Мөхлөөс сэхэл рүү…

2017 оны 05-р сарын 17 өдөр, 10 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
muhluus

Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарав. Эдийн засаг сэргэж байна уу, мөхөж байна уу? Ийм асуулт олон хүний анхаарлыг татаж байна. Тэгвэл энэ асуултад хариулт авахын тулд эдийн засагчдын ойлгомж муутай урт тайлбараас ангид цөөхөн тоо баримтыг харьцуулж үзэж болох юм.

Н.Алтанхуяг Ерөнхий сайд ганцхан жилийн дотор  2.1 тэрбум ам.долларын өр тавьсан. Чингис, Самурай нэртэй бондууд ар араасаа цувран гарч, Монгол Улсын өрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсэн. Гэвч энэ нь Монголын эдийн засагт таатай боломжийг авчирч чадсангүй. Гаднаас их хэмжээний валют орж ирэхийн хэрээр америк долларын ханш өсч, 1400 орчим төгрөгийн ханштай байсан ам.доллар 2500 төгрөг хүртлээ нэмэгдсэн. Америк долларын ханшийн галзуурал, мөнгөний ханшийн уналт монголчуудын амьдралыг туйлдуулж, Ерөнхий сайд нь хүртэл “Өндөг чинь тансаг хэрэглээ. Өндөг, үнэтэй чихэр идэхээ боль” хэмээн ард түмнээ загнаж суусан цаг саяхан.

Үүний зэрэгцээ гадны хөрөнгө оруулагчид уул уурхайгаа хааж, барьж байсан барилга байшингаа орхиж, нэг л өдөр нүүдлийн шувуу шиг нутаг буцсан. Монголчуудын хувьд гол найдлага тавьж байсан Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудал царцаж, гомдож цөхөрсөн гадны хөрөнгө оруулагчид ээлж дараалан Монгол Улсын Засгийн газрыг шүүхийн ширээний ард дуудаж байлаа. Хохирогчид нь мэдээж ард түмэн. Уул уурхайн салбарт ажиллаж байсан олон мянган ажилчид ажилгүй болж, Монголын Үндэсний компани гэж өөрсдийгөө өргөмжилдөг дотоодын том, жижиг компаниуд ээлж дараалан цомхтгол хийсэн. Монголын хамгийн том ажил олгогч “Энержи ресурс” үндсэн ажилтнуудынхаа 10 хувийг цомхтгосон. Тус компанийн үндсэн болон туслан гүйцэтгэгч компанид нийтдээ ажиллаж байсан 10 гаруй мянган иргэн ажилгүйдэлд өртсөн. Энэ бол ганцхан жишээ. МАК, “Вагнер Ази” “Сентерра гоулд Монголия”, “Алтайн хүдэр”, “Болд төмөр Ерөө гол”, “Саус гоби ресурс” гээд уул уурхайн томоохон компаниудыг ч энэхүү цомхтголын салхи тойроогүй дайрсан. Хэдхэн жилийн дотор Монголчууд ТҮЦ-ний наймаа руу хошуурч, жижиг дунд үйлдвэрлэлийн тухай сүртэй сүржин яриа нам дарагдаж, хаа сайгүй бор ТҮЦ эгнэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал энгийн иргэдэд талхаа таллаж, тосоо граммлаж, тарчиг ядуу амь зуух боломжийг дөнгөж л олгож эхэлсэн. Харин эрх мэдэлтнүүдийн тансаглал, хариуцлагагүйн байдал  хэрээс хэтэрсэн гэхэд болно.

Чингис бондын эх үүсвэрийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал шалгалт хийгдсэн өдрийн байдлаар 694 тэрбум төгрөгт хүрсэн байх жишээтэй. Үлгэр мэт замхарч алга болсон “Шинэ төмөр зам” төслийн хуулийн зөвлөх үйлчилгээнд гэхэд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая ам.доллар,  санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, “Хаан” банкны зээл хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар гаргасан байсан. Зөвхөн ганцхан төслийн зөвлөх үйлчилгээнд 7.2 сая ам доллар… Арай л хэтэрхий үрэлгэн байдал эдийн засгийг уруудаж доройтоход хүргэсэн. АН-ын эрх баригчид тухайн үед “Эдийн засаг хямраагүй, хямрах болоогүй, битгий муу амла” хэмээн загнаж байсан ч сүүлдээ “Өр гэхээр л өртэй болоод байна. Одоо ер нь өглөг гэж нэрлэцгээе” гэдэг уриалга гаргаж байлаа. Бас л гашуун тохуурхал шүү.

Өнгөрсөн 2012-2016 оны хооронд үүсэж бий болсон эдийн засгийн энэ их хямрал эцэст нь бидэнд их хэмжээний өр, ядуурал, бас ажилгүйдэл  үлдээсэн.

Мөхөл сэхлийн ирмэгт ирээд байсан Монголын эдийн засаг өнөөдөр бага багаар сэргэж эхэлж байна. Энэ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв 154.4 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам.долларын ханш тогтворжих хандлага мэдрэгдэж эхэллээ. Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Еланда Фернандез Ломмен “Монгол Улсын эдийн засаг энэ онд сэргэж, 2.5 хувиар өсөхөөр байна” хэмээн мэдэгдэв. Тус банкны Зүүн Азийн газрын ахлах эдийн засагч Акико Терада Хагивара “Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт 2016 онд сүүлийн жилүүдэд байгаагүйгээр буурч, 1 хувь болсон байсан. Өрхийн хэрэглээ болон барилгын салбарын уналт үүнд ихээхэн нөлөөллөө. Өнгөрсөн оны гуравдугаар улирал гэхэд ДНБ-ий өсөлт 6 хувиар буурч ирсэн ч дөрөвдүгээр улиралд нүүрсний олборлолт өссөнөөр монголын эдийн засаг таамаглаж байгаагүйгээр өсөлт гарсан. Оюутолгойн уурхайн хоёрдугаар ээлжийн санхүүжилтээр Монгол Улсад 2017 онд 1.0 тэрбум ам доллар, 2018 онд 1.2 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа” хэмээн зарлав. Азийн хөгжлийн банкнаас хийсэн энэ мэдэгдлүүд гадны хөрөнгө оруулагчдыг төдийгүй монголчуудын сэтгэлийг бага ч гэсэн тэнийлгэж чадлаа. Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберто Эчанди “Хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд аажмаар сэргэж байна. Саяхан Канад Улсад болсон Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын бодлого хэрэгжиж, үйл ажиллагаа нь тогтворжиж байгаа тухай олон улсын эдийн засагчид онцолсон” гэдэг сайхан мэдээ дуулгав. Алдагдсан итгэл, алга болсон хөрөнгө оруулалт эргэж ирэх цаг ойрхон байна. Үүнийг баталж,  донор орнуудаас Монголчуудад өгөх зээл тусламжийн хэмжээ ч нэмэгдэж байна. Ямартай ч эдийн засаг сэргэж эхэллээ… Улс төрийн тогтвортой байдал энэ хэвээрээ үргэлжилвэл эдийн засаг дорхноо сэргээд ирнэ. Үүний үр шимийг иргэд бид л хүртэнэ.

А.Уян

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх