Б.Амарбаясгалан:Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүд Монгол өв соёлоо, Монгол хэлээ битгий мартаасай

2017 оны 07-р сарын 17 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20133579_1472698619478312_1844816919_o-890x495-600x334

Саяхан даа… Баяр наадмын өмнөхөн АНУ-д үрчлэгдсэн Монгол хүүхдүүд 10 жилийн дараа эх орондоо ирэхэд нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хүлээн авч уулзсан юм. Тэрхүү уулзалтын мэдээг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн сурагч Б.Амарбаясгалан хүү үзээд үе тэнгийнхээ найзуудад цуглуулсан мөнгөөрөө Монгол-Англи хэлний толь бичиг, Монголын үзэсгэлэнт байгалийн зурагтай ном худалдаж аваад унадаг дугуйгаа жийгээд зориод ирсэн юм. Тэдгээр хүүхдүүд хэдийгээр АНУ руу буцсан ч бид Б.Амарбаясгалан хүүгийн чин сэтгэлийн бэлгийг заавал хүргүүлнээ. Монголын ирээдүй ийм их гэрэлтэй, зорилго тэмүүлэлтэй байгаад баярлаад ханамгүй. Бид Б.Амарбаясгалан хүүтэй цөөн хором уулзаж, товч яриа авсанаа хүргэж байна.

Миний дүү өөрийгөө товч танилцуулах уу.

Намайг Батбаярын Амарбаясгалан гэдэг. Би Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн 11А ангид сурдаг. Манайх 2010 онд Төв аймгийн Дэлгэрхан сумаас Улаанбаатар хотод шилжин ирсэн. Би аав, ээж, эгчтэйгээ амьдардаг. Манай эгчийг Б.Энхбаясгалан гэдэг. Би АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг Акссес гэж хөтөлбөр байдаг. Тэрхүү хөтөлбөрт хамрагдаж англи хэл сураад 2 жил болж байна.

АНУ-д үрчлэгдсэн хүүхдүүдийн талаарх мэдээллийг хаанаас авсан бэ? Яагаад тэдгээр хүүхдүүдэд бэлэг өгмөөр санагдсан бэ?

Би Америк орон руу явж үзээгүй. Гэхдээ би АНУ-ын талаар маш их сонирхож судалдаг. News.mn сайт дээр тавигдсан бичлэг, сурвалжлагыг үзээд миний сэтгэл маш их хөдөлсөн. Бид нар бүгдээрээ нэг цустай Монгол ахан дүүс, бидний хувь заяа ижилхэн шүү дээ гэж бодогдсон. Тийм болохоор АНУ-д үрчлэгдсэн ч гэсэн үе тэнгийн найзууд, дүү нар маань Монгол хэл, Монгол өв соёлоо битгий мартаасай билээ. Монгол хэл маань их баян хэл шүү дээ. Монгол хэлээ эргэн сэргээж сайн ярьдаг болоосой гэж бодоод Монгол- Анли хэлний толь бичиг бэлэглэмээр санагдсан. Миний энэ бэлэглэж байгаа ном маань их ойлгомжтой ном байгаа. Бас Golden gobi гээд энэ номонд Монгол орны үзэсгэлэнт байгалийн талаар гоё зураг их байгаа. Тийм болохоор эх орноороо бахархаасай, их зүйлийг Монгол орондоо хийгээсэй, хамтдаа олон зүйлийг бүтээнэ гэсэн чин сэтгэлийн үүднээс энэ номыг найзууддаа бэлэглэхээр шийдсээн. Эдгээр хүүхдүүдийг долдугаар сарын 16-нд буцна гэж ойлгоод амжиж уулзаад номоо бэлэглэнэ гэж бодчихсон байсан ч 13-нд буцчихсан байсан юм байна. Би удахгүй АНУ-д очиж сурна гээд цуглуулж, хуримтлуулж байсан мөнгөөрөө найзууддаа Монгол- Англи толь бичиг аваад өгвөл илүү их өгөөжтэй юм болов уу гэж бодсон. Үе тэнгийнхэндээ сайн сайхныг түгээе л гэж бодсон доо.

Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ? Чиний мөрөөдөл юу вэ?

Би удахгүй АНУ-д очиж Олон улсын харилцааны чиглэлээр суралцана гэж боддог. Төгсөж ирээд Гадаад харилцааны яаманд ажилд орж, Америк-Монголын харилцааг илүү сайнаар, гуравдагч хөрш гэдэг утгаар нь улам хөгжүүлж хувь нэмрээ оруулна даа гэж мөрөөддөг өө.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх