УИХ-ын гишүүн О.Баасанхүү намдаа гомдож,хохироохоор шийдэв

2017 оны 05-р сарын 17 өдөр, 13 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baasankhuu

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил  хэдийнээ эхэлсэн. Парламентад суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхээ эдэлж буй. МАН,АН-ын нэр дэвшигч тодорхой болсон. Харин   МАХН-ын Их хуралдайгаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлж,СЕХ-нд нэр дэвшигчээ бүртгүүлнэ гэж муйхарлан зүтгэсэн.

Гэвч хуулийн өмнө хүчин мөхөсдөж, бууж өгсөн. Өчигдөр хоёр дахь нэр дэвшигчээр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар тодров. Энэ шийдвэрийг намын нөхөд нэгэн дуугаар баталсан байхад тус намын УИХ дахь цорын ганц гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж  олон нийтэд хандав. Тэрээр “МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшиж буйд би хувьдаа дэмжихгүй байна.

Өчигдөрхөн нэр дэвшихгүй гэж хэлж байсан хүн дэвшихээр болчихлоо. МАХН 90 жилийн түүхтэй улс төрийн хүчний хувьд туршлагатай, хариуцлагатай, хуулийг шударга хэрэгжүүлэх улс төрчийг нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл С.Ганбаатар гэж Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн байсан, намын гишүүнээсээ татгалзсан эсэх нь тодорхойгүй хүнийг нэр дэвшүүлснийг бий дэмжихгүй. Хуульч С.Нарангэрэл гуайг МАХН-аас нэр дэвшүүлэх боломжтой.

Улс төрийн туршлагатай, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүн. Намаас С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн учраас би намаасаа гарах хүсэлтээ албан ёсоор гаргаж байна” гэж мэдэгдэв. О.Баасанхүү өнөөдөр намаасаа гарах өргөдлөө бариад намын даргатайгаа уулзаж яваа. Хэвлэлийн хурал ч зарлаж байна. Намаа, бас даргыгаа хүнд байдалд орж явахад нь орхидог хүн чанар муутай л хүн бололтой.

Эр хүн туг ч барина,тугал ч хариулна гэдэг. Н.Энхбаяр үргэлж ийм байхгүй байх аа. О.Баасанхүүгийн тухай элдвийн яриа нэлээд гарах аястай болжээ. Саяхан л гутлаа чирсэн том хар цүнх чирсэн хэн ч биш нөхөр мэдээ гаргаад өгөөч гээд сонины редакцуудыг залхтал орж гардаг байсан. Тэр ч байтугай Мүүний үнэнч шавь, тамхины компаниас зардлаа гаргуулж Голланд явсан энэ тэр гээд түүний тухай сошиалаар дүүрэн. Цаг цагаараа байдаггүй гэдэг болохоор амьдрал үргэлж сайхнаараа байгаа ч уу үгүй ч үү гэдгийг эрхэм гишүүн бодох биз ээ. С.Ганбаатар Хөдөлмөрийн намын гишүүн байсан уу тийм ч чухал асуудал биш байх.

“Буян”-гийн Жагай саяхан намаасаа биш АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгчийн сунгаанд оролцоо биз дээ. Эрхэм гишүүн О.Баасанхүү улстөрд нэлээд тод фигур болох эсэхийг харах л үлдэв. Намаасаа гарах нь намаа хохироож байгаа том хэрэг гэж тэрээр бодсон бололтой. Түүнийг 2012 оны сонгуульд МАХН жагсаалтаараа УИХ –ын зөөлөн сандалд суулгасан. Н.Энхбаярын өмгөөлөгч байсны хувьд өөдөө гарсан гэдгээ тэрээр ор тас мартжээ.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх