Хир буртаг болсон бохир хувцастай шуудай дүүрэн архины шил,ундааны сав үүрсэн хүмүүс их хотын хаана ч тааралдах. Хог түүж, золбин нохой мэт тэнэж амьдрана гэдэг юутай хэцүү. Ийм хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна гэж халамжийнхан ярьж байна.
2010 онд явуулсан Хүн ам, орон сууцны тооллогоор 1016 иргэн гэр оронгүй буюу тэнэмэл байдлаар амьдарч байгаа гэсэн судалгаа гарч байсан. 2014 онд нийслэлийн Халамж үйлчилгээний газраас явуулсан судалгаагаар ийм хүмүүсийн тоо нэмэгдэж,2789 тоологджээ. Өөрөөр хэлбэл тэнэмэл золбин амьдралтай хүмүүс хэдэн мянгаараа гудамж,траншей,орц хонгилд амьдарч байна гэсэн үг. Нийгэмд гологдсон тэдгээр хүмүүс өрөвдөлтэй гээд хаана тэднийг бөөгнүүлж бөөцийлөх вэ гэдэг том асуудал. Өнөөдрийн хувьд тэдэнд туслах гэсэн сайн санаат хүмүүст найдлага тавихаас хэтрэхгүй байгаа нь үнэн. Нийслэлийн бүх дүүргийн цагдаагийн хэлтэс өөрийн нутаг дэвсгэр дээр амьдарч буй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлдэг. Учир нь тэнэмэл иргэд ахуйн шинжтэй хулгайн гэмт хэрэг хийх нь элбэг байдаг. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм бүртгэл хийдэг.
Н.Нинжээ