МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль дээр 12:30 цагт эхнэрийн хамт саналаа өглөө. Тэрээр энэ үеэр “Эрхэм хүндэт Монголын ард иргэд ахан дүүсээ. Монголын ард түмний шууд ард түмнээсээ сонгогддог энэхүү сонгууль бол эрх баригчдыг, төрийн дээр сандайлсан намуудыг, Монголын улстөрчдийг хариуцлага, сахилга баттай байлгах Үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо билээ. Монголын улстөрд өнөөдөр сахилга бат, хариуцлага хамгаас чухал байгаа. Монголын Улсын Ерөнхийлөгч өөрөө сахилга бат хариуцлагыг чанд сахин хэрэгжүүлснээрээ Монголын улс төр, нийгэмд хариуцлага биежэж ард иргэдэд сайхан амьдрал бий болно. Би ард түмэнтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээгээ 100 хувь хэрэгжүүлж биелүүлэх болно. Монголын минь заяа их. Монголын тусгаар тогтнол мандан бадрал үргэлж хүчирхэгжин мандана” гэлээ.