Улсын хэмжээнд 22 түймэр асч байна
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комиссын ээлжит бус хуралдаан зарлан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн /2017.07.16/ байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр суманд ес, Төв аймгийн Батсүмбэр суманд тав, Эрдэнэ суманд нэг, Булган аймгийн Сэлэнгэ, Гурванбулаг суманд тус бүр нэг түймэр асч байна. Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Мухартад гарсан түймрийг цурманд оруулжээ. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан, Арцат уул, Ар матах зэрэг газарт түймрийн таван цэг илэрсэн ч онцгой байдлын албан хаагчид, машин техник очих боломжгүй байна.
Түймрийн голомтуудад онцгой байдлын 351 албан хаагч, 27 автомашин, орон нутгийн 375 иргэн, 41 автомашин, нийт 726 хүн, 68 автомашинтай ажиллаж байна. Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Булган аймаг болон Нийслэлийн Онцгой байдлын газраас 109 албан хаагч, есөн техник хэрэгсэл, Төв, Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймгаас 60 албан хаагчийг нэмж татсан байна.
Одоогоор хугацаат цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шаардлагагүй, ОХУ-ын Онц байдлын яамтай ярьж нисдэг тэрэг авах талаар тохиролцсон тухай Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд үүрэг өгвөл Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчид түймэрт явахад бэлэн байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн онгоцыг ашиглах талаар тохиролцоонд хүрчээ. Эдгээр онгоц нэг удаагийн нислэгээр 1-2 тонн ус тээвэрлэн түймрийн голомтод цацах боломжтой юм байна.
Түймрийн 70 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс гарсан бөгөөд цагдаагийн байгууллага эзэн холбогдогч нь тодорхой болсон дөрвөн хэргийг шалгаж эхэлжээ. МУЗН цохиур, ус шүршигч зэрэг найман сая төгрөгийн хэрэгслийг өнөөдөр илгээсэн бөгөөд цаашид хүнс бусад зүйлээр туслах юм.
Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээнээс үзвэл маргааш, нөгөөдөр бороо орох төлөвтэй байгаа бөгөөд үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулах бэлтгэлээ бүрэн хангасан байна.
Иргэд сайн дураараа нэгдэж түймэр унтраах, голомтод ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагч, иргэдэд туслах аян өрнүүлж байгаад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Гэхдээ мэргэжлийн бус, бэлтгэгдээгүй иргэд түймэрт ажиллах нь эрсдэл ихтэй. Түймэрт мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Шаардлагатай бол Онцгой комисс иргэдээ дайчилж нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана гэж тэрээр хэллээ.
Энэ он гарсаар Нийслэл Улаанбаатар хотод 17, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнгийн аймгийн 56 суманд 128 удаа нийт 145 ой, хээрийн түймэр гарч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 40 хувиар, талбайн хэмжээ 81 хувиар өссөн гэсэн үг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ойрын өдрүүдэд бороо орно
Энэ сарын 16-18-нд баруун болон зүүн аймгуудын хойд, төвийн аймгуудын зарим нутгаар, 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд баруун, говийн зарим нутгаар, 22-24-нд болон сарын эцсээр баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.