Ирэх зургаадугаар сард болох “Жэй Си Ай 2017” (АСПАК) Ази Номхон далайн чуулганаар дэлхийн 40 гаруй улсаас 3000 орчим бизнес эрхлэгч залуу Монгол Улсад уулзах гэж байна. Чуулга уулзалтын талаарх мэдээллийг БСШУС-ын дэд сайд Е.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан өнөөдөр хэвлэлийнхэнд өглөө.
Энэхүү уулзалт нь нийт зочдын тоогоороо Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дараа орох томоохон арга хэмжээ бөгөөд зохион байгуулалтын хувьд шинэлэг “Бизнес аялал” (MICE) хэлбэрээр болох юм байна. Япон, Солонгос, Тайван, Малайз зэрэг 40 гаруй орны залуу бизнесмэнүүд уг арга хэмжээнд ирэхдээ “Жэй Си Ай” байгууллагын хурал, арга хэмжээнд оролцонгоо Монгол Улсын бизнес эрхлэгч залуустай болон бизнесийн орчинтой танилцах, манай улсын нийслэл, соёл зан заншлыг сонирхож, хөдөө орон нутгийн үзэсгэлэнт байгалиар аялах болно гэдгийг холбогдох албаныхан онцоллоо. Мөн уг арга хэмжээний зохион байгуулалт хоёр жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд “Жэй Си Ай Монгол” байгууллагын салбар байгууллага бүрээс томилогдсон 200 орчим гишүүн идэвхтэй ажилласаар байгаа аж. “Жэй Си Ай 2017” (АСПАК) арга хэмжээний үеэр олон тооны зочдыг нэг цаг үед Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулж байгаа учир Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ААН, албан байгууллага, хувь хүмүүстэй бүх талаар хамтарч ажиллаж байна. Одоогийн байдлаар МИАТ, “АПУ” ХК, “Шунхлай” ХХК, “Скайтель”, “MSC”, “Голомт банк”, “Говь” ХК зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэгж болон 40 орчим зочид буудал, 70 гаруй ресторантай хамтран ажиллахаар тохиролцож, 200 гаруй сайн дурынхантай хамтран ажиллах гэнэ. Энэхүү үйл ажиллагаа нь хэдийгээр олон улсын томоохон арга хэмжээ боловч төр засгийн төсвөөс мөнгөн хэлбэрээр дэмжлэг авдаггүй, иргэдийн амьдралын хэв маягт бүсчилж хөдөлгөөн хорих, зам хаах зэрэг асуудал үүсгэхгүй учраас зохион байгуулагчдын зүгээс ард иргэддээ нийт ирж буй зочдод найрсаг хандахыг уриалав.