Сонгуулийн уур амьсгал ид орж байх цагаар ажил хаялт зарлаж,өрөөндөө хонож өнжөөд байсан УИХ-ын гишүүн С.Жавхланг хэн ч анзаарахыг хүссэнгүй. Тэрээр баахан гомдоллож байгаад гэртээ харьсан дуулдана. Өөрийнхөө нүүр хуудсанд бичсэнийг нь харвал нэлээд тунирхаад байна уу гэлтэй.
“Өмнө нь Жавхлаан чи зөвхөн дуугаа дуул гэдэг дуулаад л явж байдаг, Жавхлаан чи тэмцээч ээ гэнэ дуугаа хаячихаад л тэмцээд л гүйгээд байсан. Буруу байсан байна. Одоо бол ерөөсөө гар хөл хүрэх бүх юмыг хийнэ. Бүгдийг нь хийнэ. Ганцаархнаа ганц ганц юм хийж чаддаг тийм юм байхгүй” гээд “Хэрэлдэнчиг хэлэлцэнчиг, шүүнчиг тунгаанчиг, үнэн бурууг чинь илчилнэ, дуугаа ч дуулна, хуралдаа ч сууна. Шаардлагынхаа хариуг ч авна эх орноо цэгцэлнэ цэвэрлэнэ, Монголоо аварна. Залуус аа та нар ч гэсэн өөрийн чадах бүгдийг хийж худал бусармаг бүхнээс эх орноо салгацгаая аа” хэмээн С.Жавхлан уриалжээ.
Хэд хоног УИХ-ын даргад шаардлага өгөөд хариу хүлээх зуураа “Хүслийн цагаан харгуй” хэмээх дуу төрүүлжээ. Уг дууныхаа шүлгийг хэрхэн бичсэнээ “Сая шаардлагын хариу хүлээн албан өрөөндөө хонож эх орноо бодож зүрх сэтгэл минь шатаж, гуниж гашилж, өмөрч өмөлзөж суухдаа шүлгийг нь бичиж бүтээсэн” гэжээ. Ийнхүү түүний “Хүслийн цагаан харгуй “ дууг толилуулъя. Бодоод байхад авьяаслаг дуучин залуу маань улстөр гэдэг бохир юмтай хутгалдаж, үйл махаа барж суухаар уран бүтээлээ хийгээд явбал хичнээн сайхан бэ гэж бишрэн шүтэгчид нь халаглаж байгааг дуулгахад илүүдэхгүй болов уу.