Сүү боловсруулах салбарт 2000 ажлын байр шинээр бий болно

2017 оны 06-р сарын 26 өдөр, 16 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
e3aqr7oo321l7c559tne1b006

“Сүүг  хуурайшуулах нь тээвэрлэлтийн зардлыг 10 дахин хэмнэхээс гадна жилийн дөрвөн улиралд хадгалах боломжийг бүрдүүлж дотоодын сүү үйлдвэрлэгчийг түүхий эдээр хангах ач холбогдолтой” гэж “Монгол драй милк” ХХК-ий захирал Э.Эрдэнэбилэг хэллээ. Ийм ач холбогдол бүхий үйлдвэр хөдөө орон нутагт ашиглалтад орж байна. Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд  эрүүл хүнс үйлдвэрлэх эрхэм зорилготойгоор “Монгол хуурай сүү” үйлдвэрийн нээлт өчигдөр  Хөвсгөл аймгийн Их-Уул суманд боллоо.

Манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 400 гаруй сая литр шингэн сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралтаагаас өвлийн улиралд сууний дутагдал, зуны улиралд сүүний илүүдэлтэй,  газар нутгийн хувьд мал аж ахуй тархмал байдалтай ба түүхий эд бэлтгэх ложистикийн оновчтой тогтолцоо байхгүй,  техник, технологи хуучирч хоцрогдсон, эргэлтийн хөрөнгө муу, зэрэг шалтгаанаас сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна. Мөн түүнчлэн жил бүр 4000 гаруй тонн малын гаралтай хуурай сүүг импортлон хэрэглэдэг ба шингэн сүүнд шилжүүлэн тооцоолбол ойролцоогоор 35 мянган тонн болж байна.

Иймд Монгол улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө улсынхаа олон сая малынхаа ашиг шимийг бүрэн өгөөжөөр нь ашиглахын зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян” зохион, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ тогтвортой түүхий эдээр хангах  зорилт тавьж ажиллаж байгаа билээ.

“Монгол драй милк” ХХК нь “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй уг аяныг дэмжин, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж алслагдсан орон нутагт хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гадаадад экспортлох боломжтой олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 24-ний  өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд  эхний үйлдвэрээ ашиглалтад оруулж байна.

Төсөл нь шингэн сүүний үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцоо илүү хөгжсөн төвийн бүстэй давхцахгүй, томоохон сүүний фермерийн хөгжилд хараахан очоогүй орон нутгийн малын  сүүний эдийн засгийн эргэлтэнд орохгүй байгаа нөөцүүдийг боловсруулж, хадгалалт болон тээвэрлэлтийн давуу боломжтой, олон улсын жишигт нийцүүлэн, нэмүү өртөгийг дотооддоо шингээсэн үйлдвэрлэлийг үндэсний компани гүйцэтгэж байгаагаараа давуу талтай. Нэг үйлдвэр өдөрт 1500 литр сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд төслийн хүрээнд нийт 1000-2000 тогтмол ажлын байр шинээр бий болж 20 гаруй мянган малчин өрхөөс түүхий эд хүлээн авч малчдын орлогыг шууд нэмэгдэнэ.

Сүү хуурайшуулах үйлдвэрийн төсөл  3 үе шаттайгаар 2017-оноос 2025 он хүртэл 8 жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ гэж үзэж байна. .2017 онд уг төслөөр 19 аймгийн 60 сумдад өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулж орон нутаг, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх