П.Батчулуун: Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурлыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна

2017 оны 07-р сарын 06 өдөр, 10 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19756082_10158934347595453_1975543521_n2

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрхтэн шилжүүлэн суулгалт”-ын Олон улсын хуралд Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо ерөнхий  зохион байгуулагчаар оролцож байна. Тус холбооны нарийн бичгийн дарга, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, Хүний гавьяат эмч П.Батчулуунтай ярилцаж зохион байгуулалтын талаар тодрууллаа.

Хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.

Энэ удаагийн хоёрдугаар хурлын бэлтгэл ажил харьцангуй сайн хангагдаад явж байна. Зохион байгуулах хорооны даргаар УНТЭ-ийн Эмнэл зүй эмийн судлалын лабораторийн эмнэл зүй хариуцсан эрхлэгч Ж.Саранцэцэг, санхүүгийн асуудлыг миний бие хариуцан ажиллаж байна.

Ер нь бидэнд иймэрхүү томоохон хэмжээний хурал зохион байгуулах туршлага дутмаг байж. Энэ удаагийн хурлыг зохион байгуулснаар нэлээд туршлагатай болж байна. Олон улсын хэмжээний хурал зохион байгуулахад санхүүжилт бол хамгийн чухал байдаг. Тийм ч учраас бид энэ тал дээр яамдууд, аж ахуй нэгж байгууллагуудад захидал хүргүүлэн, хурлын ач холбогдолыг тайлбарласны үр дүнд богино хугацаанд төсвийг бүрдүүлсэн. Учир нь энэ арга хэмжээ маань өөрөө манай улсын эрүүл мэндийн салбарт чухал хөрөнгө оруулалт болох, олон улсад зүй ёсны хүлээн зөвшөөрөгдөх, дэмжлэг авахад чухал нөлөөтэй учраас байгууллага, аж ахуй нэгжүүд ойлгож, дэмжиж хүлээж авсанд талархалтай байна.

Туршлагаас харахад энэ удаагийн хурлыг зохион байгуулж дууссаны дараа шууд дараагийн 2019 оны хурлын бэлтгэл ажил руугаа орох төлөвлөгөөтэй байна.

Анхны хурлыг хэдэн онд зохион байгуулж байсан бэ?

Анх 2015 онд анхны хурлаа УНТЭ-ийн 90 жилийн ойтой нэгтгэж зохион байгуулсан учраас УНТЭ-ийн зүгээс томоохон дэмжлэг үзүүлж байсан. Харин энэ удаагийн хоёрдугаар хурлыг Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо хариуцан ажиллаж байгаа боловч УНТЭ-ийн зүгээс дэмжин ажиллаж байна. Учир нь манай холбооны гишүүдийн 99% хувь нь УНТЭ-ийн эмч, мэргэжилтэнүүд байдаг.

Энэ удаагийн хурлыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа гэсэн?

Зохион байгуулагчдын зүгээс ярилцсаны үр дүнд энэ удаагийн хурлыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болсон. Цаашид Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулснаар эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд төрөөс байнгын дэмжлэг авах ийм боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. Тиймээс төрийн дэмжлэг бодитоор, дэс дараатайгаар байх зайлшгүй шаардлагатай байна. Жишээ нь, эрхтэн шилжүүлэн суулгах бөөрний төслийг хэрэгжүүлэхэд лабораторийн асуудлаас бусдыг нь төрөөс дэмжлэг аваагүй. Элэг шилжүүлэн суулгах баг 2007 онд байгуулагдаж, 2012 онд 2,6 сая төгрөгийн санхүүжилтээр багаж, тоног төхөөрөмжөө авсан. Харин ясны чөмөг, үүдэл эс суулгах баг 2012 онд гурван тэрбум төгрөгийн дэмжлэг авсан. Үүнээс хойш төрөөс дэмжлэг аваагүй байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орж байгаа эмчлүүлэгчийн ар гэрээс бүх зардал гарч байгаа нь санхүүгийн маш том бэрхшээл болдог. Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдаж байгаа хувь хүн болон албан байгууллагуудаас орж байгаа мөнгө нь маш бага байдаг. Мөн манай улсын ДНБ-ний 4-5 хувь нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байна. Гэтэл бусад орнууд ДНБ-ний 10-15 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг байх жишээтэй. Тиймээс төрөөс энэ тал дээр тодорхой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Зохион байгуулагчдын зүгээс гадаадын зочид, төлөөлөгчдөд тусгайлан зориулсан өөр арга хэмжээ байгаа юу?

Энэ удаагийн хурлыг улсынхаа үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 7 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хуралд оролцох БНСУ, АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг улсын 25 зочид, төлөөлөгчиддөө улсынхаа хөгжил, цэцэглэлт, ёс заншилыг танилцуулах зорилгоор 7 дугаар сарын 11-ий өдөр наадмын нээлтийн үйл ажиллагаанаас эхлээд бүхий л урлаг соёлын хөтөлбөрүүдийг үзүүлж, танилцуулах төлөвлөгөөтэй байна.

Та эрхтэн шилжүүлэн суулгах элэгний багийн дэд ахлагч. Таны бодлоор өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжлийнхөө аль шатанд явж байна ?

Манай улсад анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 онд профессор Л.Жамбалжав, Д.Гоош, Н.Одсүрэн, Г.Нямхүү, Б.Бямбадаш, н.Нарантуяа зэрэг эмч нарын бүрэлдэхүүнтэй хийж байсан. Тус мэс засал санасан хэмжээнд хүрээгүй. Ингээд арван жилийн дараа буюу 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал маш амжилттай хийгдсэн. Харин элэг шилжүүлэн суулгах баг 2007 онд байгуулагдаж, 2011 оноос хойш нийт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 36 хүнд хийгээд байна. Харин ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг 4 хүнд хийгээд байна.

Манай улс эдийн засгийн хувьд хязгаарлагдмал бололцоотой, хөгжиж буй орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эрүүл мэндийнхээ салбарт хөгжүүлсэн нь хамгийн том ололт юм. Манай улс дэлхийн элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн 46 дахь, ясны чөмөг шилжүүлэн суулгасан эхний 20 орны тоонд багтаж байна.

Манай улс чамлахааргүй л амжилттай явж байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна.

Өнөөдрийн амжилт бол эдгээр хүмүүсийн зүйн ёсны гавьяа юм. Харин эмч, мэргэжилтнүүдийн маань цалин, урамшууллын асуудал өнөөдөр үнэхээр анхаарах шаардлагатай байна. Цалин гэдэг бол хөдөлмөрлөснийхөө үр дүнд авч, хэрэгцээгээ хангаад, тодорхой хэмжээ нь хуримтлал болж үлдэх хэмжээний мөнгийг цалин гэж ойлгодог. Гэтэл бидний авч байгаа цалин маш бага, тэтгэмж хэлбэртэй л байна. Ядаж илүү цагийнх нь мөнгийг олгочихдог, урамшууллын систем нь тодорхой болчихвол энэ салбарт цаг наргүй зүтгэж байгаа эмч, мэргэжилтнүүдэд ихээхэн дэмжлэг болох юм. Эмч, мэргэжилтнүүд маань чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, лааны гол шиг шатаж явдаг хүмүүс юм.

Өнөөдөр Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагааг УНТЭ өөрийн дотоод нөөц бололцоогоороо бүрэн хангаж байна. Эрхтэн шилжүүлэх төвийн үйл ажиллагааг нэг эмнэлэг нуруун дээрээ үүрэхээсээ илүү үндэсний хэмжээнд бүрэн иргэддээ бүрэн үйлчилдэг болоход төрөөс томоохон дэмжлэг хэрэгтэй байна. Ингэснээр олон хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж, дэлхийн шилдэг инноваци, технологиудыг нутагшуулан илүү олон хүнийг эрүүл саруул болгох боломж бүрдэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх