“Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаас ноцтой баримтууд олдсоор байна. Эндээс өмнөх дөрвөн жилд “Монголын төмөр зам” ТӨХК-тай ямар нэг байдлаар холбоотой үе, үеийн салбарын сайд нар нь, Засгийн газрын гишүүд, Сангийн сайд нь, ТӨХ-ны дарга нь, Хөгжлийн банкны захирал нь, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, ажлын хэсгийн ахлагч нь хүртэл ямархуу бичиг баримтад гарын үсэг зурчихаад одоо хэн ч хариуцлага алдсанаа хүлээхгүй явааг харж болно.
Үндэсний аудитын газраас 2017 оны 3 дугаар сарын 15-нд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Хэрлэнд 3/468 тоот аудитын гэрчилгээ хүргүүлсэн байдаг.Үүнд: Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 болон Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д заасны дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон жилийн эцсийн санхүүгийн байдлын орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээ болон холбогдох бусад тайлбар тодруулга бүхий санхүүгийн тайланд аудит хийж ажилласан тухай тодорхой бичжээ. Мөн энд “Татгалзсан дүгнэлт”-ийн үндэслэл гаргахад аудитын хангалттай ба зохистой нотолгоог олж авах боломжгүй байснаа илэрхийлсэн байдаг.
Тухайлбал, “Татгалзсан дүгнэлт”-ийн үндэслэлд “Самсунг Си энд Ти корпораци”, “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай тооцоо нийлж гэрээгээ дуусгавар болгож 39.2 сая ам.долларын тооцоо хаахдаа хөндлөнгийн компаниар дүгнэлт гаргуулаагүй, одоог хүртэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Хангайт-Төмөртэйн чиглэлийн төмөр замыг биетээр хүлээн авч үйл ажиллагаа эхлүүлсэн боловч бүртгэх үнийн дүнг ТӨХ-ноос ирүүлээгүй / 80 хувь болох 90.1 сая ам.долларын вексель төлөгдсөн/ учраас Нягтлан бодох бүртгэлд бүртгүүлээгүй ба ашигласан хугацаандаа элэгдүүлээгүй байна.
УИХ-ын 81 дүгээр тогтоолын 1.1-д Засгийн газар, Хөгжлийн банкны хоорондын улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ээрс тасалбар болгон харилцан суутгах замаар эцэслэн шийдвэрлэх гэсэн заалтын дагуу 15.1 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкны тооцооноос хаагдсан боловч цаашид хэрхэн бүртгэх талаар шийдвэр ирээгүй байна.
Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-шилжүүлэх-ашиглах тухай концессийн гэрээг цуцалж 2013 оны долдугаар сард уг гэрээг цуцлах гэрээг байгуулжээ. Гэрээ цуцлах гэрээнд тусгагдсан нийт 83.7 тэрбум төгрөгийг төлөхөөр тооцоо нийлж акт үйлдсэн. 2015 онд нийт 60.3 сая ам.долларын векселийг хүүгийн хамт төлөх Засгийн газрын 476 дугаар тогтоол батлагджээ. Санхүүгийн тайландаа 38.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг бүртгэж, үлдсэн хэсгийг бүртгээгүй орхигдуулсан, одоог хүртэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байна… Эдгээр асуудлын талаар холбогдох дээд шатны албан тушаалтнуудын тушаал, шийдвэр байхгүй байсан тул аудитын дүгнэлт гаргахаас татгалзсан болно гээд Санхүүгийн аудитын газрын дарга, тэргүүлэх, аудитор Ц.Наранчимэг гарын үсгээ зуржээ.
Тэгвэл цагдаагийн байгууллага дээр “түгжигдээд” байсан гэх эл хэргийн жинхэнэ эзэн нь эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болох Х.Баттулга. Түүний дэд сайдаар ажиллаж байгаад орыг нь залгаж Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нар дээрх хэргүүдтэй холбоотойгоор сэжигтэн, яллагдагчаар татагдаж, улмаар шүүх хурлыг нь товлохгүй байсаар Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, А.Гансүхэд холбогдох шүүх хурал арайхийн эхэлсэн боловч завсарлах буюу шулуухан хэлэхэд цаг хожихын тулд тасалдаад байгаа билээ.
Ийм олон тэрбум төгрөг, олон сая ам.долларыг хариуцлагагүйгээр цацчихаад хариуцлага хүлээх бус шүүх эрх мэдлийг гартаа оруулаад хэргээ цайруулах холын бодол агуулан улангасан дайрч буй нэр дэвшигчийг зөв өнцгөөс нь харж шийдвэрээ гаргах цаг боллоо. Улсаа барьцаалж ийм хэмжээний өр тавьсан хүн Ерөнхийлөгчийн албан тушаалаар дэнчин тавьж томоохон өртэй иргэд, компаниудын эмзэг цэгээр тоглож “Өргүй болгож өгнө” гэж эдийн засгийг бужигнуулаад, санхүүгийн салбарыг сүйрүүлээд ч атугай эрх мэдэлд хүрэхээр шийджээ. Гэвч Монгол Улс хуультай. Шүүх, прокурор, цагдаа, аудитын байгууллагын ажилтан албан хаагчид Х.Баттулгын мэхэнд унаж, хэдэн сар жилийнхээ хөдөлмөрийн хогийн саванд хийлгээд, өрийн дансыг нь шатаагаад өөрсдөө ажилд орохыг хүснэ гэж үү. Тэгвэл хуультай, цагдаатай, аудиттай, прокурортой, шүүхтэй байж яах юм бэ!
Улсаа мэхэлсэн өрнөөсөө хугасалж ч чадаагүй хүн иргэн Таныг, танай компанийн өрийг тэглэж чадах уу. Монголд хэзээ ч байгаагүй аргаар шийдэж Ерөнхийлөгчийн зарлигаар өрийн дансыг шатаагаад, тэглээд явчихлаа гэхэд эдийн засаг, санхүүгийн салбарын сүйрлийг Х.Баттулга, түүний хувийн компани үүрээд гарч чадна гэж үү!
“Үндэсний шуудан” сонин