Гадаад улсын зарим иргэнийг Алтангадас одонгоор шагнав

2017 оны 07-р сарын 06 өдөр, 15 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг Алтангадас одонгоор шагналаа.

Эдгээр хүмүүсийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол соёл, түүхийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалж, сурталчлан таниулах үйлсийг хичээл зүтгэл, авьяас билгээрээ манлайлан түүчээлж, үндэсний бахархлыг бүрэлдүүлэн цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулсан дараахь иргэдийг Алтангадас одонгоор шагнасугай.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний урлагийн жүжгийн хүрээлэнгийн хэлтсийн дарга Чи Булаг

БНХАУ-ын ӨМӨЗО-ны бөхийн аварга Дашдонровын Баярбаатар

ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын түүх, соёлын “Өв” сангийн тэргүүн Нина Санджариковна Уланова

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Цырендаши Эрдынеевич Доржиев

ОХУ-ын Тува Улсын Эрзин районы “Мөген Бурен” үйлдвэрийн дарга Ооржак Ошку-Саар Аракчаевна

ОХУ-ын Тува Улсын зохиолч Комбу Алдын-Кыс Чамзырыновна нарыг шагнасугай” гэжээ.

Чи Булаг

Булаг нь ӨМӨЗО-ы Дарханхошууны Хар хошуу хэмээх газар 1944 онд Чи Гэндэнжавын 15 дугаар хүү болон  төрсөн. Бүх Хятадын Ардын жүжигчин, Бүх Хятадын Морин хуурын нийгэмлэгийн тэргүүн /50 мянган гишүүнтэй/, БНХАУ-ын Морин хуурын Эрдэм шинжилгээ, судалгааны нийгэмлэгийн тэргүүн, БНХАУ-ын Ардын урлагийн биет бус соёлын “Онц өв тээгч”, Чи Булагийн нэрэмжит “Тахь” морин хуурын чуулгын дарга, Чи Булагийн нэрэмжит олон улсын морин хуурын дээд сургуулийн захирал, БНХАУ-ын Үндэстний их сургуулийн доктор, профессор багш.

Морин хуурын өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үлэмж хувь нэмэр оруулсан монгол үндэстний сод авьяастан.

Дашдонровын Баярбаатар

Баярбаатар нь 1978 онд ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Мандах булаг сумын Мандах булаг гацаанд малчин Дашдонровын 2 дугаар хүү болон мэндэлсэн.

Үндэсний бөхийн 1000 бөх барилдсан барилдаанд 3 удаа түрүүлж 3 удаа үзүүрлэсэн, 1 удаа их шөвөгт шалгарсан.

512 бөх оролцсон наадамд 7 удаа түрүүлж, 8 удаа үзүүрлэсэн. 256 бөх оролцсон наадамд 35 удаа түрүүлсэн. Их, бага баяр наадамд 400 гаруй удаа түрүүлсэн амжилт үзүүлсэн.

Монгол бөхийн өв соёлыг дэлгэрүүлж, монгол бахархлыг бадрааж буй үндэсний бөхийн шилдэг зүтгэлтэн.


Нина Санджариковна Уланова

ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын түүх, соёлын “Өв” сангийн тэргүүн,  Халимагтаа Цагаан ээж, Олны ээж, Нима ээж хэмээн алдаршсан Нина Санджариковна Уланова өдгөө 86 нас сүүдрийг зооглож байна.

Тэрээр “Жангар” туулийн 10 бүлгийг анх удаа бүрэн эхээр нь бичин авч, 1910 онд Санкт-Петербург хотноо эрхлэн хэвлүүлж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан нэрт эрдэмтэн, монгол судлаач, бичгийн их хүн Очирын Номтын удмын хүн. 1992 онд Очирын Номтын нэрэмжит, Монгол-Халимагийн түүх соёлыг дэлгэрүүлэх “Өв” санг үүсгэн байгуулсан цагаасаа халимагийн хэл, соёл, түүхийн өвийг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэх, хөгжүүлэх, өвөг дээдсийнхээ түүх, нэр төрийг сэргээх, хэлмэгдсэн түүхийг судлах, цагаатгуулах, шашин соёлыг дэлгэрүүлэх чиглэлээр тууштай ажиллаж иржээ.

