Д.Оюунхорол сайд үндэстэн дамнасан Cox&King аялалын компанийн төлөөлөлтэй уулзлаа

2017 оны 06-р сарын 30 өдөр, 15 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0d7e36507aa484c6870b3432c4e8ee7d_large

Уул уурхайгаас хараат хүрэн эдийн засгаа солонгоруулж, аялал жуулчлалыг дэлхийн жишигт хөгжүүлэх бодлогыг БОАЖЯ-наас баримталж байгаа. Тэгвэл өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Энэтхэгийн үндэстэн дамнасан Cox&King аялалын компанийн Бизнесийн хөгжлийн тусгай төсөл, дотоодын аялал жуулчлал хариуцсан захирал Сандийп Даяал болон Ерөнхий менежер Ичча Дупиа нартай уулзлаа.

Энэ компанийн суурийг тэртээ 1758 онд тавьсан гэж үздэг бөгөөд дэлхийн анхны аялал жуулчлалын компани гэдгээрээ бахархдаг тухайгаа төлөөллүүд нь танилцуулж байв. Компанийн салбарууд Англи, АНУ, Арабын орнууд төдийгүй Австрали, Япон зэрэг оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Энэтхэгээс жуулчид татах үйл ажиллагааг эрхэлдэг юм байна. Жилд 20 сая энэтхэг хүн гадагшаа аялдаг гэсэн судалгаа байдгаас багагүй хувь нь тус компаниар үйлчлүүлдэг аж.

Д.Оюунхорол сайд энэхүү мэдээллийн хариуд Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай хамтран аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэх ажлыг төлөвлөсөн байгаагаа дуулгаад Энэтхэг, Монголын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг ч хөндөж ярьсан гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тэрбээр 2 орны аялал жуулчлалын компаниудыг холбох ажлыг холбогдох байгууллагуудаар нь дамжуулан хийнэ гэдгээ мэдэгдээд Энэтхэг жуулчдыг Монгол Улс руу татахад олон жилийн туршлага бүхий Cox&King компанийн үүрэг их гэдгийг онцлоод хамтарч ажиллахад таатай байна гэдгээ хэлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх