Үндэсний их баяр наадам болон аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гаднын болон дотоодын жуулчид, аялал зугаалгаар явж буй иргэд, орон нутагт зорчин явагчдын урсгал ачаалал ихэссэн.
Автотээврийн үндэсний төвөөс Жуулчин тээвэр улс, хот хоорондын нийтийн зорчигчдыг тээвэрлэх явцад зам тээврийн осол аваар, техникийн саатал гарч болзошгүй нөхцөл байдал үүсэхээс урдьчилан сэргийлж Улаанбаатар хот болон орон нутгийн Автотээврийн төвүүдэд 24 цагийн хариуцлагатай эргүүл, жижүүр томилон сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллаж байна.
Иймд тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, гаднын болон дотоодын жуулчдыг тав тухтай найдвартай аялуулах үүднээс Автотээврийн үндэсний төвөөс шат дараалалсан ажлыг өрнүүлж байгаа бөгөөд аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгаас эхлэн хяналт шалгалтыг эрчимжүүлж эхэллээ.
Замын хяналт шалгалтын явцад өдөрт дунджаар 500 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Хөвсгөл аймгийн автотээврийн төв, аймгийн Замын цагдаагийн тасгийн холбогдох мэргэжилтнүүд техникийн бүрэн бүтэн байдал, жуулчин тээвэрлэж байгаа том болон дунд оврын тээврийн хэрэгслийг хянан шалгаж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
Иймд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхнийг хөдөө, орон нутгийн замд гарахдаа хууль бус тээврээр зорчилгүй Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг мөн холбогдох байгууллагуудаас өгч буй анхааруулга, санамжийг сайтар мөрдөн хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Автотээврийн үндэсний төвтэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай /GPS/; даатгалтай /аливаа осол саатал гарсан тохиолдолд өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгох бүрэн боломжтой/; техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилэхээс гадна мэргэшсэн жолооч нар ажиллаж байна.