Халимагийн ард түмний олон түүхэн хүндэтгэлт үйл явдлуудыг тэмдэглэж, ОХУ-ын Волгоград мужид Халимагийн хааны угсаа залгамжилсан ноён, Тундутовынхонд зориулан хуучин суварга байсан буурин дээр нь шинээр суварга босгох, буддын шашны буян номын үйлс эрхлэх зэрэг олон ажил хийж ирсэн байна. Одоо олон улсын хэмжээний буддын соёлын төв байгуулахаар ажиллаж байгаа.

Н.С.Уланова Чингис хааны үеэс эхтэй гэж дээдэлдэг, Халимагийн хаадын төрийн тугийн бумбал /зэв/-ыг үе улируулан хадгалж байна. Орос-Францын 1812 оны дайнд Орос орон ялж, Парис хотыг эзлэхэд Халимагийн Торгууд, Хошууд, Дөрвөдийн морьт, тэмээт хороод голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Дөрвөдийн  морьт хороог ахалсан Тундутов ноёны /дайны дараа Оросын баатраар өргөмжлөгдсөн/ өргөж явсан тугийн зэв нь энэхүү тугийн бумба ажээ. Тундутов ноёны удмын хамгийн сүүлчийн ноён Данзан Октябрийн хувьсгалаас зугтаж Европ руу дүрвэн гарахдаа өөрийн баруун гар болох дотны анддаа өвөг дээдсийнхээ дайчин тугны зэв /бумба/-ийг үлдээгээд явсан нь түүний аав Улана Санж байжээ. Улана Санж 1917-1943 оныг хүртэл байшингийнхаа ханан дунд шавардан гадны нөлөөнөөс хамгаалан хадгалж байгаад хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч бусдаас нууж, хамгаалан явсаар төрсөн охин Нямаад өвлүүлсэн нь өдий хүртэл хадгалагдан үлджээ.


Цырендаши Эрдынеевич Доржиев

Цырендаши Эрдынеевич Доржиев нь 1962 онд ОХУ-ын Буриад Улсын Ярууны районд төрсөн. 1994 оноос Буриад Улсын Ардын Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, Ардын Хурлын даргаар ажиллаж байна. 2008 онд ОХУ-ын Гавьяат эдийн засагч цолоор шагнуулсан. Тэрээр Монгол Улс, ОХУ-ын найрамдалт харилцааг бэхжүүлэх үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан бөгөөд буриад зон олны “Алтаргана” наадмыг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгсэн хүн юм.


Ооржак Ошку-Саар Аракчаевна

Ошку-Саар Аракчаевна ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Мөнгөн тайгын хошуунд 1947 онд төрсөн. Тэрээр мах, сүү, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Мөген- Бурен” орон нутгийн нэгдмэл үйлдвэрийн захирал. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр 54 жил ажилласан.

ОХУ болон Тува улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан. “Хүндэт тэмдэг” одон /СССР/, ОХУ-ын “Хөдөлмөрийн гавьяа”-ны одон, Тува улсын одонгоор шагнагдаж байжээ.

Монгол Улсын Увс, Баян-өлгий аймгийн Бөхмөрөн, Ногооннуур сумдын иргэдтэй байнгын хамтын ажиллагаатай, нягт холбоотой ажилладаг.

Тува улсын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын тэргүүлэгч. Монгол улс, ОХУ, түүн дотроо бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн зохих хувь нэмрээ оруулж байгаа хөдөлмөрч эмэгтэй юм.


Комбу Алдын-Кыс Чамзырыновна

Алдын-Кыс Чамзырыновна ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Эрзин хошуунд 1947 онд төрсөн. Тува улсын Эрзин хошуунд амьдардаг. Хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч. Тува улсын зохиолчдын холбооны гишүүн. Эрзин хошууны даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан.

Тува улсын гавьяат ажилтан, “Буян Бадыргы” одон, ОХУ-ын “Дочерям Отчизны” медаль, ОХУ-ын Соёлын яамны хүндэт жуухаар шагнагдаж байсан байна.

Монгол улсын Завхан аймгийн Тэс, Баян-тэс сумд, Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдтэй нягт холбоотой ажилладаг ба хил залгаа сумдын монгол иргэдэд байнгын дэмжлэг, эмнэлэгийн тусламж эмчилгээг өөрийн нутагт үзүүлэх, хил орчмын яармаг худалдаа, эв модны наадам, монгол дууны наадмыг жил болгон зохион байгуулахад голлон оролцож ирсэн.

Тува улсын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын тэргүүлэгч бөгөөд олон нийтийн болоод Монгол улс, ОХУ түүн дотроо бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн зохих хувь нэмрээ оруулж байгаа хүн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх