Гангаа эмнэлэгийн бачуухан өрөөнд амьсгаа давхцан, магадгүй эрлэгийн элч гэж байдаг бол түүнийг нь хүлээн хэвтэхдээ ээжийгээ ямар их гомдоож зовоож явснаа ойлгох шиг бол өөрийн эрхгүй нулимс дуслуулан байлаа. Өнгөрсөн амьдралд тэр ямар их алдаж вэ. Буруу юм хийх бүрийд нь сануулж загнаж зөвлөж бас аргадаж байсан ээжийнхээ үгэнд ер орж байгаагүйгээ санахаар өөрөө өөртөө дургүй хүрч ингээд л үхчих юмсан гэсэн ёрын бодлоор сэтгэлээ аргамжина.
Гэвч түүнд үхэх эрх байхгүй. Өөрийг нь хурдан эдгээсэй гэж бүлтийтэл харж суугаа 2 үрээ орхиод явна гэхээр мөнхөд амьдармаар бодогдоно.
Цас хаялмаалсан өвлийн намуухан үдэш Амарааг дагуулсан гэртээ орж билээ. Уг нь ээждээ танилцуулж гэрлэнэ гэдгээ л хэлж ерөөлийн үг сонсох гэсэн. Гэвч ээж нь түүний үхтлээ хайрласан Амарааг хүлээн зөвшөөрөөгүй. Бүр өрөөндөө орчихоод гарч ч ирээгүй. Гангаа яаж ч чадалгүй Амарааг явуулаад өөрөө ээжтэйгээ ярилцаж билээ.
-Энэ л миний заяаны хань хичнээн сайхан хүн гэдгийг нь та ядаж нэг хараад, нэг ярилцаад үзсэн бол мэдэх л байсан юм. Та яаж ингэж чадаж байнаа. Ер нь ч тэгээд та намайг тоох биш. Үргэлж л Даарийг л хайрлаж байснаас биш намайг тоодоггүй байсан. Би өөрийнхөө хүчээр л өдий дайтай явж байна гээд л 30 гарсан хүнээс гарамгүй ч юм шиг эрх зөрүүд зан гарган уурлаж уйлахыг хослуулсаар суухад нь ээж нь эргэж харан сууж:
-Охин минь, энэ хүн болохгүй ээ. Чамд хань болохгүй. Чамайг зовооно гэхэд Гангаа цааш яриулалгүй хашгичиж
-Та яах гэж миний амьдралд оролцоод байгаа юм. Ямар та Амараатай суух гэж байгаа биш. Би… би гэрлэнэ гэж байна. Зовбол би л зовно гээд уйлахад нь
-Чи ядаж охиноо бодооч. Энэ охин өөрийнхөө эцгийг хараагүй мөртлөө таван хойд эцгийн царай харлаа. Чи яасан гэрлэж салж ханадаггүй хүн бэ. Хэдий болтол ингэж явах гээв. Хэзээ амиа бодож довоо шарлуулж явахаас залхах хүн бэ. Чи намайг бодохгүй гэхэд ядаж охиноо бодмоор доо.Яахав амьдрал дандаа дардан байдаггүй. Ганц хоёр удаа нийлж салж болноо. Гэтэл чи зургаа гэрлэлээ. Өөрөө ч залхахгүй байна уу. Ядаж л гэр бүлээ аваад явчих олигтой юмтай нийлвэл бас яахав. Гэтэл чи өнгөрснөө хар нэг ч олигтой хүнтэй таарсангүй. Одоо ч тэр дагуулж ирсэн хар юмыг нь хар. Яавч өөдтэй юм биш гээд дахин буруу харахад нь Гангаа:
-Хүний эх гэдэг ийм байдаггүй юм. Та зөвшөөрөхгүй бол яахав боль. Би заавал таны хүүхэд байх гэж зүтгэхгүй гэж хатуухан хэлчихээд хаалга саван гарч одсон. Тэгээд ч өөрийнхөө зүтгэснээр гэрлэсэн. Охиноо ээж дээрээ үлдээгээд өөрөө дахин нэг бяцхан үрийг хэвлийдээ тэгээд хамтын амьдарлаа эхэлсэн. Тэдний амьдрал дутах зүйлгүй сайхан байж билээ.Нэгэн компанид томхон албан тушаал хашдаг Амараа түүнд ч, бас хүүдээ ч учиргүй хайртай. Бас Гангаагийн охинд ч тун сайн хандана.
Хамт амьдраад нэг жилийн нүүр үзэхдээ Гангаа ээж дээрээ цагаан сараар ч очиж золгоогүй. Харин нэг л өдөр “ээжийн бие муудаад таныг дуудаа байна” гэсэн дүүгийнхээ үгийг сонсоод эмнэлэгт яаж хүрснээ ч мэддэггүй. Гэхдээ ээжийнх нь түүнд хэлсэн хамгийн сүүлийн үгэнд нь ч бас л гомдсон.
-Миний охин, надаас хойш их ч уйлах байхдаа. Гэхдээ миний охин сэтгэлийн хаттай байгаарай. Чи минь нэг л өдөр ээжийгээ ойлгоно. Гэхдээ тэр үед л тэвчээртэй байдаг юм шүү гэсэн үгс одоо түүний мах цусанд шингэтэл тодхон үлдэж.
Ээжийг нь бурхан болсноос хойш Амараагийн зан хувирч эхэлсэн. Үе үе архи ууж, уугаагүй үедээ ч тун догшин болчихсон. Харц нь хүртэл нэг л өөр. Сүүлдээ Гангаад ч гар хүрдэг болсон. Гэвч түүнийг өмөөрдөг ээж нь байсангүй. Дүү нь л мэдсэн үедээ салгана гээд л гэртээ хэд хонуулдаг байлаа. Гэвч Гангааг байтугай өөрийгөө яая гэж байгаа Даарий нэг их удаан хамгаалаад байж чадахгүй. Энэ мэт хар дарсан зүүд шиг амьдрал дунд хоёр жилийг өнгөрөөхдөө Гангаа “Ээж минь яасан үнэн хэлдэг байж вэ” гэж бодож ээжийнхээ үгэнд ороогүйдээ харамсана. Харамсах бүрийдээ тэр ээжийгээ улам ихээр санадаг байлаа.
Бодолд дарагдан уйлж хэвтсэн Гангаагийн бодлыг хаалга онгойх чимээ тасаллаа. Охиныг нь дагуулсаар орж ирсэн дүү нь
-Уйлаа юу даа. Таныг эмч тайван бай гэсэн битгий элдэв юм бодож сэтгэлээ шаналгаад бай. Бадамаа тантай уулзана гээд байхаар нь дагуулаад ирлээ гэхэд нь Гангаа бүлтгэр нүдэндээ нулимс цийлэгнүүлэн зогсох охин руу харлаа.Бяцхан охиных нь харцанд яасан их гуниг хураа вэ. Насандаа баймгүй зовлонг энэ жаахан амьтан үүрч ирж, гэтэл тэр бүх зовлон нь надаас л болсон, ээж нэртэй над шиг амьтнаас гэж бодоход л цээжийг нь даран хөндүүрлэж нулимс нь урсаад ирлээ.
Охин түүн лүү дөхөж очин хүйт дааж, хөдөлж чадахгүй гараас нь атгаад:
-Ээжээ, та надад хэрэгтэй шүү. Хурдан эдгээрэй гэж хэлчихээд нүүрээ даран гараад явчихав.
Өглөөний шаргал наран ээжийнх нь зөөлөн халуухан гараар зулайг нь илбэх мэт сэрээхэд Гангаа “Би босох ёстой. Хүүхдүүдийнхээ төлөө амьдрах ёстой” гэсээр өөрөө өөртөө хүч өгөн өндийлөө.
Ж.Эрхэмцэцэг /2010 он/
Ээжийнхээ үгэнд орох байсын