ХНХЯ-ны харъяа байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017.06.19-06.20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах юм байна. Өдөрлөгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төв үйлдвэрлэлийн орчин, нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох зорилгоор оролцох юм байна.
Энэ үеэр хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, хор саармагжуулах бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх, дэвшилтэд тоног төхөөрөмжийг танилцуулах арга хэмжээ болох аж. Мөн ХАБЭА-н стандарт, дүрэм журам, сургалтын эрх авах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад ХАБ хариуцсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгөхөөр төлөвлөсөн байна. Үүнээс гадна ХАБЭА-н сургалтын эрх бүхий байгууллагуудын төлөөлөл оролцож сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэх, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах аж. Түүнчлэн мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгнө.