Энэ жил Даншиг наадам хийхгүй

2017 оны 07-р сарын 25 өдөр, 08 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ec4f10031ac987e1b2d5886246e3fcd6

Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний хэв шинж, нөхцөл нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. СХД-ийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин батлагдсан тул өвчин гарсан голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллахаар шийдвэрлэв. Мөн малаа вакцинд хамруулаагүй иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр боллоо.

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд “Иргэд эрхээ эдлэх болохоороо эдэлдэг. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Олон нийт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж, мал, амьтны өвчин тарааж, нөхөн төлбөр нэхдэг байж болохгүй. Тиймээс үүргээ биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайн хэсэгт хүрч ажиллаж чадаагүй мал эмнэлгийнхний эрхийг түдгэлзүүлж өөр эмнэлэгт хариуцуул. Хяналт тавьж чадаагүй мэргэжлийн хяналтын газрын байцагчид хариуцлага тооцож, эргээд  надад мэдэгдэх хэрэгтэй” хэмээн холбогдох албаныханд үүрэг болгов. Түүнчлэн мал, амьтны гоц халдварт өвчин гарсан, цаг агаар таагүй ган гачиг, хуурайшилттай нөхцөл байдлыг харгалзан нийслэлийн Онцгой комиссоос энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг хийхгүй байх шийдвэр гаргалаа.

Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд холбогдох газрын удирдлагуудад зарим үүрэг даалгаврыг өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярт мал, амьтны гоц халдварт өвчин гарсан голомтод өдөр тутам хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх албадын хоорондын харилцан уялдааг ханган ажиллах, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах болон голомтод үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүний аюулгүй ажил, хөдөлмөр хамгааллыг чанд сахин ажиллахыг,

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд голомтын бүсэд ажиллаж байгаа хяналтын цэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, дэмжлэг үзүүлж, тусгай зориулалтын хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, өвчин гарсан голомтын бүсэд нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг,

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболдод голомтын болон хорио цээрийн бүсэд ажиллах алба хаагчдыг томилгоожуулах, голомтын бүсэд мал амьтан оруулж, гаргахгүй байх, шүлхий өвчин анх гарсан шалтгаан, нөхцөлийг холбогдох байгуулагатай хамтран олж холбогдох эзэнд нь хуулийн хариуцлага хүлээлгэж ажиллахыг,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуунд Голомтын болон хорио цээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, өвчилсөн мал, амьтныг устгах болон ариутгах үйл ажиллагааны стандартыг мөрдүүлж дүгнэлт гаргах, мал, амьтныг дархлаажуулах вакциныг тээвэрлэх, баталгаат хугацаа болон хадгалалтын горим, вакцинжуулалтын үйл ажиллагаа, ариутгал халдаргүйжүүлэлт хийх байршил, тунгийн хэмжээ найрлагад хяналт тавьж дүгнэлт гаргах үүргийг тус тус үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх