Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд улсаа худалдахад ч бэлэн байна. Хууль зөрчих бол наад захын асуудал болж хувирав. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч болон сонгуульд оролцож байгаа нам сонгогчдын саналыг татах зорилготой мөнгөн амлалт өгөхийг хориглосон. Гэтэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд баталсан хуулиа зөрчин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад иргэдийн зээлийг чөлөөлөх даалгаврыг өгч попдов. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал 900 гаруй мянган иргэний 5.8 их наядын зээлийг чөлөөлөх юм байх. УИХ дахь Ардчилсан намын бүлэг зээл чөлөөлөх хуулийн төсөл санаачилна. Сэрдэггүй бол сайхан л зүүд. Эл мэдэгдэлд Ардчилсан намын эрүүл сэтгэхүйтэй, эдийн засгийн нөхцөл байдлаа ойлгодог гишүүд нь ичиж байна гэж жигтэйхэн. Газар доогуур орохоос наахнуур юм болцгоож байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт тулсан учраас л хэлээ хазлаад дуугүй байгаа болохоос биш зөв харж инээж, буруу харж уйлж сууна. Нэр дэвшигчээ дээш нь татах бус бүр баастай хутгаж, дөнгөллөө гэж халаглах хүн захаас аван гарч байна. Нэр дэвшигчээ эгүүлэн татах болзлыг С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд хийлээ ч гэж шүүмжлэх хэсэг гарч байна, үнэн. Жилийн өмнө Ардчилсан намыг Засгийн эрх барьж байхад Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх иргэдийн хэрэглээний зээлийг чөлөөлөх санаачилга гаргахад Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас эхлээд газар дэвсэлсэн. Тухайн үед 3 их наядын зээлийг чөлөөлөх боломжтой гэж мэдэгдэж байлаа. Харин өнөөдөр улсын төсвийн орлоготой дүйх хэмжээний зээлийг чөлөөлөх асуудлыг босгож тавьсан нь Ардчилсан намын нэр дэвшигчид оноо авчрах бус бүр доош ёроолд нь унагаж, МАН-д боломж олголоо. Улс төр хийж болно, гэхдээ ингэж нэр дэвшигчээ хорлож таарах уу. Бодоод үз, иргэдийн зээлийг чөлөөлөх боломж энэ улсад байхгүй. Хэдхэн сарын өмнө Чингис бондын хугацаа тулсан 850 сая ам.долларыг төлж чадахгүйн улмаас Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Улсынхаа газар нутгийг алдахгүйн тулд хийсэн сонголт байсан юм шүү дээ. Ардчилсан намын бүлгээс өгсөн мэдээллээр Монгол Улсын гадаад өр өнөөдрийн байдлаар 24.9 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, энэ тоо гадаад өрийн дарамт өндөр байгааг харуулж буй үзүүлэлт юм. Хэдхэн сарын дараагаас Чингис бондын 800 сая ам.долларын зээлийг төлнө. Энэ зээлийг ямар эх үүсвэрээс төлөх вэ гэдэг дээр эрх баригчид гарц хайсаар л байгаа. Үйлдвэр гэх юмгүй, уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортолдог орны иргэдэд “Нүүрс, зэс, алтны үнэ өндөр байгаасай” гэж залбирахаас өөр арга үгүй байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ сойсон нам нь ашигт малтмалын ногдол ашгаас зээлийг чөлөөлнө гэх үлгэр ярьж суугааг юу гэж ойлгох вэ?. Попорч болно, гэхдээ бас хэрэгжих үндэстэй юмаар улс төр хийж болохгүй юу.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн, мөн “Эрдэнэс тавантолгой” компани нээлттэй тендер зарласны хүчинд нэг тонн нь 24 ам.доллартай тэнцэж байсан нүүрсний үнийг 72 ам.долларт хүргэж өсгөж чадсан. Үүний хүчинд энэ оны эхний таван сард 700 гаруй сая ам.долларт төсөвт орж ирсэн. Ногдол ашиг өгөх хэмжээнд хүрсэн компани одоогоор байхгүй. Гэтэл сөрөг хүчний зүгээс уул уурхайн ногдол ашгаар иргэдийн зээлийг чөлөөлнө гэх үлгэр ярьж суугаа нь үнэхээр өрөвдөлтэй. Сонгуульд өрсөлдөхдөө ямар амлалт өгч болох, ямар амлалт өгч болохгүй вэ гэдгээ мэдрэхгүй болтлоо тэнэгэрчихээд байгаа Ардчилсан намд ухаан хайрлаач, бурхан минь. Намаа, нэр дэвшигчээ хорлож болох ч улсаа хорлож болохгүй шүү дээ. Сонгуульд болдгоороо болоод л өнгөрнө, энэ улс орон бүтэн үлдэх ёстой.
Эх сурвалж: newsmedia.mn