Агаараар хямд зорчих боломж бүрдэв

2017 оны 06-р сарын 14 өдөр, 11 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19059356_1835959573388808_2881936319797816538_n

Монголчууд бид агаараар гадагшаа зорчихдоо гуравхан цаг нисээд 600-700 ам.доллар төлдөг нь зах зээлийн ханшнаас хэтэрхий өндөр байсан юм. Нөгөө талаар ийм өндөр өртөг төлж байж ая тухгүй суудалд шахцалдан сууж зорьсон газраа хүрдэг байлаа. Харин Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНСУ-ын “Асиана Эйрлайнз” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцож, тус компанийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Жон Илнам Инчон–Улаанбаатар–Инчон чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтийг тавьсан байна. Хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөжээ.

       Энэ үеэр “Эйр Монголия” компанийн удирдлагууд нислэгийн тийзний үнийг хэрхэн хямдруулж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар мэдээлэл хийсэн. Хамгийн сайшаалтай мэдээлэл гэвэл дээрх компаниуд нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтой гэдгийг хэлсэн юм. Өдгөөгийн зорчиж байгаа ханшийг 40 хүртэлх хувиар буурлна гэдэг бол зах зээл дээрх хамгийн хямд өртөг гэж хэлж болно. Тухайлбал, дундажаар 30 хувь бууруулахад 600 ам.доллараар зорчдог байсан бол 400 орчим ам.доллараар зорчино гэдэг ихээхэн завшаантай хэрэг.

       Мөн үеэр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хэлэхдээ “Зам, тээврийн хөгжлийн яам байгуулагдсан цагаасаа бүхий л түвшиндээ нислэгийн тийзний хөнгөлөлтийг хэрэгжүүлэх талаар зорьж ажиллаж байна. Олон улсын агаарын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар тодорхой үе шаттайгаар тийзний үнийг бууруулах боломжийг эрэлхийлж байна. Эхний ээлжинд БНСУ-тай байгуулах агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулснаар иргэд, олон нийт хөнгөлөлттэй, хямд үнээр зорчих бас нэгэн боломж нээгдэнэ” хэмээсэн юм.

       Дашрамд дурдахад 2013 оноос хойш ам.долларын ханш огцом өссөнтэй холбоотойгоор санхүүгийн алдагдал хүлээсэн ч нислэгийн тийзний үнийг нэмээгүй гэдгийг МИАТ компанийнхан хэлж байв. Нийт 26 төрлийн тарифыг цаг хугацаа болон ангиллаас хамааруулж тогтоосон. Тийзээ эрт захиалж авсан тохиолдолд хамгийн бага үнээр тийз худалдан авах боломжтой бөгөөд 60-70 хувийг хямд тийз эзэлж байгаа аж. Тухайлбал хоёр талын тийз 970 мянган төгрөгөөс эхэлдэг талаар энэ үеэр мэдээллээ. Мөн оюутнууд, гэр бүл, ахмад настны гээд хямдралууд байдаг бөгөөд тарифын хөнгөлөлтийн талаар ажлын хэсэг байгуулж, судалгаа хийж эхэлжээ. Эдийн засгийн таагүй байдал, нийгмийн нуруун дээрх ачаалал хүнд байгаа үед энэ мэт гэгээ татуулсан ажил явж байгааг дуулгахад таатай байна.

Х.Баатар

Шуурхай.мн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх