Францын легионы армийн монгол цэрэг амиа алджээ

2017 оны 05-р сарын 22 өдөр, 19 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18624884_1113761625422001_864043440_n

Францын армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн баасан гаригт амиа алдсан тухай AFP агентлаг мэдээлжээ. Тэдний нэг нь Өмнөд Африк гаралтай 20 гаруй настай цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн 28 настай О.Бат-Аргамж байжээ.

Тэд Марна голын орчимд хоёр хүний завиар сургуулилт хийж байгаад орон нутгийн цагаар 11 цагийн үед сураггүй болсон тухай Зэвсэгт хүний Олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн байна. Тухайн үед Марна голын орчимд гадаадын легион нарын явган цэргийн хоёрдугаар хорооны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байлдааны сургуулилт хийж явжээ.

Цэргийн ангиас 10:53 цагийн үед түгшүүр зарласнаар аврагч, шумбагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар шуурхай ирсэн байна.

Францын прокурорын байгууллагаас мэдээлснээр, голын усны ширүүн эргүүлэгт завь нь хөмөрснөөс цэргүүд осолдсон гэжээ. Хамт бэлтгэл хийж явсан цэргүүд хамтрагчдынхаа амийг аврахаар ус руу орсон боловч амиа алджээ. Хэрэг гарсантай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлжээ. Францын Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард “Цэргүүд амиа алдсан энэхүү хэргийг мөрдөн шалгах болно” хэмээн мэдэгдсэн байна. Монгол Улсын иргэн,золгүйгээр амиа алдсан О.Бат-Аргамж нь Францын армид алба хаагаад гурван жил болжээ.

Эхнэр, хоёр хүүхдийн аав юм. Том хүү нь долоон настай, бага хүүхэд нь хоёр сартай юм байна. Дэлхийн хамгийн хатуу чанга бэлтгэлтэй, тусгай хүчний арми гэгддэг Францын легионд орох хүнд шалгуурыг тэр бүр давж, тэнцэх хүн ховор аж. Монгол цэргүүд 10 жилийн өмнөөс тус армид алба хаах болсон ба ур чадвар, тэсвэр хатуужлаараа шалгарсан 50 гаруй монгол залуу алба хааж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх