Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Онцгой байдлын ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айлуудын хашаанд нуранга болон газрын цөмрөлт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Ажлын хэсэгт Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын дарга хурандаа Н.Уламбаяр, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Нарлагийн гудамжны нийт 15 айлын хашаанд газрын цөмрөлт үүссэн бөгөөд үүнээс 9 өрх нь газрын зөвшөөрөлтэй бусад нь зөвшөөрөлгүй байгаа аж. Тиймээс тус айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар удирдамж гарган ажиллаж байгаа гэдгээ тус дүүргийн албаны хүмүүс хэллээ.
Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “ Мэргэжлийн хяналтын газраас нуранга үүссэн шалтгааныг тогтоож, эрсдэлтэй бүсийг тогтоох хэрэгтэй. Бүсийг аюултай, нэн аюултай, эрсдэлтэй гэж ангилж өгөх шаардлага байна. Хоёрдугаарт, нэн эрсдэлтэй хэсэгт байгаа айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн онгорхой байгаа нүхүүдийг булах ажлуудыг бүгд хамтран зохион байгуулах шаардлагатай байна.” хэмээлээ.
Мөн эрсдэлтэй бүсүүдийг тогтоосны дараа тэмдэг тэмдэглгэнүүдээ сайн тавих ажлыг нэн яаралтай арга хэмжээ авч зохион байгуулахаар НЗД-ын орлогч П.Баярхүү энэ үеэр холбогдох албаныханд үүрэг болголоо.