Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл нуурын усанд шинжилгээ хийхэд E-coli буюу гэдэсний эмгэг төрөгч нян илэрчээ. Монголын хамгийн цэнгэг нуурын уснаас хүний ялгадасанд байдаг нян илэрсэн гэхээр итгэмээргүй ч юм шиг. Яалт ч үгүй л лабораторийн нян судлалын шинжилгээний дүнгээр нян байгаа нь илэрчээ.
Хатгал тосгоныхны ундны усаа авдаг Ноосны үйлдвэр, Нефть баазын орчмоос авсан дээжинд E-coli нян байгааг нотолжээ. Уг нян нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян бөгөөд усаар дамжин хүний гэдсэнд ордог. Нян орсноор гүйлгэх, шингэн алдах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хүний өтгөнд байдаг уг нян цас мөс хайлахад шар усны үерээр дамжин нуурт орсон байх боломжтой учраас ундны ус авдаг газруудыг хамгаалалтад авах шаардлагыг Мэргэжлийн хяналтын газраас Хатгал тосгоны захирагчид хүргүүлжээ.
Энэ нь Монгол Улсын Байгаль орчны, Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/а/352 тоот хамтарсан тушаалаар баталсан “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”-ын бактери судлалын үзүүлэлтүүдэд заасан “нян байх ёсгүй” гэсэн заалтын шаардлага хангахгүй байна гэж Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзэж байгаа аж.