Д.Бандийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын улсын уралдааны III байр /2012 он/,
-ЗХУ-ын ардын жүжигчин М.Михайловын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын уралдааны дэд байр /2013 он/,
-ЗХУ-ын ардын жүжигчин А.П.Ивановын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд гранпри шагнал /2013 он/,
-ОХУ-ын Тольятти хотын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гранпри шагнал /2014 он/
-ОХУ-ын Саратов хотод зохиогдсон дуурийн дуулаачдын олон улсын уралдааны IV байр /2014 он/,
-ЗХУ-ын ардын жүжигчин Н.Д.Шпиллерийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын анхдугаар уралдааны гранпри шагнал /2014 он/
-ОХУ-ын үндэсний “Россия” телевизээс зохион байгуулсан “Большая опера” олон улсын уралданы IV-р байр /2014 он/
-М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны II байр, Ц.Рахманиновын бүтээлийг сайн дуулсны төлөөх тусгай шагнал, шилдэг баритон хоолойтны шагнал /2014 он/,
-Санкт-Петербург хотод болсон ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдаанд дэд байр эзэлж, Мариинский театрт дуулах тусгай шагнал хүртсэн /2015 он/
-ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Бүх Оросын гоцлол дуулаач нарын шагналтнуудын уралдаанд тэргүүн байр /2016 -4 сар/
-Казакстан Улсын Алма-Ата хотод зохион байгуулагдсан дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновын нэрэмжит олон улсын VIII уралдаанд тэргүүн байр /2016 -9 сар/
-ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцон төгсгөлийн шатанд шалгарсан . /2016-10 сар/
-ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан хөгжмийн нэрт зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын тэргүүн байр /2016 -12 сар/
“Үндэсний шуудан” сонин О.Эрдэнэчимэг
Тамирчин ерөнхийлөгчтэй болсон юм одоо өгөр байлгүй дээ
Тамирчин ерөнхийлөгч өгнө биз дээ