Замын цагдаагийн газраас мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд архи,согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож явсан 111 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Цагдаагийн байгууллагаас гудамж замд байнга хяналт шалгалт хийж байгаагийн үр дүнд замын осол зөрчлөөс урьдчилан сэргийлж байдаг. Замын цагдаагийн шуурхай албаны бүртгэлд нийт 503 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн байна. Замын осол, хэргийн улмаас 21 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10, унадаг дугуй, мотоцикльтой холбоотой осол 2, мөргөлдсөн 12, онхолдсон 1 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөний 4 нь байрныхаа гадаа тоглож байжээ. Иймд жолооч нар,явган зорчигч хэн ч бай анхаарал болгоомжтой байхыг замын цагдаа нар сэрэмжлүүлж байна.
Н.Намуунаа