П.Баярхүү: Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварт автомашиныг зүүн гар тийш эргүүлэхгүй

2017 оны 06-р сарын 05 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bayarhuuuu

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Албан ёсны зөвшөөрөлгүй мөртлөө нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоол хашин иргэдээс мөнгө авч байсан газруудад арга хэмжээ авахаар болсон байна. Сүүлийн үеийн энэ мэдээллээр ярилцлагаа эхэлье?

-Нийслэлд зөвшөөрөлтэй 16 зогсоол байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, иргэдээс хууль бусаар төлбөр авч байгаа 48 зогсоол байгаа гэдгийг шалгалтаар явсан  ажлын хэсэг тогтоосон. Зөвшөөрөлгүй байгаа төлбөрт зогсоолыг иргэдэд үнэгүй болгоно. Харин зөвшөөрлөө аваад хууль журмын дагуу явж байгаа бол тогтсон үнээ барихыг даалгана. Төлбөртэй зогсоол ажиллуулах журмыг  2011 онд батлахдаа  30 минутыг 500 төгрөгөөр, нэг цагийг 1000 төгрөгөөр, 90 минуыг 1500 төгрөгөөр, түүнээс дээш бол цаг тутамд 500 төгрөгөөр төлбөр авахыг журамласан. Тэр журмаар зохицуулснаас илүү мөнгийг иргэдээс авахгүй байх ёстой.

Зогсоол хүрэлцээгүй байгаа учраас хүмүүс авто машинаа зорчих хэсэгт тавьчихдаг. НИТХ-аар баталсан автомашин ачих журмыг өөрчлөх төсөл энэ тэр байгаа юу. Адаглаад машин ачихдаа эзэнд нь мэдэгддэггүй гэсэн шүүмжлэл маш их гардаг.

-Бид Замын Хөдөлгөөний удирдлагын төвд “E-Police” гэсэн аппликэшн нэвтрүүлнэ. Нийтийн эзэмшлийн зам талбайд авто машинаа зогсоосон, зогсоолын дүрэм зөрчсөн, ногоон байгууламж дээр автомашинаа зогсоосон зөрчлийг иргэд зургаар баримтжуулж  илгээх бөгөөд Замын хөдөлгөөний удирдлагын төв мэдээлийн дагуу торгуулийн арга хэмжээ авдаг байх юм. Энэ ажил Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар ороод дэмжигдсэн. Удахгүй Захиргааны ерөнхий хуулийн дагуу иргэдээсээ санал асуугаад хэрэгжүүлээд явна. Саяхан #Зам Чөлөөл гэдэг цахим шаардлага сошиал орчинд хүчтэй явж, иргэдтэйгээ хамтраад бид маш олон уулзвар гарцыг чөлөөллөө шүү дээ. Үүнтэй адил E-Policе аппликэшн үр дүнгээ өгч, иргэд маань хотын захиргаа, цагдаагийн байгууллагатайгаа хамтраад ажиллана гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл өнөөдрийн замын түгжрэлд, жолооч нарын дүрмээ баримталдаггүй, дур зоргын асуудал их нөлөөтэй.

-Улаанбаатарт агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүрэлцээгүй байдал, ажилгүйдэл гэх мэт асуудал бий. Түгжрэлийг шийдэх ажлыг хийх нь таны хариуцсан чиглэл юм байна. Түрүүн дурдсанаас өөр ямар ажил хийж байгаа вэ?

-Түгжрэлийг бууруулах чиглэлээр орц, гарцыг чөлөөлөх ажлыг эхний ээлжинд хийж байна. Тэгж байж зам тавих ажил явах бололцоотой болж байна. Энэ жил авто замд тавьсан 35.7 тэрбум төгрөгийн 11 тэрбум төгрөгийг нь хот доторх орц, гарцыг нэмэгдүүлэх чиглэд зарцуулна. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад зам шинээр тавих ажил цөөн. Гэхдээ хороолол дундах орц, гарцыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах бодлого барьж байна. Ер нь бол III, IV хороолол, Х хороолол, I хороолол, XIII хорооллыг харахад замын өргөтгөл маш муу хийгдсэн байна. Эдгээр хороололд орц, гарц нэмэгдэхгүй мөртлөө байшин барилга л нэмэгдэж байсан. Байр нэмэгдэнэ гэдэг бол тэнд амьдрах хүн нэмэгдэнэ гэсэн үг. Хүн нэмэгдэнэ гэдэг машин, түгжрэл нэмэгдэнэ гэсэн үг. Ийм учраас эхний ээлжид явган хүний орц, гарцыг чөлөөлж авто зам, явган хүний замыг нэмэх ажлаа үе шаттай хэрэгжүүлж байна.

Давхар гүүр, давхар гарааж хэдийг барих вэ?

-Замын цагдаагийн газрын урд талын төмөр замын хаалттай гарам дээр олон төвшний огтлолцол бүхий давхар гүүр барих ажил эхэлсэн. Чингэлтэй дүүрэгт давхар гарааж хоёрыг төлөвлөсөн. Ажлыг нь эхлүүлэх бэлтгэл ажлаа базаагаад явж байна. Зураг төслийг нь хийж дууссан учраас газар чөлөөлөх ажлыг Чингэлтэй дүүргийн засаг даргатай зөвшилцөөд явж байна. Мөн бид Голландын компанитай авто зогсоолуудын менежментийг сайжруулах маш чухал төсөл хэрэгжүүлэхээр санамж бичигт гарыг үсэг зурсан. Эхний байдлаар 49:51 хувьцаатай хамтарсан компани байгуулахаар тохирсон. Ирэх долоо хоногт Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурал дээр үүнийгээ танилцуулаад ажил цаашаа үргэлжилнэ.

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнд оролцож байхдаа зүүн тийш эргэхгүй байх зохицуулалт хийнэ гэж НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга ярилцлага өгсөн байна лээ. Энэ талаар танилцуулаач?

-Энхтайваны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнд ийм өөрчлөлт хийнэ. Цэцэг төвийн уулзвар, Зүүн дөрвөн замын уулзвар, МУБИС-ийн гэх мэт долоон уулзварыг зүүн гар тийш эргүүлэхгүйгээр  зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш эргэдэг байх юм. Иргэд долдугаар сарын сүүлээр хөдөө гадаа явж, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал багасна. Энэ үеэр туршилтаар эхлүүлж, хэвшүүлнэ. Эхний удаад бага зэргийн хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол авто замын нэвтрэх чадлыг сайжруулах, түгжрэлийг сайжруулах зөв алхам гэж харж байгаа. Бид судалгаа хийж үзсэн. Цагт 1000-1500  тээврийн хэрэгсэл уулзвараас зүүн гар тийш эргэх гээд зогсож байгаа юм. Гэрэл дохионы хугацаа 40-50 секунд байгаа. Хэрвээ чигээр нь явуулж эхэлбэл хөдөлгөөний эрчим 40-50 секунд чинь 80 секундээр бусад чиглэл руу нэмэгдээд явна гэсэн үг.

-Энэ зохицуулалт хэр үр дүн өгөх вэ? Замын цагдаагийн албаныхан ямар санал гаргасан бол.

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Түгжрэлийг бууруулах байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгаа. Ажлын хэсэгт Замын цагдаагийн албаны төлөөлөл багтдаг. Тэдний гаргасан судалгааг түшиглэж, нягт хамтардаг гэсэн үг. Энэ дээр гарсан саналууд амьдралд бодитоор хэрэгжээд явж байгаа. Бид энэ зохицуулалтыг олон улсын тээврийн программ дээр таван сар туршилт хийгээд үзлээ. Замын хөдөлгөөний түгжрэл сайн буурах хандлага байгаа. Одоо компьютерт, цаасан дээр туршсан зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх үлдээд байна. Уулзваруудаар баруун тийш чөлөөтэй гэрэл дохио харгалзахгүй эргэх ажил үргэлжлээд явж байгаа. Одоо дахиад 17 уулзвараар баруун тийш чөлөөтэй эргэдэг болох ажлыг төлөвлөж байгаа. Мөн автозамд осол гарахад түргэн шуурхай бүртгээд явуулдаг системийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ дээр хот багаж хэрэгслийг нь худалдаж авч өгөх санхүүжилтыг 2017 оны төсөвт тавьсан. Тэгэхгүй бол байцаагч нар хүрэлцэхгүй байгаа учраас ослын газар жолооч нар цагдаа хүлээгээд зогсоод байдаг. Үүнээс болоод түгжрэл үүсгэдэг асуудал бий. Энэ асуудлыг газар дээр нь богино хугацаанд шийдэх шийдэл удахгүй хэрэгжүүлнэ. Мөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөний урсгал дээр Замын цагдаагийн албатай хамтарч ажиллаж байна.

