Кувейт улсын Эль-Кувейт хотод энэ сарын 23, 24-нд Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар Кувейт улстай явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын төлөвлөгөөгөө тодорхойлон, хөрөнгө оруулалт татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ярилцаж байна гэж албаны эх сурвалж мэдэгдэв.
Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тусламжийн гэрээг байгуулж, Кувейтийн сангаас олгож байгаа санхүүжилтийг 12 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх боломжийг хуралдааны үеэр эрэлхийлэхээр төлөвлөсөн байсан. Өчигдөр буюу тавдугаар сарын 23-нд Кувейт улсын Эль-Кувейт хотноо Кувейтын сангаас Монгол улсад Түлэнхийн төв байгуулахад зориулсан 8 сая ам.доллар буюу 20 тэрбум төгрөг буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын талаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Кувейтийн талаас Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулла Ал-Бадер оролцжээ. Буцалтгүй тусламж авснаар 2011 онд акталсан Түлэнхийн төвийн барилгын ажил 2018 онд дуусч, үйлчлүүлэгчдээ хүлээн авах боломжтой болох юм.