-Нэгдүгээр эмнэлгийн үүднээс автомашин ачуулдаггүй асрагчийн тухай та интернетээс уншсан уу? Зогсоол битүү байсан учраас зорчих хэсэгт машинаа тавьчихаад ээжийгээ эмнэлгээс үүрээд гараад ирэхэд нь машин ачдаг хүмүүс ирчихсэн, нэг асрагч ачигч нарыг саатуулаад зогсч байсанд маш их баярласан нэг эмэгтэйн сэтгэгдэл байсан?

-Уншсан. Нэг талдаа ачигчийг буруутгах хэцүү. Нөгөө талдаа эмэгтэйг өмөөрөх хэцүү. Ер нь бол улсын чанартай томоохон эмнэлгүүд өвчтөн хүлээн авах зогсоолоо бүрэн шийдсэн байх учиртай. Хотын дарга Улсын III эмнэлгийн зогсоолын өргөтгөж, гадна гадна талбайг иж бүрэн тохижуулсан. Одоо Х хорооллын зогсоолыг өргөтгөж байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн зогсоолыг өргөтгөж, тохижуулж байгаа нь учиртай. Нэгдүгээрт, иргэд маань ая тухтай үйлчлүүлэх ёстой. Хоёрдугаарт, зогсоол хүрэлцээгүй байдал нь түгжрэлийг үүсгэх гол шалтгаан байдаг.

Тийм учраас ажлын хэсэг дээр ярьж байгаад Нарантуул, Барс, Хархорин, Өгөөмөр, Хүчитшонхор гэх мэт томоохон захуудын авто зогсоолын бүтцийг сайжруулах ажлыг хийхээр боллоо. Эмх цэгцтэй байх нь аливаа ажил цаашаа явахад хэрэгтэй байдаг.

Үүнээс гадна тэмдэг, тэмдэглэгээний асуудал бий. Бид эхний ээлжинд Таван шараас Офицеруудын ордон хүртэлх замын тэмдэг, тэмдэглэгээг бусад хотуудын хэмжээнд хүрэхүйц өөрчилж, шинэчилье гээд ажлаа эхлүүлсэн. Хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглэгээг иргэддээ харагдахуйц байдлаар тавиагүйгээс шалтгаалаад дүрэм зөрчих, үүнээс болоод түгжрэл үүсэх, осол аваар гарах тохиолдол гардаг. Өнөөдөр иргэд маань “Ийшээ энүүгээр эргэж болдог” гэсэн байдлаар дүрэм зөрчиж хэвшсэн нь тэмдэг, тэмдэглэгээ тодорхой бус байгаатай холбоотой. Үүнээсээ болоод торгууль төлөхөд хүрдэг. Ийм учраас зам дээгүүр карказ зангидаад эгнээ эгнээнд нь тэмдэг тавьдаг бусад хотын жишгийг дагах гэж байна. Энэ ажилд хотын дарга 954 сая төгрөг баталж өгсөн. Хотын дарга энэ мэтчилэн хотын өнгө үзэмж, автозамын түгжрэлийг сааруулах чиглэлээр маш их ажлыг шинээр санаачилж байна.

-Яармагийн гүүр, Налайхын замын ажил хэр явж байгаа вэ?

-Яармагийн гүүрний шавыг дөрөвдүгээр сард тавиад, ажлаа эхлүүлчихсэн байгаа. Баянзүрхээс Налайх хүрэх 20,9 км замын ажил хийгдэнэ. Бид автозамын трасс дээр эцсийн байдлаар хэлэлцээд дүгнэлтээ гаргаж байна. Хөрөнгө санхүүжилтыг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр шийдсэн байгаа. Компаниуд шалгарсан учраас зургадугаар сарын сүүлээр ажил эхэлнэ.

-Замын бүтээн байгуулалт дээр хот ямар шаардлага тавьж байна вэ? Замаа барьчихаад дараа нь ус зайлуулах шугам тавина гэж явган хүний зам хуулдаг, брожур сольдог гэж иргэд шүүмжилдэг?

-Үерийн ус зайлуулах шугам хоолой хийгээгүйгээс болж замын чанар мууддаг, хотын замд үер буудаг асуудал олон жил гарлаа. Ийм учраас компаниуд яг л энэ шаардлагыг тавьж байгаа. Цогцоор нь барь гэж. Харин орон сууцны хороолол барих гэж байгаа бол цэцэрлэг, өрхийн эмнэлэг, тоглоомын талбай, бас орж гарах замын зургаа тодорхой болгоод зөвшөөрлөө ав гэсэн шаардлага тавьж байгаа.

Эх сурвалж: itoim.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх